Эдийн засаг 2014 онд дэлхий дахинаа гайгүй байх төлөв ажиглагдаж байгааг судлаачид онцолж байна. Хавтгайрсан дэлхийг хамарсан хямрал намжиж дэлхийн судас тэнийж эрэлт нийлүүлэлтийн гольдрол хүсч байсан таатай хэмжээндээ очно гэж дээр нь онцолсон. Барилгын салбар, бүтээн байгуулалт дээрээ өсөлтийн шугамтай 2013 оныг үдсэн Монголын эдийн засаг яах вэ гэдэг нь анхаарал татаж байна. Таагүй гэсэн зураглалыг Давосын чуулга уулзалтад оролцсон дэлхийн толгой эдийн засагчид дүгнэсэн. Ийм мэдээлэл энэ жилийн улсын төсөв хэлэлцэгдэх үеэр ажиглагдаж байлаа. Бондын хөрөнгө үндсэндээ зарцуулагдаад дууссан, данс улайсны хохирлыг ард түмэн үүрлээ. Иргэдийн хоосорсон хэтэвч өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ ханшийн хэт халалтыг тэсвэрлэж чадсангүй. Бид асар тооцоо муутай, төсвийн төсөөлөл дэндүү сул байгаа нь Оюутолгойгоос олох орлогыг хийсвэрээр төсөөлсөнтэй шууд холбогдоно. Валютын нөөц багассан, ханш чангарсан нь энэ буруу бодлогын шууд хамаарал болон харагдлаа.
5
Монгол мөнгөтэй болох бүрэн боломжтой орон. Гол нь эдийн засаг нь тэлэгдэх боломж асар муу байгаа нь олон боломжийг шууд хаагаад байна. Бага зах зээлд бага л мөнгө эргэлдэнэ, үр дүн нь ч бага тусна. Эдийн засгийг тэлүүлэх сонгодог арга бол үйлдвэрлэлийг хөхиүлэн дэмжих. ТЭЦ 5, төмөр зам, Тавантолгой зэрэг нийтдээ 4-5 тэрбум ам.доллар цацжээ. ”Оюутолгой”-д хийх хэмжээний хөрөнгө оруулалт. Үйлдвэрүүдээ дэмжсэн бол эргээд эдийн засагт том боломж авчрах байлаа. Харин төр тэгсэнгүй. Том бүтээн байгуулалт гэж хэдэн жилийн турш ярьж, анхаарлаа хандуулснаас сууриараа ганхсан хэрэг шүү дээ. Нэмүү өртөг шингээн эдийн засагтаа үлдээж, хуримтлал үүсгэ гэж гадныхан хэлээд байгаа нь бас чиг ортой л үг.
6
Эцсийн бүлэгт оруулсан хөрөнгө оруулалт нь таг зогсч хөрөнгө мөнгө царцлаа. Царцаасан мөнгө олны үглээд байдаг цалин, тэтгэврийг нэмэгдүүлж, үйлдвэржүүлэлтээ сэргээхэд хангалттай хүрэлцэхээр байсан. Үнэнийг хэлэхэд, энэ томоохон бүтээн босголтыг дотоодынхоо хөрөнгийг шавхан байж хийх шаардлагагүй байлаа. Сонирхол татаад байгаа газарзүйн байршил, дэлхийн эдийн ирээдүйн чиг хандлага энэ хязгаарт төвлөөд байгаагаас шалтгаалаад гадны ямар ч том хөрөнгө оруулагч эрчим хүч, зам тээвэр, уул уурхайд харамгүй мөнгө цацах байсан.
