Эрүүл байх эндээс эхэлнэ
2014-02-13

Монголчууд өөдрөг хүмүүс гэж нэг гадаадын иргэн биднийг магтсан гэнэ. Яаж байна гэсэнд маргааш өглөө иднэ гээд хоолоо хадгалж хонуулах юм гэжээ. Магтсан явуулсан хоёрын аль нь болохыг бүү мэд. Гэхдээ зөвхөн энэ хоол хонуулж маргааш нь халааж иддэг шиг өдөр тутмын, амьдрал эрүүл мэндэд төдий л таагүй олон хэвшил зуршил бидэнд бий. Ам дүүрэн шүдтэй цал буурал сахалтай 70 гарсан өвгөд сэвхийтэл мордож адуу тойрч байхыг багадаа бол зөндөө л хардаг байлаа. Уудаг ус нь цэнгэг, иддэг идээ нь цагаа, зажилдаг чихэр нь ааруул байсан хөдөөний бор хүүхдүүд ханиад хүрэх нь үгүй. Хотжилтын сүүдэрт хаяалж бидний нас амьдралыг эмтлэх олон зуршил бий болсон нь одоо хөдөөд шилжиж байна. Аймаг сумдын эмнэлгийг томсгох шаардлага бий болоод байгаа талаарх эрх баригчдын өгүүлэл тайлбар үүний наад захын жишээ. Тэнд элдэв өвчлөл ихсээд байгаа болохоос хүн ам суурьшил нэмэгдэхгүй байгаа.

5

Унаа машин гэсээр таргалаад байгаагаа мэдэвч үл алхах, суудал дээрээ суусаар хуянд бариулаад байгаагаа мэдсээр байж үл сунайх, ходоод түлнэ гэж мэдсээр байж бэлэн гоймондоо ангиараа маршлах, мэнгэртэж ханиасаар байж тамхиа гүнзгий уушиглах, зүрхээр нь хатгуулаад байхад л архиар шараа тайлах зэрэг өөрийнхөө эсрэг өөрөө хийдэг бидний хорт муу зуршил даанч их юм. Бурхан шашин номлол талаасаа үйлийн үр нүглийн төлөөс болж ирэх элдэв халдварт болон хавдар өвчин шинжлэх ухаан талаасаа бол бидний өөрсдийн хайнга хэнэггүй сурц, амьдралын буруу хэвшлээс болж байгаа юм.  Аливаа өвчлөлт ихсэх нь нас баралтын хувийг өсгөөд зогсохгүй гэр бүл улс орны эдийн засагт дарамт авчирч байгаа.

5

Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн хуралдаанаар “Амьдралын буруу хэвшлээс үүдэлтэй өвчнөөс сэргийлэх, хянах” үндэсний хоёр дахь хөтөлбөр батлагдан гарчээ. Нэрнээсээ маш тодорхой энэ хөтөлбөр дотор бидний амьдралд жирийн зүйл болсон нас буяныг минь хумслах амьдралын буруу хэвшлийг багасгах арга хэмжээний тухай дурьджээ.

5

Энэ хөтөлбөрт тавьснаас харвал зүрх судасны өвчин, хорт хавдар, амьсгалын замын архаг өвчин, чихрийн шижин зэрэг бидний амьдралын буруу хэвшлээс болж зонхилон тохиолдох халдварт бус өвчин дэлхийн хүн амын өвчлөлийн 43 хувь, нас баралтын шалтгааны 63 хувийг эзлэх болжээ. Энэ нь явсаар 2020 он гэхэд нийт өвчлөлийн 60 хувь, нас баралтын шалтгааны 73 хувьд хүрэх магадлалтай байгаа төдийгүй эдгээрийн дөрөвний нэг нь 60 хүртэлх насандаа цаг бусаар эндэж байгааг ч Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын хийсэн судалгаагаар тогтоосон гэжээ. Харин манай улсын хүн амын дунд хүний зан үйл, аж төрөх хэв маягтай холбоотой халдварт бус өвчнөөс шалтгаалсан нас баралт нийт нас баралтын дотор 72 хувийг эзэлж байна. Дийлэнх нь эрэгтэйчүүд. Мөн манай улс нийт нас баралтын хувиараа өндөр тархалттай орны тоонд орж байгааг  илтгэнэ.

