Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчид Улаанбаатар хотод мөрдөх худалдаа, үйлчилгээний нийтлэг журмыг баталжээ. Одоогоос дөрвөн жилийн өмнө батлагдаж байсан журмыг шинэчилсэн нь энэ. Худалдаа, үйлчилгээний газруудын гадаад дотоод олон асуудлыг тусгасан уг журманд хэрэгждэггүй нэг өгүүлбэр байдаг нь аж ахуйн нэгж, байгууллагуудын гаднах хаягийн тухай заалт. Эрээн мяраанаар алаглах хаягийг цэгцлэх энэ заалт огтхон ч хэрэгждэггүйг хотын гудамжнаас харж болно. Үе үеийн хотын парламентаар дамнан яригддаг уг заалт хэрэгждэггүйн шалтгаан нь нийслэлд хаягийн нэгдсэн стандарт байхгүй. Өөрөөр хэлбэл, аж ахуйн нэгж эрхлэгчид дагаж мөрдье, үзүүлээч гэсэн ч хотынхонд үзүүлэх стандарт байхгүй учраас хүн бүхэн хүссэнээрээ хаяг хадсан хэрэг.
5
Нийслэлээс гаргасан журамд аж ахуйн нэгж, байгууллагуудын хаяг гэрэлтүүлэг, гэрлэн чимэглэлтэй байхаас гадна монгол хэлээр бичигдсэн байх ёстойг заасан байдаг. Гадаадаар бичих шаардлагатай бол тэр нь монгол хэлээр бичигдсэн хаягийн дор жижгээр тавигдсан байх ёстой. Энэ нь эх хэлээ дээдэлж байгаагийн бас нэг илрэл. Монголын газар нутагт үйл ажиллагаа явуулж байгаа учраас таних тэмдэг, нэр хаягаа монгол хэлээр бичсэн байх ёстой. Тухайн байгууллага, аж ахуйн нэгж Хятад, Солонгос эзэнтэй, гадны хөрөнгө оруулалттай байхаас үл хамаараад нэр хаяг нь ямар ч түвшний боловсролтой монгол хүн бүрт уншигдахаар, ойлгогдохоор байх ёстой. Гэвч Улаанбаатарын гудамж талбайд байрлах аж ахуйн нэгжүүдийн ихэнх нь гадаадаар бичигдсэн хаягтай. Англи, Солонгос, Япон гээд арабаас бусад хэл бичгийг манай гудамжнаас харж болно. Ямар сайндаа л иргэд маань Лавлаа Даш шиг явахав дээ.
5
Гадны орнууд тухайлбал, Шанхай хотын гудамж талбайд байрлах хаяг бүхэлдээ хятад хэлээр бичигдсэн байдаг. Хурдацтай хөгжиж буй энэ хот дэлхий нийтэд нээлттэй. Тэглээ гээд бусдын хэл соёлыг өөрийнхөөсөө илүүд үзээгүйг гудамжнаас нь харж болно. Дэлхийн том корпораци, брэндийн дэлгүүрийн салбарууд бүгд хятад хэлээр бичигдсэн хаягтай. Харин лого, англиар бичигдсэн нэр нь хятад үсгийг дарангуйлахгүй. Яг л манайд цаасан дээр байдаг журмыг ягштал баримталсан хаягийг тэндээс харж болно.
5
Ямартай ч хаягийн журам шинэчлэгдлээ. Монголоор бичиж, гэрэл гэгээтэйгээр хүний нүдэнд харагдахуйц газар байрлуулсан байх ёстойг дахин хэлж өглөө. Харин журмыг хэрхэн хэрэгжүүлэх нь чухал асуудал. Аж ахуйн нэгж, байгууллагууд ч, хотын холбогдох газрууд ч цаасан дээрх журмыг амьдралд хэрхэн буулгах нь бидний нүдэнд ил байх болно. Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар, Мэргэжлийн хяналт, Захирагчийн ажлын алба, хот тохижилт гээд хамаатуулах юм бол хаяганд анхаарал хандуулах байгууллага цөөдөхгүй.
5
В.Хэрлэн
Уншиж байна |