Хэвлэл мэдээллийн хэрэгслээр дүүрэн хэрүүл маргаан. Сонины хуудас, телевиз радиогийн нийтлэл нэвтрүүлэг интернет ертөнц тэр чигээрээ хэрүүлээр амьсгалж, атаа жөтөөгөөр ундаална. Болж бүтэж байгаа зүйл нэгээхэн бээр ч үгүй. Бүгд л болохгүй бүтэхгүй. Хардлага сэрдлэгээр эхэлсэн маргаан заналхийллээр дуусна. Төрийн түшээд, Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын кабинетийнхэн бүгд хулгайч луйварчид. Хэвлэл мэдээллээр баахан нүдэж байгаад л гудамжиндаа гараад жагсана. Бүүр мэргэжлийн жагсагч, цалинждаг дагалдан баясагч нар хүртэл бий болсон. Галдан шатаана, заналхийж сүрдүүлнэ. Эцэстээ буу шийдэмдээ хүртэл хүрлээ. Урьдын уужуу тайван, хүлээцтэй монгол хүнээс бараг юу ч үлдсэнгүй.
1
Тал нутагтаа эрх тааваар амьдарч ирсэн өмнөх зууны монгол хүнийг одоогийнхтой харьцуулшгүй өөр болжээ. Нийгэм өөрөө эрүүл бус байгаагаас сэтгэцийн гажиг хий үзэгдэл адил хурдан түгэн тархаж сүүлдээ эдгэшгүй эмгэг болжээ. Нэг сая илүү хүн өвөлдөө утаан дунд, зундаа хог новшны дэргэд ялгаварлан гадуурхал, хүчирхийлэл доромжлол, өлсгөлөн, ажилгүйдэл, албан тушаалын төлөө улайран тэмцэл, гэнэтийн халдлага, архидалтын гүн шоконд байхаар сэтгэл санаа нь яаж тайван амгалан байх вэ дээ. Дээр нь толгой тархи нь байнгын болохгүй бүтэхгүй гэх доромж мэдээллээр угаагдаж байгаа цагт нийгмээ эрүүл саруулаар төсөөлөх арга даанч алга.
1
Хүн болгонд л айдас бий болчихож. Гэр бүл үр хүүхдээ яаж тэжээх вэ, ирээдүйгээ өөдрөг баталгаатай харах олон хүчин зүйлс нь мохоод ирэхээр ийм айдсын үр хөврөл тэртэй тэргүй хогийн ургамал адил өсч төлжинө. Нийгэм бүхэлдээ сөргөлдөөн зөрчилдөөний талбар болон хувирч байгаа өнөөгийн нөхцөлд ямар ч сайн зүйл хийлээ гэсэн туулайн чинээ хар нам дараад буртаглаж байна. Бид толгойноосоо эхэлж өтөж эхэлснээ огт анзаараагүй. Төрийн өндөр албан тушаалын төлөө хэсэг бусаг хүмүүсийн хэвлэлээр хийж буй дайн, улс төрийн байнгын өшөө авалт, халаа солио эргээд дунд доод давхаргадаа өгүүлшгүй их гамшиг тарьж байгаагийн жишээ өнөөдрийн Монголын энэ эмгэнэл.