6

Хамгийн ихээр өвчилж, нас барж буй өвчин бол зүрх судасны өвчин, хорт хавдар. Эдгээрийн гол шалтгаан нь ердөө архи, тамхины хэрэглээ, хөдөлгөөний хомсдол, зохисгүй хооллолт гэнэ. Үүн дээр улс орны эдийн засгийн сул дорой байдал иргэдийн ядуурал, хоол хүнсний хэрэглээний чанар, хяналт муу байгаатай ч холбоотой. Гэхдээ энд амьдралын буруу хэвшил зуршилтай холбоотой сэдвээр ярьж буй тул гадаад дотоодын хоол хүнсний аюулгүй байдал, агаарын бохирдол зэргийг тоочиж баахан бухимдал бөөгнүүлэхгүй орхиё.

6

Товчхондоо бид өвчлөхгүй байх боломжийн тухай биш өвчнийг олж аваад дараа нь эдгээх, эмнэлэгт хүрэлцээтэй орон дээр, хямд эм тариа, гоё эмчилгээ үйлчилгээ авах талаар ярьсаар, сэтгэлгээний буруу зуршилтай болоод байгаагаа эргэн харах цаг болсон байна. Гурван хүний нэг нь архи, тамхи хэрэглэдэг, ажлын байрандаа тамхины утаанд өртдөг бол хоёр хүний нэг нь илүүдэл жин, таргалалттай. Мөн дөрвөн хүний нэг нь хөдөлгөөний хомсдолтой, цусны даралт ихсэлттэй бөгөөд энэ нь буурах хандлагагүй байгааг мэргэжлийн хүмүүс тогтоосон байгаа гэнэ.

5

Энэ нь гурван найз тутмын нэг нь, 45-аас дээш насны хоёр хүн тутмын нэг нь халдварт бус өвчнөөр өвдөх эрсдэлтэйгээр амьдарч байна гэсэн үг юм байна. Харин oгт эрсдэлт хүчин зүйлгүй гэсэн хүн ам зөвхөн нэг хувийг л эзэлж байна. Нэгхэн хувь. Ийм байдлаар өөрсөддөө, алд бие, амь насандаа хайргүй, хайнга хандаж байдгийг минь сонсвол биднийг ивээж хамгаалах дуртай Бурхан ч цухалдан уурлах байх. Харин бид тоохгүй нь хөөрхийлөлтэй. Эмнэлгийн ор дэрний хүрэлцээ муу байна гэсэн мэдээ гарвал энийг анхаарах хэрэгтэй гэж сортойно. Яагаад гэвэл би ч удахгүй бас хэвтэнэ гэсэн өвчин тээсэн сэтгэлгээг тархиндаа бөх суулгасан хүмүүс бид. Энэ нь бид буруу зуршил хэвшлээр амьдраад байгаагаа сайн мэддэгийн нэг илрэл ч байж болох юм.

