Их хүрээний элдэв сонин
2014-02-09

Нийслэл хүрээнд 1910-аад оны үед гурав, дөрвөн гэрэл зурагчны газар байжээ. Өнөөгийн Гэсэр сүмээс Тэнгис кино театр хүртэл, түүнээс хойш Тасганы овооны зүүн талаар урдаас хойш чиглэсэн есөн гудамжийг Баруун дамнуурчны буюу Хятадын есөн гудамж хэмээн нэрлэдэг байжээ. Хятадын худалдаачдын 1820 онд үүсгэсэн Баруун дамнуурчны эхний гудамжинд 1900-аад оны эхэн үед найман хүнтэй хоёр ч зурагчны газар байсан аж. Гэрэл зурагчны газраас гадна хувиараа буюу Монголын нөлөө бүхий ихэс дээдэст үйлчилдэг гэрэл зурагчид байж. Өдгөөгийн 23 дугаар дунд сургуулийн баруун хойд талд зонхилж байсан Төвдийн хороо гэх хороолол 1904-1905 оны үед XIII Далай лам Монголд айлчлан ирэх үед анх сууриа тавин төвхнөсөн гэнэ. Одоогийн Амгалангийн орчимд өссөн хүүхдүүд бол маймаа хотынхны хүүхдүүд гэж нэрлэгддэг байж.

1

Хүрээ гэдэг үг нэршил уугуул суугуул нүүдэлчдийн ахуйгаас үүдэн гарсан нэр бололтой. Зарим нэг эх сурвалжид өгүүлснээр бол нүүдэлчид нэг газар буудаллахдаа тойрог маягаар хүрээ гаргаж хоноглодог байсан бөгөөд энэ нь ахуйн шинжээсээ илүүтэй хамгаалалтын ач холбогдолтой байсан гэх. Нүүдэлчин монголчууд 1778 оноос Их хүрээг Сэлбэ голын хөндийд анх тулгынх нь чулууг тавьсан түүхтэй.  Ийн суурин амьдралын хэвшил нь бас хүрээ соёл аж төрөх ёсыг үүсгэн хөгжүүлж өнөөгийн нийслэл хот болох түүх замналаа бичжээ.

1

XIX зууны үед Их хүрээ зөвхөн шашны төв төдийгүй Монгол орны улс төр, засаг захиргаа, соёлын чухал төв, худалдаа харилцааны ганц том зангилаа хот болон хувирсан. Дурьдан буй зууны эхэн үед Их хүрээний нийт хүн ам 15-20 мянга орчим байжээ. Энэ нь одоогийн Хархорин сумын хүн амтай дүйцэх тоо. Гэхдээ тэр цагт хүрээ гэдэг үзээгүй хүнд диваажин, шамбалын орон шиг л байж. Хүрээнийхэн гэж өөрийн соёл хүрээ заншлыг бий болгосон сүрхий хотожсон гадаадын худалдаачид, жуулчидтай ч хэдэн үг сольчихож болдог хэрэндээ л их хөлийн газар байж.

1

Тэр үеийн ороо бусгаа цагийн өнгөөр ирэх буцах гадныхны нөлөө хүрээ соёлд шинэ өнгө буулгадаг байсан байна. “...Хүрээний ван, гүн, бэйл, тайж, баян худалдаачид, охид хүүхнүүд голдуу дорно зүгийн соёлын нөлөөнд өссөн манж, хятад, төвд хэлтэй нэлээд боловсролтойн зэрэгцээ Хүрээнд байсан Оросын консул, орос худалдаачид цэргийн сургагч, цэргүүд олноор ирж банк, сургууль, клуб нээгдсэнээр Оросын соёл аажмаар нэвтэрч Хүрээ хотын дэгжин гангачуулын өмсгөл, зүүлт европ хувцасны маяг оруулсан монгол дан дээл ноёлж гангарч дэгжирхсэн үе эхэлжээ. 1903 оноос Хүрээнд нээгдсэн Орос клубт орос цэргийн баллайка хөгжмийн оркестр, гармон хөгжмийн аялгуунд европ маягийн нийтийн бүжгийг гарамгай бүжиглэдэг байсан нь бидний үед хүрч иржээ. Оросын хувьсгалаас зугтаж ирсэн баян худалдаачин, цэргийн офицер дарга нар, хүүхнүүд, хэрмэл хөгжимчид орос клуб, гудамж зээл, гуанз, ресторанд пянз тоглуулагч тавьж, бүжиг хийж, дуу дуулж хөгжимддөг байсан нь хүрээнийхэн манж болон дорнын соёлоос, мөн өрнийн соёлд ууссан өвөрмөц онцгой соёл, хэвшлийг бий болгосон...” гэж судлаачид тэмдэглэжээ. Одоогийн хотын бидэнд 100-д жилийн тэртээх хүрээ айлаас суралцах уламжлах зүйл одоо ч байна.

