Засгийн газрын зүүн талд нэг байшин бий. Сурталчилгааны том самбаруудын ард нуугдсан энэ балгас цөөнгүй хүнийг торны цаана аваачсан. Хууль бус хувьчлалаар завшигдсан, үнэгүйдсэн гэсэн шуугиан дэгдээсэн «Улаанбаатар таймс» сонины байр. Энэ нь явсаар ерөнхийлөгч асан Н.Энхбаярын нэр дээр хаяглагдсан луйвар болж хувирсан.
1
Харин шинэ оны босгон дээр энэ балгасаас салж төрийн яамдын төвлөрсөн ордон болгох Ерөнхийлөгчийн зарлиг гарсан. Монгол Улсын Ерөнхийлөгчийн шинэ оны 01 тоот зарлиг нь төрийг хэмнэлттэй, үр ашигтай горимд шилжүүлж эдийн засгийн харилцаанд иргэдтэйгээ ижил тэгш оролцох, тэдэнд тулгардаг бэрхшээлийг нэгэн адил үүрэх, улмаар энэ нь төрийн бодлогод нөлөөлдөг байх нөхцөл бололцоог бүрдүүлэхийг Засгийн газар, Улаанбаатар хотын удирдлагад чиглэл болгосон агуулгатай байлаа.
1
Энэ зарлигийнхаа хүрээнд Засгийн газрын зүүн талд буюу Улаанбаатар хотын төвд хашаагаар хүрээлүүлэн 10 гаруй жил балгаслан байгаа хуучин хэвлэх үйлдвэр буюу «Улаанбаатар таймс» сонины байрыг нурааж, буурин дээр нь 20-оос дээш давхартай орчин үеийн барилга барих үүргийг Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл хоёрт үүрэг болгосон.
1
Үүрэг бол үүрэг үүнийг биелүүлэх бэлтгэл ажил эхэлжээ. Эхлэнгүүтээ бас л ухаалаг бус алхам хийж балгасыг хаяалан байгаа албан газар аж ахуйн нэгжүүдийн байр савыг шохоорхон аль нэг тийш зай тавьж байраа суллаж өгөх үү гэж эелдгээр асуусан юм байх. Албаны хүний өгч буй тайлбараар бол энэ нь шинэ цогцолбор барихын өмнөх төлөвлөлт судалгааны түвшинд хийж байгаа асуулга юм шиг билээ. Та нар гараарай газраа өг, юмаа боож баглаарай гэсэн хүн одоохондоо байхгүй. Гэхдээ төрийн албаны хүн орон байрных нь байр хундаамыг хэмжиж сонирхоод эхлэхээр төр дээрэм хийх гэж байна гэх хардлага бий болох нь зүй. Одоо хашаан дотроо хоёр машин арай гэж зөрөх энэ хашаанд бөөрлөн шахцалдсан Зууны мэдээ сонин, Хас банк, Таван богд плаза зэрэг байгууллагууд яг хамар дээр нь 20 давхар барилга зүгээр мөрөөрөө босчихгүйг мэдэж байгаа. Яах бол гэсэн хүлээлт үүснэ. Хамгаалалт хийх сэтгэл зүй бий болно.
1
Барилга барих бэлтгэл ажлын хүрээнд Нийслэлийн өмчийн газраас нэг мэргэжилтэн ирээдүйн хөрш болж болох байгууллагуудаар зочилж газрыг нь сонирхож байгаагаа хэлж үнэ асуусан байна. Энэ нь яах гээд байна гэж өндөлзөөд эхэлчихсэн байсан байгууллага аж ахуйн нэгжийг бэлэн байдал зарлуулсан бололтой зарим нь мэдэгдэл эсэргүүцэл гаргаж эхэллээ. Нийслэл энэ байгууллагуудтай зөвхөн газрыг нь авах тухай салгаж ярих боломжгүй. Дээр нь байгаа барилга обьектийн асуудал тавигдана. Одоо 20 давхар цогцолбор барилгын зураг 3 янзаар гараад байгаа бөгөөд аль ч хувилбарт тойрон байгаа барилгуудыг үлдээх төсөөлөл байхгүй байгаа гэж балгасын хөршүүд хардаж байна.
1
Тус тусдаа байхдаа гаднаа зогсоолгүй иргэдийг чирэгдүүлж бухимдуулж байгаа яамд нэг барилга дотор бөөгнөрөөд ирэхээр наад зах нь яаж машинаа багтаах уу гэдэг асуудлыг зураг буулгагч нар тооцож байгаа. Доошоо ухаад парклаад хэдэн машин орох уу, гаднаа хэдийг хаших уу гээд. Зөвхөн энэ тооцоолол, нөхцөл дээр алдахад л өнөөх Ерөнхийлөгчийн зарлигийн үндэс болсон төрийн үйлчилгээ шуурхай болох, эдийн засгийн хэмнэлттэй болох зэрэг нь утгаа алдаж эхэлнэ. Гэтэл цогцолбор барих сууринд нь бөөрлөөд хувийн өмч барилга обьектууд байж байна.
1
Энэ асуудалд хөндлөнгөөс оролцож тэгвэл зөвдөнө, ингэвэл хөнгөднө гэж хошуу дүрэх нь илүүц биз. Хуультай хувьчлалтай ардчилсан оронд асуудал эрх тэгш шийдэгдэнэ гэж найдья. Урьд бол төр заримдаа ийм асуудалд муйхарладаг нэг бол хуурдаг арга барилтай байсан тал бий. Харин одоо ухаалаг шинжийг олж буй төрийн яамдын цогцолбор босох талаар яригдаж байгаа болохоор ухаалаг шийдэл яаж гарахыг харцгаая.
1
Пүрэвжавын Баярхүү /тоймч/
Уншиж байна |