6
Гол анхаарал хандуулах ёстой томоохон дэд бүтэц, аж үйлдвэрийн обьект болох төмөр, гангийн үйлдвэр, зэсийн үйлдвэр, кокс болон нүүрс боловсруулах, нефтийн үйлдвэрийн төслүүд бүхэлдээ энэ царцаанд орсон юм. Төр засгаас жаахан л түлхээд хууль эрхзүйн орчноо бизнест ээлтэй болгочихсон бол ногоон гэрлээр л асуудал шийдэгдэх байлаа. Маргаашийн өөхийг хараад өнөөдрийн уушгийг гээсэн хэрэг. Дээр нь хөдөө аж ахуй, эрчимжсэн мал аж ахуй, хөнгөн үйлдвэрээ дэмжээд явчихсан бол өнөөгийнх шиг толгойгоо салаавчлаад сууж байхгүй л байсан байх шүү. Энэ жил үйлдвэрлэлээ дэмжье, нэмүү өртөг шингээсэн бараа бүтээгдэхүүний үйлдэрлэлийг дэмжье гэж уриалж байгаа нь сайшаалтай. Гэхдээ чухам яаж, ямар үе шаттайгаар ямар арга хэмжээ авах нь бас л тодорхойгүй. Миний санаж байгаагаар сүүлийн 14 жилийн турш энэ тухай ярьж байна. Ажил хэрэг болсон нь дэндүү цөөхөн. Бурхны авралаар ард түмэн хэдэн малынхаа ашиг шим, хөрсөн дээр нь ургасан үр тарианы буянаар хоёр идэхгүй хоосон хонохгүй явж ирлээ. Бусдаараа бол гаднаас тэр дундаа өмнөд хөршөөс бүрэн хамааралтай явж ирлээ. Эрхзүйн хувьд тусгаар тогтносон мэт боловч эдийн засгийн хувьд хараат улс орон байсаар ирлээ.
6
Бид санхүүгийн нөөц, боломж нь хязгаарлагдмал. Гадны хөрөнгө оруулалтыг татаж гэмээнэ эдийн засгаа тэлэх учиртай. Хөгжил буурай, төсөв нь цөөхөн нэр төрлийн ашигт малтмалаас хараат улсын хувьд өртэй болохдоо тооцоо бодлого сайтай, хяналттай, үр өгөөжтэй, шинэ орлогыг бий болгох салбар, төслүүдэд түлхүү зарцуулж гэмээнэ эдийн засгийн бааз сууриа бүрдүүлэх учиртай. Харин бидний эдийн засаг энэ бүх жам гольдролын алсуур даялаад байгаад Монголын мөнгө үнэ цэнэгүй болоод байгаа юм. Төр өөрөө барьцаанд орж мөнгө босгоно. Зүгээр л бизнесийн орчноо сайжруулаад, хөрөнгө оруулагч нарт аль болох ээлтэй орчинг эдийн засагтаа бий болгочиход л болчихмоор байгаа юм. Төрөөс төрсөн хийгээд тэрбумтнууд зөвхөн өөрсдийнхөө эрх ашгийн төлөөнөөс асуудалд хандаж, эдийн засгийн мөчир салаа бүхэнд ноёрхлоо тогтоох юм бол энэ улс үргэлж л ийм байна. “ТЭЦ 5”-ийг чинь босгоод бариад өгье хөрөнгө оруулагчдын өөдөөс би хийдэг баатар гээд төр гэдийчих жишээтэй. Харийнхан нүдэнд эвгүй харагдаад байдаг юм уу гэхэд бас биш. Төмөр замыг чинь өөрийнхөө хөрөнгөөр барья гэсэн дотоодын компаниа бас л өөрөө хийдэг баатар болоод гомдоочихно. Тэгээд л баахан мөнгө босгох нэрээр бонд арилжаална. Барьцаанд нь энэ 76 гишүүн, засгийн сайд, Ерөнхийлдөгчтэйгөө орчихож гэнэ. Мөн ярив аа. Төр барьцаанд орно оо гэдэг бол ард түмэн барьцаанд орж байгаа л хэрэг шүү дээ.
7
Хахаж цацсан тэр их хөрөнгө өнөөгийн Монголын эдийн засгийн огцом өсөлтийн хөөс. Үлээхэд л хагарчихна. Үлдэгдэл нь өрийн дарамт. Тэртэй тэргүй эдийн засгийн өсөлт нь иргэдийн халаасанд наалдацгүй тул ард түмэн л хохирч үлдэнэ. Өнөөдөр иргэдийн худалдан авах чадвар 14.3 хувиар буурчихаад байна шүү дээ.
7
Үйлдвэржилт, үйлдвэржилт бас дахин үйлдвэржилт гэдэг үг монголчуудын хөгжлийн нууц тарни байх учиртай. Үндэсний хөрөнгө оруулагчдыг нэг ч том аж үйлдвэрийн төсөл дээр бодитойгоор дэмжсэнгүй. Засаг төр бас л худлаа ярьсаар. Дэмжих их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт эцсийн бүлэгтээ төр бизнес холилдсон олигархиудын халаас дамжаад л үржинэ. Энгийн Дорж, Дулмаагийн гэрт гялайх зүйл багатай л байх болов уу. Бүх зүйлд иймэрхүү хийрхлээр л хандаж байна. Гэтэл амьдрал өөрөө бодитой оршдогсон.
6
Н.Бадамжав