1
Үндэсний нийт баялгийн 90 гаруй хувийг хэдэн зуухан гэр бүл эзэмшээд нөгөө хэдийгээ бүхэлд нь ядуу давхарга руугаа шидсэн бодлого баримтлаад байгаа нь энэ ард түмнийг ийм уур уцаартай болгосон нь үнэн. Төр солигдоход өөр нэг хэдхэн гэр бүл улсын жолоог атгана. Тавцангаас буусан хэд нь ард түмний нэрийг барьж өшөө хорслоо тайлахаар зүсэн бүрийн арга сэднэ. Тоглоомын хүү олон арваараа тэдний байнгын тулаанд эрсдэж ноён, бэрсүүд дараагийн бялуу хуваалтандаа бэлдэнэ. Ахиад дуусашгүй тэмцэл. Уг нь тэд соёлтой маргаан, өрсөлдөөн өрнүүлж нийгмийн сэтгэлзүйгээ төлөвшүүлж байх учиртай. Гүтгэсэн, доромжилсон үйлдэл бүрийнхээ өмнөөс хариуцлага хүлээх зүйл заалт хуулинд бий шүү дээ. Гэтэл манай томчуул хээвнэгхэн нэгнийгээ намнаж орхино. Батласан хуулин дээр гишгэж байгаад л нэг нэгнийхээ толгой руу шүлсээ хаяна. Аав ээж нар нь нэг нэгнээ ингэж намнаад байхаар үр хүүхэд нь болсон олон нийт дуртайгаа хийж болох юм байна гэсэн сэтгэхүйтэй болно.
1
Цөөхөн монголчууд бие биенээ хайрлан энэрч, хүндэлнэ гэсэн сэтгэлгээ ингэж алдагдсан юм. Нийгмийн шударга бус байдал, дарамт шахалт, гэр бүлийн таагүй орчин, архидалт мансуурлаас үүдсэн гэмт хэрэг жил дараалан геометр прогрессоор өсөх болов. Хүний ой тойнд орохооргүй хүнд гэмт хэргүүдийн цаана энэ бүх учир шалтгаан байгаа гэж сэтгэлзүйчид дүгнэж сануулсаар атал төрөөс авч байгаа арга хэмжээ гэж даанч алга. 90 оны хувьсгалаас өмнө жилдээ арав хүрэхгүй хүн амиа хорлодог байлаа. Гэтэл өнөөдөр 560-д хүрчихээд байна. Тэгээд дээр нь мянган хүн тутам дахь сэтгэцийн гүн өөрчлөлттэй нь 19 хувь, сэтгэл хямралд автагдахад нэн ойрхон 43 хувь гээд нэмээд тооцоорой. Ямар айхтар хий үзэгдэл улс орныг нөмрөөд байна вэ төвөггүй төсөөлж болно.
1
Орой үдшийн цагаар баар, цэнгээний газраар ороод үзээрэй. Арван хэдхэн настай охин, жаалхүү архи тамхинд мансуурчихсан суух нь хэвийн үзэгдэл. Мансуурч солиорсон хүн юуг ч хийнэ шүү дээ. 7 дугаар сарын 1-ний хэрэг явдлын үеэр МАХН-ын төв байрны доорх архины дэлгүүр, баарыг хоосолсон залуус ямар хэрэг өдүүлсэн билээ дээ. Нийгмийн доторх хэсэг бүлэг хүмүүс бус бүхэлдээ байдал эвгүйтээд байна. Сэтгэлзүй нь доройтож, өшөө хорслоор сэтгэл нь бялхсан хүмүүс ямар хөгжил дэвшлийг авчрах юм бэ.
1
Асуудлыг одоо л шийдэж эхлэх хэрэгтэй. Нийгмийн сэтгэлзүйг эмчлэх сэтгэл судлаачийг олноор нь бэлтгэж гаргах, төр засгаас шат дараалсан алхмуудыг яаралтай хийх, хэвлэл мэдээллийн хэрэгслээр хэн нэгнийг гутаан доромжилж нэр төрд нь халдсан тохолдол бүрт хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх, ЕБС-иудын сургалтын хөтөлбөрт бие хүн төлөвшиж, нэг нэгнээ хүндлэхүйн учир шалтгааныг тайлбарласан хичээлийг түлхүү оруулах гээд хийх ажил их байна. Эрүүл монгол хүн бол монголын хөгжлийн баталгаа, баялаг. Энэ баялаггүйгээр энэ үндэстэн тунчиг амархан мөхнө гэдгийг хаа хаанаа ухаарах цаг нэгэнт болсон.
1
Н.Бадамжав