Газрын тосныхон шатахууны үнэ тарифаа нэмлээ. Засаг төр тоож байгаа ч шинж алга. Өнгөрсөн жил үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд нефть шатахуун импортлогчдын нэмж болзошгүй үнийг 50 төгрөгөөр багасгасан. Энэ хөтөлбөрийн хүрээнд Засгийн газар, Монголбанктай хамтран импортлогчдод 120 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл олгосон. Засгийн тэргүүн 20-40 төгрөгөөр нэмэхэд импортлогч нарт хориглоод байхгүй гэж ам алдсаны өмнөхөн нь зах зээл дээр бензин шатахууны үнэ 90 хүртэлх төгрөгөөр нэмэгдсэн. Сарын гуравхан хувийн хүүтэй 120 сая ам.долларыг нь шатахуун импортлогч нар халаасалчихаад хөтөлбөр дуусангуут л өнгөө хувиргасан нь энэ. Яг л хамелеон шиг. Ганцхан шатахуун импортлогч нар ч биш “Үнэ тогтворжуулах дэд хөтөлбөр”-ийн хүрээнд олгогдсон гурван их наядыг өөртөө шингээсэн гурил будаа, мах махан бүтээгдэхүүн, барилга, орон сууцны өнөөгийн нэмэгдсэн үнэ ханшийг та нэг сонирхоод үзээрэй. Бүгд өссөн үзүүлэлттэй байгаа. Хариулт нь үгссэн юм шиг ам долларын хэлбэлзэл, эдийн засгийн уналтын үр нөлөө гэж хариулцгаана. Лангуун дээрх барааны үнэ статистикчдын гаргалгаанаас хэдэн арван хувиар илүү тооцологдож “Ардын амьдрал сайн байна аа” гэх эрх баригчдын тайлан дүгнэлтэд тусна.
1
Үнэ тогтворжуулах хөтөлбөр дууслаа. Тэтгэвэр тэтгэмж нэмлээ. Ялгаа нь чухам юунд оршиж байгааг хялбархан ойлгож болно. Дууслаа, нэмлээ... Төрөөс мөнгө өгөхгүй болохоор нөгөө хэд нь дураараа нэмнэ. Тэтгэвэр тэтгэмж нэмсний хэрэг даанч байхгүй. Төрийн бодлого ингэж л явж ирэв. Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд багтаж гурван их наяд төгрөгөөр гараа угаасан компаниуд монголын зах зээлийн 60-70 хувийг хяналтандаа байлган монопольдож эрх баригчдыг хүссэнээрээ хөдөлгөсөөр ирлээ. Зах зээлийн хуулийн дагуу эрэлт хэрэгцээн дээр эрүүлээр тоглох хүсэл алга. Бизнес улс төр холилдохоор эгэл жирийн хохирсоор ирсний тод жишээ.
1
Уг нь үе үеийн төр засаг түлш шатахуунаас хамааралгүй байлгахын тулд олон ч төсөл хөтөлбөр санаачилсан ч цаасан дээр үлдсэн. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэнд шууд нөлөөтэй түлш шатахуунаа өөрснөө үйлдвэрлэх гэхээр шатахуун импортлогчдын ил далд янз бүрийн хориг саадыг давж чаддаггүй гэж учир мэдэх нэг нь хэлнэ. Намууд сонгуулиар энэ нөхдүүдээс зардлаа босгодог болохоор хэн нь ч шийдвэртэй алхам хийж чадалгүй тэгс ингэсхийгээд л өнгөрнө. Манай улсын хувьд дотооддоо газрын тосны үйлдвэрлэлийн нөөц тогтоож, олборлогч орон болсноо дэлхий дахинд зарлаад эдүгээ 4 дэх жилийнхээ нүүрийг үзэж байна. Тухайн үеийн мэдээллээс харахад, Тамсагийн сав газарт баталгаат зэрэглэлийн нөөц 333 сая тн, энэхүү баталгаат нөөцөөс байгалийн горимоор олборлож болох ашиглалтын зэрэглэлийн нөөц 36.05 сая тн. Хэрэв газрын тосны олборлолтыг нэмэгдүүлэх хоёрдогч, гуравдагч болон дөрөвдөгчийн аргыг хэрэглэх нөхцөлд энэхүү ашиглалтын нөөц 1.5-2 дахин нэмэгдэх боломжтой гэж салбарын мэргэжилтнүүд үзэж байна. Жилд 1-2 сая тн түүхий тосыг 30-60 жилийн хугацаанд дотооддоо олборлох боломжтой.
1
Өнөөдрийн газрын тосны бүтээгдэхүүний нэг сая тн давсан хэрэглээ ирэх 10 жилд 2-3 сая тн болно. Тэр үед импортлогч нарын тааллаар хандах аргагүй. Хойд хөршийн эх үүсвэрт түшиглэж Дархан хотод байгуулна, харин өөрийн түүхий тосоо өмнөд хөршийн үйлдвэрт боловсруулж үндэсний брэнд бүтээгдэхүүнийг бий болголоо гэхчилэн чамгүй шуугилаа.
1
Өөрийнхөө хэрэгцээг хангах хэмжээний бүтээгдэхүүн хэзээ гаргах вэ гэхээр таг дуугүй. Баригдаж байгаа үйлдвэрүүд ихэнх нь шатахуун импортлогч нарынх. Дарханы үйлдвэр л гэхэд Оросоос газрын тосоо авч нэрнэ. Дахиад л оросуудаас хамааралтай. Нөөцтэй атлаа яагаад Оросоос түүхий эдээ авах гээд байгаа нь бас л ойлгомжгүй. Тамсагийн нефтийг ч ялгаагүй урд нэрж шатахуун болгоод эргээд худалдаж авах жишээтэй. Монголчуудаа ядуурлаас гэтэлгэх сонирхол төр засагт ер нь байна уу.
1
Н.Бадамжав