Н.Энхбаярын цэргүүд намдаа гишүүн элсүүлэх гээд ёстой шараа болж байна аа. Тооноос чанар гэгчээр долоо хоног бүрт л 200, 700-гаар нь гишүүн элсүүлнэ, элсүүллээ гээд зарлаад байдаг. Хачир дээрээ тав, аравхан хүн л намын батлах авч байгаа харагддаг. Угшил нэгтэй МАН-аас нь гишүүд бөөн бөөнөөрөө, тэр дундаа олны танил од, улстөрчид элсэж байна гээд байдаг. Атал тус намд элсэх нэр нь явж байгаа ганц нэг олны танил эрхэм, эсвэл улстөрч нь “Би МАХН-д элсээгүй” гэж албан ёсоор өөрсдөө тайлбар хийчихдэг. Энэ амралтын өдрүүдэд МАХН-ын дэд дарга, генсек, нарийн бичгийн дарга нар лав Солонгосыг зорьж намын даргадаа бангадуулах биз. Энэ долоо хоногт тус намд элссэн гэх 200 эрхмээс Олимпийн медальт, Монгол Улсын гавьяат тамирчин С.Батцэцэг “Би МАХН-д элсээгүй. Намайг тэр хавиар явж байхад гэнэт нэр дуудаад гишүүний батлах гардуулсан” гэжтайлбар хийлээ. Өөрөөр хэлбэл, МАХН-ын удирдлагууд хүний эрх, эрх чөлөөнд халдаж, намдаа элсүүлэх тулган шаардлагыг зохион байгуулалттайгаар үйлдсэн байна.Хүний эрх, хууль ярьдаг манай улсын хувьд энэ нь зохион байгуулалттай, бүлэглэсэн гэмт хэрэг болжээ. За тэгээд Солонгост эмчлүүлж, бие нь илааршиж байгаа МАХН-ын дарга Н.Энхбаярын эмчилгээ ч энэ долоо хоногт “будаа” болоо биз. Цэргүүд нь энд ажлаа хийж чадахгүй, хөгөө чирч байхад удирдагч хүн яаж сэтгэл амар тайван байх билээ. Эмчилгээнд эмийн хүч байдаг ч сэтгэл санааны байдал маш их нөлөөлдөг.
.
Ер нь МАХН-ынхан гишүүн ялангуяа олны танил, нэр нөлөө бүхий улстөрчдийг элсүүлэхдээ тохиролцож л чадахгүй байна даа. Манай улс зах зээлийн нийгэмд шилжээд хамгийн түрүүнд амьдралд, өдөр тутмын хэрэглээндээ хэрэгжүүлсэн зүйл бол тохиролцоо. Дэлгүүрийн лангуун дээрээс үнийг нь хараад, нааш цааш хэлбэлзүүлэхгүйгээр тооцон авдаг байсан социалист хүмүүжлийг халж, ардчилсан, эрх чөлөөт нийгмийг мэдрүүлсэн зүйл бол “Тохиролцооны дэлгүүр”-үүд байлаа. Аав ээжүүд маань аливаа зүйлийг худалдан авахдаа худалдагчтай нь ярьж, үнийг нь бага зэрэг хямдруулан авсан бараандаа хичнээн сэтгэл хангалуун байдаг байсан гээч тэр үед.
.
Цаашлаад энэ тохиролцоо бараа таваарын худалдаанд төдийгүй албан тушаал, улс төр гээд хүрээ хүрээндээ хөгжсөөр одоо дээд түвшинд далд хэлбэрээр хөгжиж хүчээ авсан. Тэр ч байтугай айл гэр болохдоо хүртэл тохиролцож байсан юм шүү. Хүмүүс санаж байгаа байх, төрөөс гэр бүлийг дэмжиж “анх удаа гэр бүл болж байгаа хосод нэг удаагийн дэмжлэг болгон 500 мянган төгрөгийг олгоно” гэсэн УИХ-ын шийдвэр гарч, Засгийн газар хэрэгжүүлсэн. Энэ 500 мянган төгрөгийг авахын тулд залуус хоорондоо тохиоролцон “Хоёулаа энэ мөнгөө яг тэнцүү хувааж авна шүү” гээд л гэрлэлтээ батлуулж байлаа. Дараагийн парламентын үед нь гэр бүл салалт ихэссэн. Учрыг лавлатал тохиролцоогоор гэр бүл болсон залуус баталгаагаа салгуулахаар шүүх рүү цуварсан сураг дуулддаг юм.
