Ардчилсан нам засгийн эрхийг авч, улс орны эрх мэдлийг атгаад хоёр жил болох гэж байна. Ерөнхийлөгч, Засгийн газар, УИХ, яам, агентлаг, хороо, дүүрэг, сум, баг гээд АН-ын ноёлол бүрэн тогтож, Монгол Улсын өндөр албан тушаалтны давхарга бүхэлдээ цэнхэртсэн ч хүссэн ахиц дэвшлийг авчрахгүй нь бололтой. Учир нь энэ намд төрийн бодлогыг хэрэгжүүлэх чадвартай бас эрүүл боловсон хүчин бараг үгүй аж. Ерөнхийлөгчийн ухаалаг төр, Ерөнхий сайдын шинэчлэлийг ажил болгочих чадвартай, эрүүл нэгэн байхгүй байхад хичнээн уран донгодоод нэмэргүй. Хаанаасаа хаалгач нь илүү чухал.
:
Хамгийн сүүлд Боловсрол, соёл шинжлэх ухааны яамны стратеги, бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Насанбаяр ойлголтын зөрүүтэй зүйл ярьж, сайдыгаа сандаргав. Түүний уран зохиолын хичээлийг нэг төрлөөр биш бүх хичээлийн агуулгад багтаана гэсэн учир битүүлэг яриа олны дургүйцлийг төрүүлээд зогсоогүй сөрөг үр дагавраа ч харуулаад амжиж. Өчигдөр 75 дугаар сургуулийн нэгэн ангийнхан уран зохиолын хичээлдээ суугаагүй байна. Араас нь эрэл сурал болсон багшийнхаа өмнөөс “уран зохиолын хичээл хасагдаж байгаа биз дээ, суух шаардлагагүй“ гэсэн тайлбарыг өгсөн байх юм. Хашааны банхар хуцаж байгаа биш. Яамны том эрх мэдэлтэн юу ярихаа боддог, мэддэг байх учиртай.
:
Дээхнэ нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын орлогч даргаас Улаанбаатар хотод хийгдэх хөрөнгө оруулалтын ажил, гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалтын талаарх хэдхэн асуултад хариулт авах гэж үйлээ үзсэн сэн. Аргаа барсандаа томоохон ажлуудаас нь гэж асуултаа эерүүлсэн ч тусыг олоогүй. Цаас харан түгдчих даргаасаа санаа нь зовсон ахлах мэргэжилтэн нь “Би хариулчих уу” гэж нүүрээ улалзуулсан. Яах гэж ширээ бөглөн, төсвийн мөнгөнөөс цусалж суугааг нь ойлгоогүй. Ажлаа мэддэггүй байж болно. Мэргэжилтнийхээ бэлдээд өгсөн цаасыг хараад уншчихаж чадахгүй дарга хотын хар байшинд сууж байгаа нь хачирхалтай.
.
Бас Гадаад иргэн, харъяатын асуудал эрхлэх газрын дарга Б.Пүрэвдорж хэрхэн хэнээтэж байсныг та бүхэн санаж байгаа байх. “1990 оноос хойш монгол эдийн засаг хүнд байхад гадаадыг зорьчихоод одоо эдийн засаг сайжирсан үед Монгол Улсаа гээд эргэн ирж байгаа хүмүүст хүнд сурталтай хандана” хэмээн хэнээтэж суусан түүнийг хэн ч таалаагүй. Эх орноо гээд зориод ирэх монголчуудад хүнд суртал гаргана хэмээн хэнээтэж суугаа төрийн түшээг эрүүл ухаанаар ойлгоход бэрх. Тэр Монгол Улсын эзэн биш.
.
Энэ мэтээр зөөлөн суудалд сууснаа хэмжээлшгүй эрхтэн болсон мэтээр төсөөлж, аманд орсноо бурагчид цөөнгүй. Харамсалтай нь тэд бүгд АН-ын угшилтай. АН төрийн эрхийг авч, бодсон төлөвлөснөө хийе гэсэн ч түүнийг нь гүйцэлдүүлэх эрүүл ухаантан энэ намд алга. Гагцхүү ардчилал хэмээн цээжээ дэлдэж, амандаа орсноо бурахыг эрх чөлөө хэмээн ойлгогчид төрийн ажлыг уруудуулахаас урагшлахгүй нь. Төрийн толгой ухаалаг байлаа ч гар хөл нь эрүүл бус байхад эрчимтэй хөгжлийн талаар ярих ч эртэдсэн хэрэг биз ээ. Эрүүл ухаан л ихийг бүтээнэ.
.
В.Хэрлэн