Улс төр унтаж байна. Үнэндээ бол үгүй юм. Зүгээр л түр зүүрмэглэж байгаа. Ийн хэсэг зүүрэглэхийн өмнө улс төрийн тогоонд юу болж ирэв.
Монголын улс төр хоёр намын хуваадаг талбар болоод удсан. Харин 2012 онд гуравдагч хүчинтэй болсон. АН-ынхан “Шударга ёс” эвсэлтэй нэгдэн Засгийн газрын бялууг талласан. МАН нам сөрөг хүчний суудлаас бухимдал ихтэй дуугарч байгаа ч далайлт нь зөвхөн АН дээр буухаас угшил нэгт МАХН-д шууд тусахгүй байгаа юм. Их мөрөн шалбаагтай нийлэхгүй гэж гэдийж МАХН-ыг үгүйсгэж байсан МАН-ын лидерүүд одоо дуугүй суух болжээ. УИХ-ын болоод араас нь нэхэн хийсэн нөхөн сонгуульд МАН удаа дараа ялагдал хүлээхдээ мөнхийн санал хуваагч дагуултай болсноо ойлгосонтой холбоотой. Энэ бүхнээс дүгнэлт хийснээр МАХН-ыг чиглэсэн улс төрийн том өрөг нэгэнт эхэлсэн гэсэн бор шувуу байна. Гаргалгаа нь их мөрөнд горхийг уусган 2016 оны сонгуульд гольдрол нэг болгох, үгүй бол ерөөсөө тэрэлж, дунд гол шиг урсгалгүй болгох буюу ямар нэг аргаар эрчийг нь сулруулан болж өгвөл тараах. Үүнийг хэр сайн хийснээс 2016 онд МАН улс төрийн тавцанд тугаа хаана хатгах нь тодрох талтай. Тэгээд ч энэ жилийн улс төрийн хаврын синдромыг МАХН-ын дотоод зөрчил, сандал суудлын жижиг хэрүүлээр эхлүүлэх ба энэ нь МАХН-ын нэр хүндийг 2016 он хүртэл хумслах хол санаатай ажлын дөнгөж эхлэл гэж зурхай татах хүмүүс байна.
1
Н.Энхбаяр дарга ирснээр улс төрд хөдөлгөөн орно гэсэн хүлээлт бий болоод байгаа нь МАХН-ыг улс төрийн гуравдагч хүчин гэж зөвшөөрсөн хэрэг огт биш. Харин хоёр намын ээлжлэн төр барьсан түүхэн гавьяанаас залхсан хэсгийн “соохолзоо” гэж болно. Юутай ч улдан чангаадаг сөрөг хүчин энэ хавраас эрчимтэй хөдөлж нэг юм дуулгана, тэр нь МАХН-д болоод Засгийн газарт гэрэл сүүдэр хоёрын нэгийг авчирна гэсэн улс төрийн таамаг бий болоод байна. Давхар дээлийг нь тайлах хууль баталж, Засгийн газрыг нь залчих шахсан бодит түгшүүр Н.Алтанхуяг сайдыг одоо ч тайван байлгахгүй л байгаа. Засгийн газрыг унагаах тухай яриа улс төрийн мэдээ гарчигладаг хүн бүрийн мэдэмхийрэл болж өндөр авч ирээд цагаан сарын тайвшралд түр дарагдлаа. Засгийн газраар оролдлоо гэхэд салхинд нь иргэд жиндэж улс урууддаг жишээг бид үзсэн, мэдэрсэн. Ардчиллынхан урьд олонх болж эрх барьсан түүхэндээ бүлэг фракцууд нь сүрэгтээ багтахаа больж бие биенээ тангарч хазсаар чонын хоол болох дөхсөн түүх нь тийм ч их хуучраагүй байна. Тэр үед АН-ынхан төрийн хийгээд түмний нийтлэг эрх ашгийг харах сөхөө байхгүй хоорондоо тэмцэлдсэн.
