МАН-ын нэр нөлөө бүхий гишүүд МАХН-д элсэх нь гэсэн мэдээ улс төр, нийгмийн амьдрал аядуухан өрнөж буй энэ өдрүүдэд содон сонсогдов. УИХ-д суугаа МАН-ын хэд бараг бүгдээрээ МАХН-д элсэх шахуу сүртэй эхэлсэн мэдээллийн төгсгөл давсгүй шөл шиг байсанд сонирхогчдын урам хугарсан бололтой. Учир нь МАХН-ын батлах гардуулах арга хэмжээнд нэг ч нэртэй хүн ирээгүй гэнэ. Шууд утгаараа бол бүгд НЭРГҮЙ-чүүд. Өөр утгаараа бол МАН-ын нэр нөлөөтнүүд бус энгийн 200 иргэн МАХН-ын гишүүн болж, батламжаа гардан авсан хэрэг. Үүнийг шоу болгон улс төржүүлээд зогсохгүй Монголд хэн хүнд тооцогддогийг давхар харуулав. Нэр нөлөөтэй сэтэр зүүсэн бол тэр хүн. Харин энгийн жирийн тодотголтой хэсэг бүлэг нь хүн биш. МАХН 200 жирийн иргэнээр хүрээгээ тэлж байгаа нь тус намынханд ч, нийгэмд ч, сэтгүүлчдэд ч сонин байсангүй. Зөвхөн бүгд нэр нөлөөтэй гэсэн тодотголтой нэг, хоёр хүнийг харахыг хүссэн. Бодвол тоо бус чанарыг эрхэмлэсэн юм байлгүй.
1
Уг үйл явдлыг зарим мэдээллийн хэрэгсэл “МАН-аас гарч МАХН-д элсч байгаа нөлөө бүхий гишүүд олон байна хэмээж байсан ч онцлоод хэлчих нэр нөлөө бүхий хүн байсангүй” хэмээн мэдээлж, батлах гардахаар ирсэн 200 иргэнийг хүн гэж тоосонгүй. МАХН-ын удирдлагууд ч намдаа элсэх гэж байгаа нэр нөлөөтнүүдийнхээ нэрийг зарлахаас татгалзав. МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба “Нэртэй улстөрч, олны танил хүмүүс МАХН-ын гишүүнчлэлээ сэргээнэ гэсэн мэдээлэл үнэн бодитой. Гэхдээ энэ хүмүүсийн нэрийг эрт зарлах боломжгүй хэм хэмжээ байдаг” хэмээн тайлбарлав. Нэр төртэй учраас нэрийг нь хэлэхэд ч хүртэл хэм хэмжээ байдаг байх нь. Ард нь олон эрх ашиг байхыг үгүйсгэхгүй ч тэр бүхэн нь мөн л нөгөө нэр нөлөөтэй нь холбоотой. Ийн ганцхан үйл явдлаас Монголын нийгмийн давхаргыг тэр дундаа хэн хүнд тооцогдож, хэн хөсөр хаягддагийг харж болох нь. Мөнгө, эрх мэдэл, нэр нөлөөний өмнө нийт олон тэдний итгэл үнэмшил, үзэл бодол, эрх ашиг бол хог новш л юм байна.
1
Мөн чанартаа бол нийгэм, улс төрийн нам нэр нөлөөтэй хэсэг бүлэг бус нийт олон дээр оршин тогтнодог. Зуун нэр нөлөөтөнтэй байлаа ч улсын бүртгэлийн босгонд бүдэрнэ гэдгээ улс төрийн хүчнүүд мэдэж байгаа. Учир нь улс төрийн нам хамгийн багадаа 801 гишүүнтэй байх ёстой. Харин 801 нэр нөлөөтнөөр намаа бүрдүүлэх тийм ч амархан ажил биш. Тэгэхээр улс төрийн намын хөдөлгөх хүч нь энгийн, жирийн иргэд. Нөгөө үнэ хүндгүй НЭРГҮЙ-чүүд гэсэн үг. Намын гишүүнчлэлийн өчүүхэн бага хувийг нэр хүндтэнүүд бүрдүүлдэг. Бас ихэнх хувийг бүрдүүлж байгаа НЭРГҮЙ-чүүдийн ач гавьяагаар нэр нөлөөтнүүд “төрсөн” гэдгийг мартах учиргүй. 200 жирийн иргэн чухал уу, 2 нэр нөлөөтөн эрхэм үү гэдгийг сонгуулийн үеэр түвэггүй харж болно. Нэр хүндтэй, олны танил, мөнгөтэй л бол намдаа элсүүлэх гэж улайрдаг, түүнийг том үйл явдал хэмээн дэвэргэдэг ч цагаа тулахаар МАХН маниар ч дутна.
1
В.Хэрлэн