Үйлвэржилтийн эрин үеийг эхлүүлэх гэж үе үеийн Засгийн газар толгой гашилгасаар ирсэн. Хаанаас нь яаж эхлүүлж, хэрхэн өрнүүлэх вэ гэдэг дээр учраа олохгүй мунгинасаар түүхий эдээ экспортлогч орон болсноос өөр олигтой үр дүнд хүрсэнгүй. Ажлын байр байгаад монголчууд нь тэнцдэггүй, аж ахуйн нэгжүүд бүтээн байгуулалтад оролцьё гэхээр төр нь дэмжиж өгдөггүй, хөдөлмөрийн зах зээл дээр ямар мэргэжил үнэ цэнтэй, эрэлттэй байгааг тодорхойлж чаддаггүйгээс жил бүр 40 гаруй мянган дээд боловсролтонгууд ажилгүйчүүдийн эгнээнд шууд шилжин орж байх юм. Монгол улс үйлдвэржихгүйгээр явцгүй гэдгийг өнгөрсөн 24 жилийн түүх гэрчилнэ. Хөгжлийн стратеги нь ямар салбарууд дээр суурилан явагдахаа тодорхойлоогүйгээс үйлдвэржилт урагш ахихгүй байгаа юм.
5
Монгол улсын хөгжлийн гол гарц мал аж ахуй газар тариалан, уул уурхай. Улсын эдийн засгийн гол хөдөлгөгч хүч нь ойрын ирээдүйд энэ салбарууд байх болно гэдгийг судлаачид хэлдэг. Харин өнөөгийнх шиг ашигт малтмалаа аль болох их л олборлож, үнэ ханш нь дэлхийн зах зээл дээр тогтвортой өндөр, эрэлт хэрэгцээ нь сайн л байвал улсын халаас түнтийж, эдийн засаг өсөөд байх юм шиг санана. Өртөг шингээхгүйгээр олборлолт шүтсэн уул уурхай эдийн засгийг хэт томруулж хөөсрөл бий болгоно. Ийм хөөсрөл тэлсэн инерцээрээ хөгжлийн машиныг бүрмөсөн гацаанд оруулах хортой.
6
Баялгийн хараал, голланд өвчин гэдэг ингэж л бий болсон. Энэ өвчний хам шинж хэдийн мэдрэгдээд эхэлчихлээ. Урд хөрш түүхий нүүрс авахаа больчихоор данс улайчихна. Засгийн газар данс улайгаад ирэхээр гаднаас баахан бадар бариад тоо томшгүй өр зээл авчихсан. Одоо асуудал ар араасаа босно. Бид асар их баялагтай хэрнээ өрөндөө баригдсан ичмээр хүн амын амьжиргаатай улс хэвээр хоцорно. Эдийн засгийн өсөлт гэдэг нь зүгээр л хөөсрөлтийн мэдээ. Эрдэс баялгийн салбарт төрөөс баримтлах бодлогыг УИХ өнгөрсөн жилийн хамгийн чухал эрхзүйн орчны нэг хэмээн зарласан. Үнэхээр тийм. Гэхдээ олборлолтоос үйлдвэржилт рүү ямар зоримог алхам хийгээд байгаа нь тодорхойгүй. Хөөсийг яаж бий болгоод байгаагаа эрмүүд өнөөг хүртэл нэг л ухаарахгүй байгаа шинж тэмдэг мэдэгдэнэ. Энэ баялаг нөхөн сэргээгдэшгүй. Хэдэн галавын тэртээгээс бий болсон баялаг. Энэ баялгийг бий болгоход хүн төрөлхтний байтугай дэлхийн он тоолол хүрэлцэхгүй.
