Газар нутгийн маань 70 орчим хувь нь цөлжиж байгаагийн дотор 46 хувь нь эрчимтэйгээр эргэлт буцалтгүй цөлжиж байгаа тухай мэдээ чихэнд дасал болжээ. Улс орны хоймор Сибирийн өмнөд хязгаар болох Хөвсгөл хүртэл цөлжилтийн эхний шинж тэмдэг мэдрэгдэх боллоо гэж судлаачид анхааруулж байна. Дэлхийн дулаарлаас гэхээсээ илүүтэй байгалийн доройтол, хүний зүй бус үйл ажиллагаа, уул уурхайн замбараагүй ашиглалт гол шалтгаан болж байгаа гэнэ. Удахгүй Сарны гадарга шиг дүр зураг сансраас харагдахад нэг их гайхаад зүйлгүй болох нь. Төв азийн тэгш өндөрлөг ийнхүү цөлжиж байгаа нь Монголчуудын төдийгүй бүс нутаг, дэлхийн анхаарлын төвд ороод байгаа юм. Хамгийн их айлгаж байгаа нь Монголын өмнөд говь, тал хээрийн бүс, Хятадын хойд хэсгээс эхтэй түйрэн буюу шар шороон шуурга, элсний нүүдэл Зүүн хойд Азийн бүх орноор зогсохгүй Номхон далайг гаталж, алсын Америкийн баруун эрэгт хүрч нийгэм, эдийн засгийн асар их хохирол учруулж эхэлжээ. Бүр цунами, хар салхинаас ч илүү хор хөнөөлийг ойрын жилүүдэд үзүүлж болзошгүйг судлаад тогтоочихсон байх юм.
5
Гар утас, компьютерийн үйлдвэрлэлд нарийн ширхэгт тоосонцор маш их хохирол учруулдаг. Хэдийгээр компаниуд хамгаалалтын тусгай орчин бүрдүүлдэг ч нарийн ширхэгтэй тоосонцороос төгс хамгаалж чаддаггүй. Зүүн Ази, АНУ, Хятадын өндөр технологийн үйлдвэрлэл Монголоос дэгдсэн түйрэнгээс шалтгаалан үлэмж их алдагдал хүлээж байна. Түйрэн эрүүл мэндэд ч асар их хохиролтой. Агаарт дэгдсэн тэр их хэмжээний нунтаг шороогоор амьсгалж байгаагаас болж хамгийн түрүүнд хүний элэгний үйл ажиллагаа алдагдана. Олон төрлийн өвчний эх үүсвэр болохоос гадна амьсгалын замын эрхтний хорт хавдрын гол шалтгаануудын нэг болж байна.
6
Түйрэн буюу шар шороон шуурга өнгөрсөн зуунд буюу жилд дунджаар таван удаа болдог байв. Харин өнөөдөр давтамж нь хэд дахин нэмэгдэж, зарим жилд гуч гаруй удаа шуурч байгаа. Шороон шуурганаар шороо, элсний том ширхэгтэй нь ойрхон хийсч, жижиг нарийн ширхэгтэй нь 1-3 км-ийн өндөрт дэгдэн хуй салхи хэлбэрээр хэдэн мянган км зам туулж Номхон далайг гатлан Канад, Хойд Америкт ч хүрч, аж үйлдвэрийн бүсээс элдэв төрлийн хорт бодис шингээгээд хаа сайгүй тарааж байгаа гэнэ. ДЭМБ Монголоос улбаатай энэ нүдэнд үл үзэгдэх аюулын эсрэг дэлхийн хөгжингүй орнуудыг хүчээ нэгтгэхийг уриалж эхэллээ. Гамшигт хамгийн их өртөж байгаа Япон тэрбум ам.доллар, Солонгос 200 гаруй сая ам.долларын төсөл хөтөлбөр хэрэгжүүлж чадахаа амласан. Хятад дотооддоо арга хэмжээ авч арваад жилийн өмнөөс Өвөрмонголын өргөн уудам газар нутагт түйрэнгээс хамгаалах олон зуун сая мод бүхий ногоон хэрмийг бий болгосон. Өнөө хүртэл үргэлжилж байгаа ч үр дүн нь төсөөлж байснаас чамлалттай байлаа. Яав ийв гээд судлаад үзэхэд хэргийн эзнээр нь Монголоос хийссэн түйрэн тодорчээ.
6
Ингээд саяхнаас солонгос, япончуудтай нэгдээд хэрхэн багасгах талаар судалгаа хийж эхэлжээ. Манайхан хар цагаан дуугүй. Харин ч уул уурхайн олборлолтоо улам ихэсгэж, газар нутгийнхаа хөрсийг хуу эргүүлэн түйрэн үйлдвэрлээд зав муутай. Монголын эрх баригчдад удаа дараа түйрэнгээ багасгах арга хэмжээ аваачээ гэж хүсэх боловч “Мөнгөгүй ээ...” гээд мөрөө хавчисхийн толгой сэгсрээд өнгөрнө. Мөнгө өгье гэхээр нүд нь сэргээд, зориулалтаар нь ашиглаарай гэхээр зовхи нь унжийгаад ирнэ. Хэсэг бусагхан мод, сөөг тарих хэмжээний хөрөнгө бус цогцолбор арга хэмжээний улс хоорондын асар том бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт шүү дээ. Ногоон хэрэм байгуулахын сацуу өмний говийн уул уурхайн ордуудыг байгальд ээлтэй технологиор ашиглах стандарт бий болгох зэрэг хэд хэдэн чухал арга хэмжээг санхүүжүүлэхээр төлөвлөгөөг боловсруулсан байх юм. Энэ цогц арга хэмжээг санхүүжүүлэх байнгын эх үүсвэр, хаанаас хэрхэн санхүүжүүлэх арга замаа тодорхойлжээ. Олон арван жил явагдах арга хэмжээ болохоор ингэж нарийн тооцохгүй байхын аргагүй. Мөнгө илүүдсэн биш тэр их мөнгийг монголын элсэнд булах тэнэг хаанаас олдохов.
6
Сонирхол татаж байгаа санхүүжилтийн байнгын эх үүсвэрийг хэрхэн бий болгох вэ гэдэг асуудал. Говийн нар, салхины нөөц асар их. Олон улсын хамтарсан сэргээгдэх эрчим хүчний бүсийн цогцолбор байгуулснаар эрчим хүчний борлуулалтаас олох орлогын тодорхой хувийг энэ том төслийг санхүүжүүлэх эх үүсвэр тасралтгүй найдвартай хангагдана. Монгол улсын хожих хожоо их. Байгалиа нөхөн сэргээгээд зогсохгүй эрчим хүчээр дотоод хэрэгцээгээ бүрэн хангаж гадагшаа ч экспортолно. Боломж ч их байна даа.
6
Н.Бадамжав