УИХ-ын гишүүн хууль санаачлах эрхтэй. Харин өргөн барьсан хуулийг нь хэлэлцэх эсэхийг парламент шийддэг. Хуулийн төсөл санаачлан өргөн барих нь зөвхөн УИХ-ын гишүүний хийсэн ажил мэт олон нийтэд харагддаг ч үүний цаана тухайн салбарынхан, ажлын хэсгийнхэн гээд өч төчнөөн хүн хүч, хөдөлмөрөө зарцуулсан байдаг. Цаашлаад хууль батлагдтал тухайн салбарт өөрчлөлт орно гэсэн хүлээлт үүсч, назгайрал хавтгайрдаг нь нууц биш. Тиймээс ч гишүүд санаачилсан хуулиа батлуулах гэж лобби хийх, наанадаж шуурхай батлуулахаар чармайдаг. Зарим парламентч бүрэн эрхийнхээ дөрвөн жилд ганцхан хуулийн төсөл санаачлан тэвэрч гүйсээр хугацаагаа дуусгавар болгодог тал ч бий. Тухайлбал, 1996-2000 оны парламентад гишүүн н.Хувьтөгөлдөр Өршөөлийн хуулийг санаачилсан хэдий ч батлагдаагүй юм даг. Тиймээс эрхэм гишүүн хуулиа батлуулах гэж хэвлэлийн хурал хийж “Өршөөлийн тухай хуулийг энэ парламент батлахгүй байна. Цаана чинь олон мянган хоригдол энэ хуулийг батлахаар суллагдах гээд хүлээж байна. Хэрвээ энэ хуулийг батлахгүй юм бол бидний гар урт шүү гэдгийг дамжуулаарай гэж надад захилаа” хэмээн олон нийтийг хирдхийлгээд авсан юмдаг.
:
Өнгөрсөн намрын чуулганы хугацаанд нийгэмд хамгийн их хүлээлт үүсгэсэн хуулийн төсөл бол УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлэг дэх Ц.Оюунбаатар нарын МАХН-ын гишүүдээс өргөн барьсан Өршөөлийн тухай хууль байлаа. Үүнийг зарим ажиглагч МАХН-ын дарга Н.Энхбаярыгаа чөлөөлөх гэж өргөн барьсан гэж үздэг. Нөгөө талаас энэ хууль хэрэгжсэнээс суллагдахад цөөхөн жил үлдсэн, анх удаа гэмт хэрэг үйлдэж ял авсан зэрэг хүмүүс суллагдах магадлалтай тул ялтан хийгээд ар гэрийнхэн нь парламентын зүг байнга чих тавьж байлаа. Тэр байтугай жагсаал, цуглаан ч хийгээд авсан. Харин хоригдлуудыг олноор суллах нь нийгэмд айдас, түгшүүр, цочрол өгдөг тул олон нийтийн зүгээс тийм ч таатай хүлээж авдаггүй талтай. Мэдээж, дахин алдахгүйгээр, амьдралаа шинээр эхлэх гэсэн хүсэл тэмүүлэлтэй олон хоригдол байдаг байх. Гэвч ихэнх нь нийгэм дунд ороод дахин гэмт хэрэг үйлдэн эргэж ирдэг гэх судалгаа байдгаас олон нийт хирдхийдэг болов уу. Тиймээс ч санаачилсан гишүүн нь уг хуулийнхаа талаар дуугарна уу гэхээс бусад гишүүд энэ талаар ямар нэг байр суурь хэлээд байдаггүй. Харин энэ мэт санаачилсан хуулиа хэлэлцсэнгүй гэх гомдол намрын чуулганы хаалтын үеэр ширүүхэн “урслаа”.
.
Парламентын дотоод асуудал намрын чуулганы отгон өдөр тогооноосоо хальж ширүүсэв. Өөрөөр хэлбэл, багахан хэмжээний дажин үүслээ. Могой жилийн битүүний өдөр хаалтаа хийсэн намрын чуулганы үеэр парламент дахь цөөнх гомдлоо тайлснаар өндөрлөлөө. Парламент дахь сөрөг хүчин МАН хийгээд гурав дахь хүчин болох МАХН-МҮАН-ын хамтарсан “Шударга ёс” эвсэл, бие даагчид хүчээ нэгтгэж эрх баригч АН-ын эсрэг “босов”. Ажлын 86 өдөр хуралдсан намрын чуулганы хугацаанд парламент дахь олонх нь цөөнхийн өргөн барьсан хуулийн төслийг үл тоомсорлон, өөрсдийн өргөн барьсан хуулийн төслийг үтэр түргэн хэлэлцэж “хойд эцэг”-ийн зан гаргажээ. Тиймээс ч өмнөх намрын чуулганаар хэлэлцүүлээгүй хуулийн төслөө хаврын чуулганы хэлэлцэх асуудалд багтааж гэж найдаж байсан аж. Гэвч хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад хуулийн төсөл нь багтаагүй байгаад цөөнх бухимдаж, ийн эрх ашгаараа нэгдэж “боссон” байна.
.
Ирэх хаврын ээлжит чуулганаар нийт 279 хууль, тогтоолын төслийг хэлэлцэхээр санал ирүүлсэн байна. Үүнд, УИХ дахь АН-ын бүлэг 47, МАН-ын бүлэг 46, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг 35, Засгийн газар 95 төсөл, мөн УИХ-ын гишүүн С.Ганбаатар 10 санал тус тус багтжээ.
.
Харин МАН-ын бүлгийн өргөн барьсан Малчдын тэтгэвэрт гарах насыг богиносгох, Нэмэгдсэн өртгийн албан татварын босгыг 200 сая төгрөг болгох хийгээд “Шударга ёс” эвслийн бүлгийн өргөн барьсан Өршөөлийн тухай хууль хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад багтаагүй аж. Засгийн газарт хамтран эрх барьж байгаа, өргөн барьсан хуулиа хэлэлцүүлж чадаагүй “Шударга ёс” эвслийнхнийг МАН-ын бүлгийн зарим гишүүд ёжлон, хатгаж байсан юм. Жишээ нь, гишүүн Ж.Энхбаяр “Та нар АН-ын дэлүү шиг явахаа боль” хэмээж байсныг УИХ-ын дэд дарга Л.Цог ч хүлээн зөвшөөрч, цаашлаад О.Баасанхүү нарын гишүүн Засгаас гарахаа мэдэгдэж байсан нь тус намын сайд гишүүдийн ясыг хавталзуулж байсан биз. Парламент дахь цөөнхийн энэ эсэргүүцэл Хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг батлахыг дэмжээгүйгээр үргэлжлэв. Тун удахгүй ээлжит бус чуулган хуралдана. Ээлжит бусаар дээрх хуулийн төслүүдийг хаврын чуулганы хэлэлцэх асуудлын жагсаалтад багтаасан эсэхээр цөөнхийн тэмцлийн үр дүн харагдах биз. Хэрвээ дийлэнх олонхийг сонгосон бол ярайтал зэрэгцэн суугаад л ярсхийтэл гараа өргөөд, хэрүүл уруулгүй хэлэлцэх асуудлаа батлаад л явах байсан биз. Ямартай ч олонхигүй, хамтарсан Засагтай, сөрөг хүчинтэй парламентыг бүрдүүлсэн сонгогчдын сонголт ч тун мэргэн юм аа.
.
Н.Энхлэн
Уншиж байна |