.
Улс төрийн хүрээнд байдаг өч төчнөөн тохиролцооноос хамгийн ойрын жишээг дурьдахад Д.Арвин гишүүнийг онцолж болох биз. МАН-аас нэр дэвшигч Д.Арвин УИХ-ын гишүүнээр сонгогдоод л АН-д элссэн. Өөрөөр хэлбэл, Д.Арвин УИХ-ын гишүүн болж, АН парламент дахь суудлаа нэгээр нэмсэн. МАХН-ын хувьд угшил нэгтэй МАН-аас нөлөө бүхий улстөрчдийг элсүүлэх сонирхол, хүсэл эрмэлзэл их байдаг. Тэр дундаа Б.Бат-Эрдэнэ гишүүнийг намдаа элсүүлэх гээд өнөөг хүртэл чадахгүй л байна. Олимпийн медальт С.Батцэцэгтэй тохиролцож чадаагүй намынхан аварга гишүүнтэй тохиролцоно гэдэг юу л бол.
.
Б.Бат-Эрдэнэ гишүүн МАХН-д элссэнээр тухайн намд парламентын суудлыг нэгээр нэмээд зогсохгүй нэр нөлөө нь дээшилнэ гэдгийг Н.Энхбаярынхан сайн мэдэж байгаа. Магадгүй Б.Бат-Эрдэнийг МАХН-д элсүүлэх санал намын даргынх нь “тушаал” ч байж мэднэ. Учир нь өнгөрсөн сонгуулиар Б.Бат-Эрдэнийг Ерөнхийлөгчид нэрийг нь дэвшүүлэх саналыг анх МАХН-ын дарга Н.Энхбаяр гаргасан гэдэг. Хэдийгээр Ерөнхийлөгчөөр сонгогдоогүй ч тэрбээр маш цөөхөн хүний саналаар ялагдал хүлээж, аман хүзүүдсэн. Энэ нь “Н.Энхбаяр асуудлын эхлэлийг бус эцсийн үр дүнг нь харж шийдвэр гаргадаг улстөрч” гэдэг ажиглагчдын дүгнэлтийг баталж буй биз. Н.Энхбаярын хувьд Б.Бат-Эрдэнийг төдийгүй Ц.Нямдоржийг ч намдаа татах холын санаа байдаг байх. Гэвч Ц.Нямдорж шазуур зуугаад элсэхгүй л болов уу.
.
Харин МАХН-ынхан Б.Бат-Эрдэнэтэй тохиролцоонд хүрч чадахгүй өнөөг хүрлээ. Үнэндээ Б.Бат-Эрдэнэ бол МАН-ын ахмад гишүүн Ц.Шаравдорж биш. Басхүү өнөөдөр бол анх удаа улс төрд үзэн, биен даан нэр дэвшиж Хөвсгөлөөс сонгогдсон Л.Гүндалайд АН-ынхан дэд даргын суудлаа инж болгон барьж байсан 2000 он ч биш. Үнэндээ Монгол Улсын даяар дуурсагдах далай даян дархан аварга, Монгол Улсын Их хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэд МАХН дэд даргынхаа албан тушаалыг амласан ч жульдах биз ээ.
.
Ийнхүү МАХН-ынхны улс төрийн тохиролцоонд бэл бус бяр дутаад байна уу даа.
.
Н.Жаргалан