“Ноён Баттулгын сургалтын төлбөр 61.5 мянган ам.долларыг шилжүүлэв ээ” гэсэн санхүүгийн баримт Эрдэнэт үйлдвэрийн санхүүд байсан гэнэ. Яаж яваад сонгуулийн хорооны экс даргын боловсролоо дээшлүүлэх асуудалд Эрдэнэт үйлдвэр онцгой анхаарах болсон учир чанцанг тайлж хэлэх юм алга. Ерөөсөө төрийн өмчит компанийн мөнгө нэг иймэрхүү замаар гараад явчихдаг гэдгийг харуулсан хэрэг гэж болно.
:
СЕХ-ны дарга асан Баттулга, төрийн өмчийн хорооны газрын дарга асан Сүхбаатар нарын зэрэг хаа хамаагүй экс дарга нар Эрдэнэт гэдэг саалийн үнээний хөхөнд нь хувингаа зүүж 60 мянган долларыг гадаадад сурна гээд саачихжээ. Эрдэнэтийн хувьд эрт урьдынх нь 500 орчим тэрбум төгрөгийн шахааны бизнесийн асуудал нь ил болж, тэр агуулахын хогоор нь музей байгуулах тухай яригдсан. Энэ нь одоо нэг намжиж цэгцрэх, засрах замдаа орж тэрбум орчим төгрөг болж буурсан гэж магтагдаж байгаа юм. Харин захирлуудын тансаглал нь тансаг хэвээр байгаа юм байна. Компани нь алдагдалд ороод байхад зөвлөлийн гишүүд дарга нарыг 260 сая төгрөгөөр шагнаж урамшуулсан гэнэ. Мөн ерөнхий захирал 60-70 мянган долларыг хүлээн авалт бэлэг сэлт тансаг хоол зуушанд зарцуулсан зөрчил ч байгааг эх сурвалжууд мэдээлсэн. Энэ мэт байдлаар төрийн өмчит компаниудын 70 орчим хувь нь алдагдалтай ажиллаж байгаа гэсэн гол харлуулсан тоо байна.
.
“Багануур”, “Шивээ-Овоо”, “МИАТ”, Цахилгаан тээвэр, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”, Хөтөлийн “Цемент-шохой” гээд бид таньдаг хүн шигээ нэрийг нь мэдэх болсон төрийн өмчит компаниуд бараг бүгд л алдагдалтай асуудалтай байдаг.
.
“...Төрийн өмчийн хорооныхон тухайн хүнийг захирлаар томилохдоо ажлыг яаж сайжруулах, сайжруулаагүй бол ямар хариуцлага тооцохоо гэрээнд тусгадаггүй. Үүнээс болж хэн нэгний шахааны хүн сонгуулиас сонгуулийн хооронд ажиллаж, өөртөө болон “өртэй” хүмүүстээ ашиг оруулдаг байж таарахгүй.” Энэ үгийг Ерөнхий сайд төрийн өмчит компаниудын удирдлагатай уулзаж “жавтий” хүртээхдээ хэлсэн. Энэ үгэнд нь нэг том фокус байгаа нь томилгоо ба гэрээний хариуцлагын тухай асуудал. Нэг төрийн компани зөрчил дутагдалтай ажилласныг аудит тогтоожээ гэсэн мэдээний ард ингэж хариуцлага тооцжээ гэсэн үг өгүүлбэр нь гээгдсэн мэт алга болно. Хариуцлага алдсан, төрийн өмчийг үнэгүйдүүлсэн, түүнийг нь тогтоосон гээд байхад хэргийн эзэд дуртай дургүй ажлаасаа халагдаад өнгөрдөг хараа үзээтэй газар бол төрийн өмчит компаниуд.
.
Ухаалаг ч бай, урагшгүй ч бай төрийн өмч нийлсэн компани алдагдалтай харин захирал, тойрон хүрээлэгчид нь ашигтай ажилладаг жишиг нэгэнт тогтсон байна. Ерөнхий сайдын төрийн өмчийн томилгооны гажуудал бугшааг илчилсэн дээрх мэдэгдлийн ард өнөө хэд нь засарч цэгцэрсэн үү гэвэл бараг үгүй. Өөрсдийгөө шагнаж, нэг бол буруу зөрүү гэрээ хэлцэл хийж компаниа алдагдал торгуульд оруулчихаад толгойгоо маажаад л өнгөрч байгаа нь хэвээр.