5

Төр засгийнхан сүүлийн үед “урьдчилан сэргийлэх” гэдэг үгэнд бонд зээл гэдэг шиг дуртай болоод эхэллээ. Санаа нь зөв ч хүнээсээ хол тойруу явагдаад дуусдаг энэ зорилтыг төр дэвшүүлэн тавьж, уриалаад байхаас хүн ам үүнд нь татагдаад хамрагдаад байх хөшүүргийг хийхгүй явж ирсэн. Ийм төрлийн үр дүн муутай хөрөнгө барсан урьдчилсан сэргийлэх компанит ажил сонгууль дөхөөд ирэхээр их идэвхжиж улс төржсөн тал ч байгаа. Хийгдэж байгаа арга барил, орчин нөхцөл нь өдөр тутмын өрхийн эмчийн хийгээд  амбулаторийн түвшний л үзлэг шинжилгээтэй адил. Дээр нь үүнийгээ сурталчилж байна гэж нэг суманд эмнэлэг барьчих мөнгөөр анонс самбар хийж сум дүүргийн эмнэлгийн гадаа хадаж хийморийн дарцаг шиг хийсгэдэг тогтсон уламжлалтай. Нэгэн цагт социализмийн үеийн охидын үзлэг гэж болдог байсан шиг анги хамт олноороо жагсаж очоод ерөнхий шинжилгээнд хамрагдаж уушгиа дурандууллаа гэхэд ханиад хатгаагаа л ирүүлж чадна. Харин өнөөх нас баралтын тоог нэмээд байгаа суурь өвчин болох зүрх судасны архаг өвчин, хорт хавдар зэрэг нь ийм зэргийн үзлэгт “баригдах” нь ховор. Хэрвээ тэдгээр өвчнийг хүнтэй зүйрлэвэл дээрх бөөндсөн үзлэг шинжилгээг аргалаад сурчихсан архагууд юм. Ойр зуурын шинжилгээ тандалт бол тэдэнд айх зүйл биш найзархаг шалгалт нь болохоор баргийн үзлэгт илрэхгүй үлдэж, бөөн баяр болдог байх. Тэгээд ч манай практикт насанд хүрсэн хүн бүр бараг бүгдээрээ ямар нэг суурь өвчтэй гэж эмч нар ярьдаг. Тэгэхээр урьчилан сэргийлэх үзлэг гэдэг өөрөө чанаржиж, зөв систем дараалал, өндөр чадалтай багаж оношилгоогоор нийт олныг хамруулсан илрүүлэлт өндөртэй явагддаг байх нь чухал байх. Үүнийг төр хийсэн шиг хийж иргэдээ урьдчилан сэргийлэх чанартай үзлэгт 100 хувь хамруулж хүний биед он удаан жил суурьшаад нуугдаад сурчихсан архаг өвчнүүд, хавдар мэтийг эрт илрүүлж чаддаг байхад л эхний удаа “ОК” юм.

6

Амьдралд хайрүй хэн байх билээ, хэн үхэх гэж тамхи татаж, архи уух билээ. Одоо болино гэсээр хорт зуршилаа дархалж ууж идэн амьдрах насаа хумслах бид өвдөөд үхэх тулаад ирэхээрээ эргээд төрөөс, нэг яамнаас, заримдаа бүр нэг сайдаас нь эрүүл мэнд урт наслах баталгаагаа нэхэж улс төржиж суудаг болсон нь үнэн. Төр иргэнийхээ эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөл баталгааг бий болгох ёстой байх. Харин бид амьдралдаа гэр бүлдээ хайртай, урт наслах хүсэлтэйгээ илтгэн харуулж, зөв амьдрахын төлөө гэсэн эрмэлзэл, хичээл зүтгэлтэй байх ёстой.