1

Хүрээ өрх айл бүхэн номыг эрхэмлэн оюун ухаанаа мөнхөд гийгүүлж явна гэсэн бэлгэдлээр ном судрыг ихэд дээдэлдэг мөн сэтгэлийг уярааж ариусгана гэсэн бэлгэдлээр морин хуур хөгжмийг эрхэмлэн дээдэлдэг байж. Бас голдуу боржигон овогтой айлд бороохой буюу өргөстэй улаан харгана байдаг байсан бөгөөд үүнийгээ хаалга үүднийхээ зүүн хатавчинд хавчуулсан байдаг байж. Энэ бүхэн нь хэл ам, хэрүүл шуугианаас хамгаалсан утга бэлгэдэлтэйгээс илүү судар номоор гийгүүлж, хөгжмөөр сэтгэлийг ариусгаснаар гэрт "төр" бий гэсэн санааг дээдлэн эрхэмлэдэг байжээ. Их хүрээг эмжин хатан туул урсч л байж. Туул голын ус тунгалаг хэрнээ ширүүн урсгалтай учраас усны шувууд эрэг дээр нь түр үдлэн буух нь харагдахаас биш удаж зунших нь ховор байсан гэнэ. Харин Сэлбэ, Дунд голын орчим усны шувууд их байсныг үргээж буудах, загас барих нь элбэгшсэнд Богд хаан 1919 оны дөрөвдүгээр сард "Маймаа хотын зүүн өмнөд ба Туул, Сэлбэ, Дунд голын зуурх газруудад шувуу агнах, загас гөрөөлөхийг бүрмөсөн зогсоо. Мэдтүгэй!" бичгийг Дундад улс, Орос улсын элчин сайдуудад гардуулжээ. Тэд "Бүрэн зогсоов" гэсэн хариуг Богд хаанд ирүүлсэн тухай тэмдэглэгдэн үлджээ.

1

Тусгаар тогтнолоо зарласан Богд хааны засгийн газрын Дотоод хэргийг бүгд захиран шийтгэх яамнаас Богд хаантанд өргөсөн айлтгаснаар “....үүнээс урагш элдэв албан бичиг хэрэгт “Нийслэл хүрээ” хэмээн бичиж явбаас нийцэх явдлыг хуудас хавчуулж, хичээнгүйлэн айлтгав” гэснээр Их хүрээ “Нийслэл хүрээ” болсон байна. Энэхүү шинэ нэр авсан тохиолт өдөр нь 1912 оны 2 дугаар сарын 9-ний өдөр байжээ. 102 жилийн тэртээ өмнөх Их хүрээ гэдэг ямартай ч бидний шинэ цагийн түүхийн өлгий, эх орноо гэсэн эрэлхэг хөвгүүдийн тангараг зангидаж шав  тавьж бас амиа өргөсөн түүхэн газар орон. Зүүн баруун тэрэлж гээд гол горхи шуугин урсч байсан дөрвөн уулын дундах үзэсгэлэнт хөндийд байх Их хүрээний хар цагаан өнгө дэвсгэр дээр эрэмгий жанжин Сүхбаатар, мятаршгүй туслах идэмхий Гомбо, Сэлэмт тогмид, Хамгаалахын Дамиран, “ганзай” Гүржав нар сэлээдий буу, сэлэм агсан дэлгэцнээ амилахдаа, үе үеийнхний сэтгэлд хүрээний аж амьдралын зураглалыг тод үлдээсэн.

Их хүрээ шинэ монгол улсын нийслэл соёл хөгжлийн төв болсоор 102 жилийг үджээ.

1

П.Баярхүү /тоймч/

Shuud.mn
Сонин хачин
bags toirog:
hodooniihon hotoos zail
2014-02-11
яхирмаа:
монгол хэлээр зарим утга санааг буруу гаргасан байна. цаг улирал өөрөө сайхан байх буюу сайхан зун болох гэхийг сайхан зунших гэх байх . зуны улиралд хүмүүн, ямарваа амьтан сайхан зу*г, " зусах", "зуслан" г.м. зунаас үүдэлтэй үүсмэл нэр, үйл үг байна. гэхдээ энэ тоймч баярхүү нь хэдий насны хүн юм бэ ?. хэвлэл мэдээллийн хэрэгсэл олон түмэнд зөв найруулан бичиж, зөв мэдээлэл өгвөл асар их ач тустай, буруу мэдээлэл өгвөл "могойн" хорлол болно гэж мөхөс би бодож байна. цаашдаа эх хэлнийхээ боловсролд анхаарал хандуулах хэрэгтэй шүү
2014-02-10
bayarhuu:
zunshina gej ug bhgui ee hu mongolchuud zusna gj yaridag.
2014-02-10
mbgl:
ystoi zuw heregtei niitlel bna
2014-02-10
зочин:
дажгүй сайхан нийтлэл байна
2014-02-09