:
Төрийн өмчит компани алдагдал хүлээсээр байхад л өнгөрсөн жилүүдэд ерөнхий сайдуудын шууд команд дор төрийн өмчит үйлдвэр, компаниуд олширч алдагдалтай ажилладаг гэсэн жагсаалт руу шилжээд байгааг иргэд гайхаж байна. Эцэст нь тэд алдагдлаа яаж нөхөж байна гэхээр төр өөрийнхөө өмчийг дампууруулахгүйн тулд татвар төлөгчдийн мөнгийг тухайн компанидаа шингээх юм уу, үнэ нэмж тогтоох аргачлалаар хааж байна. Явсаар үүнд нь иргэд л чирэгдэж байгаа гэсэн шүүмжлэл бодитой юм. Багануур гэхэд нүүрсний үнийг л нэмэхгүй бол алдагдал хэвээр байна гэж хошуугаа унжуулж ерөнхий сайддаа эрхэлж байсан.
:
Манай орны хувьд эдийн засгийн хямрал дээр засаглалын хямралд гүнзгий нэрвэгдчихээд байгаагийн хар сүүдэр их. Үүний нэг үр дагавар нь төрийн өмчит компанийг сонгуулийн шагнал болгож бизнесийн бүлэглэлд бяслаг болгон тавьж өгсөөр ирсэн явдал.
:
Гэмээ гэнэт ухаарсан төр хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийг чуулганаар оруулж баталсан. Энэ хуулиар иргэд төрийн өмчит компаниудын хувьцааг нь худалдаж авах эхлэл тавигдана гэж төрийн түшээд амалсан. Энэ бол төрийнхөн зөв зүгт мөрөө гаргаж буй хэрэг мөн байх. Ухаалаг төр болж олон зүйлийг засна залруулна гэж амалж байгаа. Үүнд төрийн өмчийн ашиглалт зарцуулалтыг тунгалаг шилний цаанаас харагддаг болгох, төрийн өмчийн компаниудын үйл ажиллагааг олон нийтэд нээлттэй байлгах, хяналтыг бий болгох дээр бодлого зангидах ёстой гэж үзэх улстөрчид олонх болох хэрэгтэй байгаа юм. Зарим төрийн өмчийн хувьцааг нь иргэдэд худалдах арилжих эрх зүйн орчин бий болгосон ч хэрэгжүүлэх арга бодлого нь зөв гарсан тохиолдолд үр дүнгээ өгнө.
:
Эрх баригчид үнэхээр ухаалаг болж үрэлгэн гараа төрийн өмчөөс татаж авья гэж байгаа бол өөрийн харьяаллын тодорхой өмчүүдээсээ татгалзах хэрэгтэй гэж байгаа олны дуу хоолойг сонсох ёстой. Төр компаниудаа хувийн хэвшлийнхэнд өгөх нь сул өмчөө хар гартнуудаас салгаж авах хамгийн зөв арга ч байж болох юм. Төрийн өмчит компаниудыг хувьцаат болгон нийтэд эзэмшүүлснээр хөгжлийн хөлд чаргууцалдах нэг чөдөр сулрана гэж эдийн засагчид зөвлөж байгааг уламжилья.
:
60 мянган ам.доллароор хаа хамааралгүй сонгуулийн хорооны экс даргыг гадаадад сургаад байж байх үрэлгэн гартай хувийн компани хаана байна. Зах зээлийн нийгэмтэй хэрнээ социалист өмчтэй оронд бид амьдраад байна. Өнгөрсөн онд төрийн өмчит 14 компани алдагдалтай ажилласан бөгөөд алдагдлынх нь хэмжээ 50 тэрбумд хүрсэн гэснийг сануулья.
:
Пүрэвжавын Баярхүү /тоймч/