Нэг талдаа Сократ юу ч үгүй хүн байжээ. Түүний гар бичмэл гэж байсангүй. Өөрийн гэх сургууль байсангүй, өвөрмөц онол сургаал бас боловсруулаагүй. Гэлээ ч түүнийг оюун ухаан, сэтгэлгээний тамирыг шавхагч философийн нэгэн том төлөөлөгч гэж зөвшөөрдөг.
5
Тэрбээр манай гараг дээр ХТӨ 5-р зуунд амьдарч байсан. Залуудаа тэрбээр байгаль шинжлэлийн философи судалж ертөнцийн мөн чанарын талаар янз бүрийн тайлбар хийж байж байгаад хожим нь хот улсын бодлого зүй, ёс зүйтэй холбоотой амьдралын асуудлын хөндөх болжээ. Тэр уйгагүй асуулт тавигч шалгаагч байж. Хэн нэгний хэрэглэж байгаа ойлголт дэвшүүлж байгаа санааны талаар тал бүрээс нь асууж шалгаах нь түүний хувьд философидож байгаа хэрэг юм. Энэ аргыг нь түүний философид хийсэн гол зүйл гэж үздэг. Сонирхож буй асуудлынхаа талаар олон талаас нь байнга асууж шалгаан, хүний бодол санааг шалгах шинэ аргыг Сократ бий болгожээ. Үүнийг нь Сократын буюу Диалектик арга хэмээдэг байна. Диалектик гэдэг нь эсрэг тэсрэг үзлүүд хоорондын диалог холбоотой байна гэсэн утга илэрхийлдэг. Түүний эрс шулуун өдсөн мэт асуулт тавьж түүнээс маргаан өрнүүлэх нь бусад номлогч нарт тийм таатай байгаагүй тул тэрбээр олон дайсантай болсон байж. Явсаар түүнийг Софист буюу хүнийг үгээр хуурч төөрөгдүүлэхийн тулд маргаан өрнүүлэгч, өв уламжлалд дайсагнасан үзэл санаагаар залуу үеийнхний толгойг эргүүлж байна гэж буруутган цаазаар оноох ялд унагаажээ.
Амьдралын талаар асууж шалгах нь түүний гол “хобби” байж. Түүний диалектик арга нь хүмүүсийн мэдлэгт суурилж буй хуурамч ойлголтыг асууж шалгаасар ил болгодог арга байлаа. Түүний хоржоонтой энгийн бус асуултууд нь бусдынх нь эгдүүцлийг тун их хүргэдэг байсан ба зарим тохиолдолд асуултад ороогдож унасан хэд нь нийлж байгаад зодож нүддэгч байсан гэдэг.
Улс төрд бас жинтэй хэдэн үг үлдээсэн байдаг тухай шавь нарынх нь бичвэрт үлджээ. “Зөвхөн мэдлэгтэй хүмүүс л хаанчлах ёстой” гэж тэр байнга хэлдэг байж.
Сократыг дарангуйллыг буруутгадаг байсан ба сайн сайхан амьдрал гэж юу болохыг авч үзэж байсан гэжээ. Түүнийхээр сайн сайхан амьдрал нь нийгмийнхээ ёс зүйд захирагдахаас илүүтэй зөв зүйл хийснээр оюун санааны амирлангуйд хүрэх явдал ажээ. Хүнд ухаан мэдлэг хоёр дутагдсанаас муу зүйлийг үйлддэг. Эндээс ганц сайн зүйл нь мэдлэг, ганц муу зүйл нь үл мэдэхүй гэсэн дүгнэлт хийж байж.
5
“Ганцхан л бурхан бий. Тэр бол мэдлэг. Бас ганцхан л буг бий. Тэр бол харанхуй бүдүүлэг явдал” . Энэ үг нь түүнийг цаазын ялд авчиржээ. Буруутгалын гол үндэслэл нь шашингүйн үзэлтэй ба үүндээ залуусыг уруу татсан гэсэн тайлбар. “Сократ нь хот даяараа шүтэн дагадаг бурхадыг хүлээн зөвшөөрдөггүй, ондоо шинэ бурханы номыг түгээдэг. Залуучуудыг замбараагүй зүйлд уруу татдаг. Тиймээс цаазаар авбаас зохилтой” хэмээгээд санал хурааж цаазалсугай гэжээ. Сократ өрийг нь хүчээр ялагч нарт хандан сүүлийн үгээ хэлсэн байдаг .
-Миний хувьд үхэж эндээс явах цаг болжээ. Харин та нар үргэлжлүүлэн амьдрахаар үлдлээ. Ингэлээ гээд та нарт юу нь сайн болохыг бурхнаас өөр хэн ч үл мэднэ ... амьдралын талаар юу ч мэдэхгүй явснаас үхсэн нь дээр гээд үхлийн хорыг шимсэн байдаг.
Тухайн үед Сократын гэм буруутай эсэх талаар 500 хүн санал өгснөөс 280 нь цаазлахын төлөө “кноп” дарсан гэдэг. Бодвол түүний эрс шулуун асуултад унаж өөрсдийгөө ичгэвтэр доромжлол үзлээ гэж хорсож явсан хэсэг олонх болсон байх. Гэхдээ Сократ өөртөө болон өрөөлд цэцэрхэх бус харин бусдын үзэл санааг дэлгэн нээх явдал гол гэж үзэн үүнийгээ харилцан яриа маргаан болгон өрнүүлэх нь зөв арга мөн гэсэн үзлээсээ ухраагүй байна. Тэрбээр цуврал асуулт тавих замаар ярилцагчийнхаа бодол санааг нээж мөн дотоод зөрчлийг ил болгож үүгээрээ дамжуулан өөрсдөөр нь шинэ дүгнэлт гаргуулдаг байж. Энэ арга нь хожмоо Философи сэтгэлгээнд том өөрчлөлт авчран Индуктив үндэслэгээ буюу нөхцөл үнэн бол дүгнэлт үнэн байдаг гэсэн аргачлал болон хөгжжээ.
Сократ өөрийгөө “Би бол дэлхийн иргэн” гэж хэлсэн. Дэлхийн иргэн маань нэгэнтээ “харанхуй амьдрал бол үнэ цэнэтэй зүйл биш” гэж хэлсэн ба харанхуй хүмүүсийн дундаас үүрд явахаар шийдэн цаазын хор уух сонголтыг хийжээ. Тэр цөллөгийг сонгож болох байсан гэдэг.
5
П.Баяр
Уншиж байна |