1Нийтлэг эрх ашгийг умартаж, нэг хэсгийн явцуу эрх ашиг сонирхлыг тэргүүн эгнээнд тавьсны гор яаж гардгийг улстөрчид ухаарсан гэхээсээ жирийн бид л үзэж туулж ирсэн. Энд төр тогтворгүй байхад хэсэг бүлэгт хожоо гарах ч иргэн хүнд хатуу тусдагийг бид мартаагүй. Намууд дотор болж байгаа ашиг сонирхол, эрх мэдэл, эд хөрөнгийн төлөө улайрал улс эх оронд ямар их хор хөнөөлтэйг БҮҮ МАРТ гэсэн сануулга болж тэр жилдээ С.Зоригийн хөшөө боссон гэхэд болно.
1
Улс төрийн намууд сонгуулиас сонгуулийн хооронд хожоо харсан сэтгэлгээ хийж, фракци бүлэглэлд хуваагдаж, албан тушаалд шунаж өөр хоорондоо тэмцэлдэх нь эргээд намуудад өөрсдөд нь ч мөхөл дагуулж болох юм. Өнөөдрийн эх орончоороо ялгарах гэж цээжээ дэлдэх намууд МАНАН байх үедээ яаж үгсэж, сонгуулийн амлалт ялагдлын айдсаас болж улс орноо өрөнд оруулж, түүхий эд нүүрсээ барьцаалж байсан нь одоо хэнд ч нууц биш болсон. Энэ мэт бусармаг явцуу үйл ажиллагаа нь улс төрийн хүчний нийгэмд гүйцэтгэх үүрэг, нэр хүндийг улам бүр бүдгэрүүлж байна. Төрийн алба нь төрлийн алба болсон, “олонхийн дарлал”-ыг тогтоосон, хууль, хяналтын байгууллагыг өөрийн дуулгавартай түншээ болгосон, улс орны эдийн засаг хүндэрч, өр зээлд баригдаж, ирээдүй хойчдоо өрийн дарамттай улс орон болсон зэрэг нь ойрын 10 жилдээ АН ба МАН-д хаяглагдах нь баттай юм. Ардчиллаар замнаснаа зөв гэдэгтээ ард түмэн эргэлзээгүй. Харин улс төрийн үзэл баримтлал мөрийн хөтөлбөр бүхий улс төрийн намуудаар удирдуулж ирсэн үү ямар нэг гадаад дотоодын сүлбээ бүхий бүлэглэлээр удирдуулж ирсэн үү гэдгээ иргэд одоо эргэн харж дүгнэлт бөөгнүүлж байна.
1
Улс төр унтаж байгаа мэт түүнийг дагаад ард иргэд амарч байгаа мэт байна. Гэвч үгүй юм. Бүгд бодол зангидаж, хөдөлгөөн зэхэж байна. Өвөл хаврын завсарт бүсээ чангалан гүрдийх ард түмний уураг тархинд бүрэн эрхийнх нь хугацаа талдаа орсон шинэ Засгийн газарт өгөх эхний үнэлэлт төдийгүй ерөөс цаашид төр ямар байвал зохилтой талаар шинэ дүгнэлт бий болж байна. Цаана нь намуудын бүлэглэл фракцууд өнөөх хуучнаараа засгийн газрын зүг хараа хаяж шохоорхон, үүнийг тойрон халз тулж бяраа үзэх гэсэн улстөрчдийн хор найрагдаж байна. Юутай ч намаа дагаж маний амьдрал сайжирдаг нь утаагүй зуух гэдэгтэй адил “онигоо” болсныг бүгд хэлэх болсон.
