Зөгийн үүр гээд лужир том хөтөлбөр сүр дуулиантай зарлагдсан хэрнээ дуутай тэнгэр хургүй гэгчээр тэгс ингэсхийгээд намжив. Хүн хэцүү цаг үед эх орноо хаяад явсан өөдгүй монголчууд гэж сүүлийн үед өвөр зуураа ярилцах болов. Сүүлийн хорин жилд 200 гаруй монгол зөгийнүүд эх орон руугаа хэдэн зуугаар тооцогдох хөрөнгө оруулалт хийжээ. 2000 онд 22,4 сая доллар буюу ДНБний 2.0 хувьтай тэнцэх хэмжээний хөрөнгө оруулалт хийж байсан бол 10 жилийн дараа энэ үзүүлэлт 247,9 сая долларт хүрч ДНБ-ий 4.0 хувьд хүргэж чадсан байх юм. Сүүлийн жилүүдэд уул уурхайгаас олох улсын орлого нэмэгдснээр ДНБ-д ноогдох хувь багассан ч гэлээ гуупд хөрөнгө оруулалт 406.6 сая ам долларт хүрсэн статистик байна. Ах дүү амраг садан, үр хүүхдүүддээ явуулж байгаа энэ их хөрөнгө мөнгө шууд хөрөнгө оруулалт болон шингэсэн. Дийлэнх нь буюу 60 гаруй хувь нь байр орон сууц, 20 орчим хувь нь үйлчилгээний газруудын санхүүжилт, үлдсэн нь иргэдийн ахуй амьжиргаанд шууд шингэжээ. Хүний газар гүний хошуунд үүрийн гэгээнээс үдшийн бүрий хүртэл борви бохисхийлгүй ажиллаж, бусдын эрхэнд хүссэн ч хүсээгүй ч оногдсон ажлаа хичээж хийж зүтгэн байж энэ их хуримтлалыг эх орон руугаа илгээсэн. Монгол улсын айл өрх бүхний нэгээс дээш гишүүд ийм боолын хөдөлмөр эрхэлж улсынхаа эдийн засгийг сэргээх гэж нэргүй албанд зүтгэж явна.
5
Монгол хүний унаган нэг араншин бий. Хэзээ ч ар гэр амраг саднаа хөсөр хаяж яваагүй сэтгэлгээ. Дээр нь нутаг усаа бэтгэртлээ санана. Зөгийн үүр хөтөлбөр амжилттай хэрэгжсэн бол гадаад дахь монголчууд дийлэнх нь эргээд нутгийнхаа нууранд бууж сурсан мэдсэнээ харамгүй зориулах байлаа. Харамсалтай нь зүгээр л хошгируулалт байж. Сүүлдээ бүр тэднийгээ ад үзэх хандлагатай. Хэрвээ төр тэднийгээ ажиллаж амьдарчих аятайхан бололцоо нөхцлийг хангачих юм бол хэн ч цаашаа гэхгүйсэн. Бидэнд мэргэжилтэй ажилтан, боловсон хүчин ус агаар шиг хэрэгтэй байна. Өнөөдөр хөгжилтэй орнуудын техник технологитой танилцаж мэргэжил эзэмшсэн 200 мянган хүн бүхий энэ том арми монголын хөгжлийн түүчээ яах аргагүй мөн. Харамсалтай бид ашиглаж чадахгүй сууна. Харин ч бүр адлах маягтай. Гэтэл тэд маань гадныхныг бишрүүлж байна. Солонгост хараар ажиллаж байгаа ямар ч монгол хүн хөдөлмөрийн бүтээмжээрээ араб, хятад, филиппин, оросуудаас хол илүү гэж магтана. Монгол хүнийг ажилд авахдаа ч сайн байдаг тухай бишгүйдээ л сонслоо. АНУ, Европын холбооны улсуудад ч монгол хүний хөдөлмөрийн бүтээмж, оюун сэтгэлгээний хурдыг шагшин гайхаж байна.
5
НҮБ, Дэлхийн Банк, Азийн Хөгжлийн Банк тус бүрд олон монгол залуус алба хашиж, Майкрософт, Apрle, Фейсбуук, Intel тэр байтугай АНУ-ын Ерөнхийлөгчийн мэдэлд байдаг "Марина" арми гээд мэдлэг оюун, бие бялдар, ажлын ачаалал даах чадвараараа гайхуулж байна. Харвард, Сиэтл, Оксфордын дугуй зааланд монгол залуу эрдэмтэн лекцээ уншин, дэлхийн алдар хүндтэй театруудад монгол хүү балет бүжин, монголт охин Кармены хундагны дуу хадааж, морин хуур, хөөмийн аялгууг өрнийн бүүдгэр тэнгэр дор эгшиглүүлж явна. Гайхамшиг биш гэж үү. Аль сорууд гадагшаа гараад хэдэн архичин нөхдүүд нь монголдоо үлдэж улсаа нураагаад байгаа юм биш. Монгол хүн болгон ийм оюуны болон бие бялдарын асар их нөөц чадавхитай. Гол нь тэр бүгдийгээ нээж үзүүлэх монголын нөхцөл байдал нэг л биш байгаад хэргийн учир оршиж байгаа юм. Төр боломжийг нь бий болгож чадахгүй, хөдөлмөрийн бүтээмжийг нь гүйцэт үнэлэхгүй байгаад олон залуусын маань урам нь хугарна. Зөгий үүрэндээ элэгтэй баймаар байна. Үүрийг нь аятайхан засчихсан байхад ирдэггүй зөгий гэж нэгээхэн бээр ч үгүй. Хөгжлийн ирээдүй гадна талд хангалттай бэлтгэгджээ.
5
Дайны дараах Япон, Солонгос чухамхүү ингэж л дэлхий даяар зөгийнүүдээ тархаасан. Зөгийнүүдийнх нь 60 гаруй хувь нь эргэж ирсэн ч тэр хүчээр Азийн хөгжлийг тодорхойлж чадсан. Санал асуулгаар монгол зөгийнүүдийн 80 гаруй хувь нь эх нутагтаа ажиллаж амьдрах сонирхолтой гэснээс харахад Монголын хөгжлийн алтан түлхүүр тэдэнд байгаа юм байна гэсэн гэгээн гэрэлт бодол төрнө. Гол нь төр засаг авлига хээл хахууль, намчирхсан хэрүүл маргаан, бизнесийн таатай орчинг бүрдүүлэх хэрэгтэй байна. Тэр цагийг наашлуулах боломжийн хөтөлбөр байсансан Зөгийн үүр. Дан ганц хөтөлбөр санаачлаад зөгий үүрэндээ бал цуглуулан ирэхгүй. Үүр нь тохилог хатгах өргөс багатай л байх ёстой доо.
5
Н.Бадамжав