6
Нүүрсийг алт, алтыг алмааз болгох хөнжлийн түүчээ бодлого бидэнд хэрэгтэй байна. Энэ бол үйлдвэрлэл. Эдийн засгийг хөөсрүүлэхгүй байх энгийн теором нь ажлын үр шимийг шингээ. Ажлын үр шим гэдэг ажлын байр. Хангалттай цалин хөлс, нийгмийн ахуй. Тэрийг хөдөлдмөрийн зах зээлийн /хэрэгцээт ажлын байр, хэрэгцээт боловсон хүчин/ зарчмаар бий болгох. Үүний тулд боловсролын системдээ чанарын дорвитой өөрчлөлт оруулчих. Ярихад амархан хийхэд хэцүү гэж хэн болгон л хэлнэ. Гэхдээ ирээдүйгээ зоригтойхон төсөөлөхийн тулд хөгжлийнхөө бодлогыг зөв тодорхойлоод дээр нь ажиллах хүчин, боловсролын индексээ таацуулаад мөнөөх ухаалаг төрийнхөө зарчмаар аж ахуйн нэгж байгууллагуудаа дарамтлахгүй бол... Үр дүн нь эерэг гарна.
6
Зөвхөн уул уурхай дээр эдийн засгийн гол ноён нуруу ногдоод байгаа юм биш. Мал аж ахуй, газар тариалангийн салбарт энэ бодлого түлхүү хэрэгжих учиртай. Нөхөн сэргээгддэг баялаг гэдэг утгаараа хөгжлийн гол түүчээ нь энэ зүгт төвлөрөх нь зайлшгүй. 45 сая толгой малтай улс орон хөгжилтэй аль улс орны иргэдийн хэрэглээний үнээр мах, махан бүтээгдэхүүнээ авч байна гэж бодохоор ямархуу амьдралын өртөгтэй аж төрж байна вэ гэдэг нь төвөггүй ойлгогдоно. Гурил гурилан бүтээгдэхүүнийхээ өдөр ирэх тусам өсөх үнийн ханшийг хар. Гэтэл нэг сая 500 мянган кв.км газар нутагт юу ч тариалсан ургаж байна. Нөгөө ургадаггүй цагаан будаа хүртэл /Хакухо аваргын тариалангаас ургасан будаа Японыхоос дутахгүй/ Монголын эрс тэрс уур амьсгалыг даагаад ургаж байна. Шинжлэх ухаан технологи хөдөө аж ахуйн салбарт асар өндөрт хүрчихээд байхад манайх нөгөө л бахь байдаг цаг уурын нөхцөл байдлаас шалтгаалсан хэвээрээ.
6
Малын тоо, ашиг шим, ургацын бүх үзүүлэлт тоогоор илэрхийлэгдэнэ. Олон л бол болоо. Ашиг шимийн тухай энгийн тооцооллоос хэтрэхгүй. Гэтэл цаана чинь 3 сар хүрээгүй төл мал монгол малын 3 настайн дайтай ашиг шим өгч байна. Уламжлалт нүүдлийн мал аж ахуйгаа муулах гэсэнгүй. Гэхдээ фермерийн аж ахуйн энэ давуу тал элбэгхэн гурван сая ард түмнийг ченжийн гарт талхиулчихгүйхэн амьдруулчих бололцоо бас байна. Гол нь бидэнд нөгөө л “хэрэгтэй боловсрол” хэрэгтэй байна. Хөдөө аж ахуйн мундаг нөхдүүдийг энэ системээр бэлдээд гаргая. Дотооддоо баялаг үйлдвэрлэе гэсэн ухаалаг төрийн буруу биш ч эхлээд бодлогоо зөв гаргаж энэ мэтээр асуудалд нухацтай хандвал хөгжил ч МОНГОЛД ойрхон байна даа. Үйлдвэржилт гэдэг өөртөө баялгийг бүтээх гэдэг утгаар нь би ойлгодог. Гол нь механизм, төрийн зөв бодлогодоо байгаа юм. Баялаг тодорхойлогч нь бүтээгч, хүртээгчдээ таатай хандахаас хөгжлийн цаашдын чиг хандлага тогтоно. Уулын бугыг хараад (уул уурхай) унасан морио (хөдөө аж ахуй) мартахгүй байж гэмээн хос мориор хөгжлийг товчилно оо хэдүүлээ.
6
Н.Бадамжав