6

Эрүүл байх нь хувь хүний эрүүл аж төрөх зан үйлийн төлөвшилтөөс 55-60 хувь, эрүүл мэндийн төлөөх олон салбарын түншлэл, хамтын ажиллагаанаас 15-20 хувь, эрүүл мэндийн байгууллагаас 10-15 хувь, удамшлын хүчин зүйлээс 5-10 хувь хамаардаг болохыг ДЭМБ тогтоожээ. Ийм болохоор халдварт бус өвчлөл, нас баралтыг 5-10 хувиар, тэдгээрт нөлөөлж байгаа эрүүл мэндийн эрсдлийг 2-10 хувиар бууруулж, хүн амын дундаж наслалтыг нэмэгдүүлэх зорилго бүхий “Амьдралын буруу хэвшлээс үүдэлтэй өвчнөөс сэргийлэх, хянах” хоёр дахь үндэсний хөтөлбөрийн төслийг Эрүүл мэндийн яамнаас боловсруулсныг сайшааж дэмжицгээе. Үүнийг дэмжиж санхүүжүүлж 2014-2021 онд хэрэгжүүлэхээр соёрхон баталсан Засгийн газарт бас талархья. Энэхүү хөтөлбөрт хувь хүн, олон салбарын хамтын ажиллагаа, хариуцлага, түншлэлд тулгуурлан эрүүл мэндэд эрсдэлгүй орчинг байгууллага хамт олны дунд бий болгох, оролцоог нэмэгдүүлэх, зэрэг олон зорилт байгаагийн дотор нэг онцлох зүйл нь “эрт илрүүлэгт идэвхтэй орж байгаа хүнийг урамшуулан дэмжих орчин бүрдүүлэх” гэж байна лээ. Өөрийгөө үхүүлж болох өвчнийг сайн дураараа эрт оношлуулж чадсаныхаа төлөө төрөөс урамшуулал хүртэл авах юм байна.

6

Болоо ш тээ, бас больё л доо. Төрөөс бүхнээ харж амьдрах гэвэл бас хаашаа ч юм. Төр бурхан биш. Амьдралын буруу хэвшил, хорт зуршлаа хаяж өөртөө, амьдралдаа, гэр бүлдээ хайртай гэдгээ харуулцгаая. Эрүүл байх, урт наслах эндээс эхлэх юм.

6

Пүрэвжавын Баярхүү /тоймч/

Shuud.mn
Сонин хачин
bayar:
hundeer bie zassanii daraa bainga ugaaj bai !
2014-02-13
зочин:
эрүүл байх цорын ганц зүйл бол хөдөлгөөн.таныг хөдөлгөөнтэй байвал таны ууж идсэн юу ч гэсэн шингэж байдаг.хөдөлгөөнгүй үед хуримтлагдаж таны биед өвчин үүсгэдэг аюултай.
2014-02-13
zochin:
eruul mendiin sistemiig tolbortei bolgoyo tegvel humuus hussen huseegui turnaa
2014-02-13
jjjjjjjjj:
heden haltar tugrug oloh geed eruul mendee orhij bolohgui sain zuv hoolloj sain amarch arhi tamhia baga heregleed uur utsaaraa bariad taivan stresgui amidar bie bienee hundel
2014-02-13
kkkkkkkkk:
utaa bol yaltach baihgui argalhad hetsuu zuil humuuseee yadaj hool und arhi tamhia ariun tsevree sain zahij baildaa tehuu ter bol tur zasagaas shaltgaalah zuil bish shuudee tsever bid naraas shaltgaalna zuil uursdiiguul hamgaalahgui bol manai emneleg hetsuu shuu humuusee
2014-02-13
naraa :
humuusuusee deeguuree neeh saikhan yavaad baidag dooguuraa hetsuu shuu mongolchuud yu heleh geed bnaa gevel zuvkhun nuur tsarai huvitsas bi*e usand sain orj dotood ariun tsevree sain sahi za gemteliin emchiin yarij baisaniig sonssonuu?neeh goe ohiduud hul garaa hugalchihaad orj irne tegeed huvitsasiig tailahaar levchig ed nar tas har bdag gesen ohiduudaa huvitsas nuur tsarai bish shuu dotood ariun tsever bas eruulmend iim baihad hun tsaaanaasaa gereltdeg.
2014-02-13
urtaa.:
neeree shuu arhi tamhi,hool 3aa zohitsuulaad deerees ni sain sex hii za tegvel urt naslana tegeed deerees ni ariun tsever sain sahi
2014-02-13
ахаа:
эрүүл байх хамгийн энгийн зүйл зөв хооллож, сайн сехс хий тэгвэл та урт насалж залуу сайхан харагдах болно
2014-02-13