1
Эцэст нь, ард түмэнд нэг сэхээрэл түүнийг дагасан хүлээлт бий болсон байна. Бид шударга нийгэмд баялаг эзэмшиж тайван амьдрах хүслээ нэхэж сонгуулиас сонгуульд найдлага тавьж ирсэн маань буруу юм байна. Бид эрх баригчдын боловсруулж батлаж байгаа хуулийг судлаж түүнийгээ өөрсдөө чанд мөрддөг байх ухамсарт шахах механизм тогтолцоо бий болгох, улстөрчдийн бүдүүлэг алдаа, эх орноо огоорсон үйлдэлд хариуцлага тооцдог, чаддаггүй юмаа гэхэд сайн ичээж улс төрөөс нэг мөсөн гаргаж чаддаг хуулийн засаглалыг төрөөс нэхэх цаг болжээ. Бидний ардчилсан нэртэй ч хэдхэн улстөрчдийн зөөлөн олбогийг бэлдэж өгдөг сонгуулиар өнгөрсөн 20 жилд бид эх орондоо, ахуй амьдралдаа юуг бий болгож, үнэт зүйлээ юугаар баяжуулж чадсан билээ. Энэ асуултад дотоодын ДНБ-ий өсөлт, төсвийн тэлэлт юм уу, эдийн засгийн өсөлттэй динамик харуулж ам тагладаг хариултад одоо иргэд хууртахгүй. Өнгөрсөн жилүүдийн өсөлт гэдгийн цаана иргэдийн амьдралд нь буусан мэдрэгдэхүйц дэвшил бодит тусгал үнэндээ алга байгаа юм.
1
Өнгөрсөн зунаас сонсогдож эхэлсэн хуулийн засаглалын талаарх сонгуулийн бус санал санаачилга гарсан нь одоо иргэдийн найдлага тавьж харах хонгилийн үзүүрдэх гэрэл болж байна. Ухаалаг төр, хуулийн засаглалын үзэл санаа амьдрал болж хөрсөн дээр зөв, хурдан буухаас монголын ирээдүйн гортиг хааш эргэхийг харж болох юм. Бид эрх баригчид, улстөрчдийг ээлжит сонгуулиар айлгадаг баатрууд болж эргээд тэдэндээ сонгуулийн амлалтаар хулхидуулсаар байтал 20-оод жил “баяртай” болжээ. 2016 оны сонгууль бол иргэдийн найдлага тавин хүлээж буй он биш, аз жаргал хөгжлийн нэгэн шинэ үе ч биш юм. Сонгууль гэдэг хулхи дүрэмтэй тоглоомын тойрогт нь дуртай бөгөөд шүлстэй яваа улстөрчдийг үлдээж, хуулийн засаглал, ухаалаг төрийг суурьшуулахын төлөө бид дуу хоолойгоо нэгтгэх цаг болсон байна. Эхний удаа ядаж улс төрийн намын хэн ч байлаа ямар ч олигарх гэлээ хуулийн дор нэг мөр байж шийтгэл хүлээдэг, алдаа оноо нь ил харагдаж нийгэм түүнийг ичээж чаддаг байхад л том алхам болох юм.
1
Талх мах гурил гэсэн гурван хэмжээст амьдралын унтаа байдлаа сэхээрч хуулийн засаглал тогтоох зүгт санаа нэг болж 4 жилийн сонгуулиар өнгө засч байдаг улстөрчдийг юм бодуулах цаг иржээ. Үүнийг хийхээр цагаан морьтой үлгэрийн баатар давхин ирэхгүй, харин Үндсэн хууль болоод түүний дор багцлагдах бусад хуулиуд шударга ёсны зарчимд нэг мөр нэгдэх цагт суурь нь тавигдана.
1
Мах, бензиний үнийг тогтвортой байлгасан, цалин тэтгэвэр өсгөсөн зэрэг ходоод харсан хэмжүүрээр бус төрийг эрүүлжүүлж том толгойноос нь салгаж хуулийн засаглалын тогтоох зүгт хийсэн эр зориг, гавьяагаар нь эрэмбэлж улс төрийн намууд, улстөрчдийг 2016 оны сонгуультай золгуулах хэрэгтэй юм.
1
Пүрэвжавын Баярхүү /тоймч/