Цагаан сараар сайхан ааштай байсан аав нь шинийн 4-ний өглөө толгой дээр нь бухимдан үглэж унтуулахгүй, сонин ааш аяг гаргасан талаар найз маань ярилаа. Манай хэдийг сар шинийн ядаргаагаа тайлж нам унтаж байх хооронд эртэч өвгөн “касс” орж тэтгэврээ авчээ. Тиллэр хүүхэн найрсгаар мэнд мэндээд “тэтгэвэр нэмэгдсэн” байна гэсэн баяртай мэдээг мишээн дуулгажээ. Ингээд тэтгэврээ тоолж аваад зөрүүг бодтол 20 мянган төгрөг нэмэгдсэн байж. Улсад 30 жил хөдөлмөрлөсөн хүн би дахиад хэчнээн жил амьд явахав дээ, бид. Ядаж үнийн өсөлтөд нь дөхүүлээд нэмчихэж болоогүй юм уу гэж бухимдан, гэртээ ирж гомдлоо хүүхдүүддээ гаргаж. Баярын уур амьсгал намжаагүй байхад тэтгэврийн нэмэгдэл бага байна гэж ганцаараа хэвлэлийн хурал зарлах ч хаашаа юм. Хөөрхий ойроор нь хүүхдүүдээ л үг хаяж.
5
Цагаан сар дөнгөж гарангуут тэтгэврийн хэдэн хөгшнөө баярлуулах гэсэн Засгийн газрын санаа нь сайхан, цаг хугацааны хувьд супер тооцоолол байлаа. Морин жилийн босгон дээр Засгийн газар ахмадууддаа нэгэн бэлэг барьж тэтгэврийг 12-28 хувь хүртэл нэмсэн байна. Одоогийн долларын ханшийн өсөлт үнийн нэмэгдэлтэй харьцуулах гэвэл хүний уур хүрэх тул үүнийг нуршаад хэрэггүй юм.
6
Эх орноо хөгжүүлэх, гэр бүлээ авч явах гэж энэ насаараа хоёргүй сэтгэлээр хөдөлмөрлөсөн ахмадуудад цэнхэр дэвтрээсээ өөр бэлэн мөнгө харах боломжгүй үлдсэн нэгэн үеийнхэн олонх нь байгаа. Тэдэнд одоогийн нэмэгдэл хийгээд цаашдаа ирэх нэмэгдэл нь “чанга атга” л гэдэг болохоос, бодит нэмэгдэл болж чадахгүй. Үүнийг Н.Алтанхуяг сайд ч сайн мэдэж байгаа. Гэхдээ байгаа мөнгө боломж нь л энэ гэж мөрөө хавчаад цаашдаа бол бид ингээд нэмээд байх юм гэсэн үе үеийн сайд нарын уламжлалт мэдэгдлийг удахгүй болох 30 минутаараа хийх биз. Ер нь тэтгэврийг нэмээд араас нь их бага нэмсэн гэж нүүрээ улалзуулж суугаа нь ганц Н.Алтанхуяг сайд биш. Хавтгайрсан халамж тарааж байх үед ч тэтгэврийн нэмэгдэл тавьсныхаа дараа хүний араар орчихдог Ерөнхий сайд нар байсан нь одоо ч их хуралдаа тухалж төсөв батлаж л суугаа. Энэ нь тэтгэвэр халамжид өгөх мөнгө багадаа ч биш суурь тогтолцоо нь буруу явж ирсэнтэй холбоотой болж тайлбарлагдана.
6
“Сэмхэн” гэсэн зохиогүй чимэг тодотголтой энэ удаагийн тэтгэврийн нэмэгдлийг Засгийн газрын сурталчилгаа болгож хэт рекламдаж байгаа ч яг амьдрал дээр бол бухимдал гомдлыг бас дагуулж байна. Ингэж хоёрын хооронд хуушуурын нэмэгдэл шиг юм өгөхөөр дориухан нэг нэмээд өгчихөөч гэсэн нэг талаа барьсан хүсэлтийг тэтгэврийн бүлгийнхэн дахиад л тавьж байна. Үүнд бэлэн нэг хариулт байдаг нь ихээр нэмбэл тэр хэрээр үнэ өснө, инфляци болно гэх загвар тайлбар. Цалин тэтгэврийг ил далд нэмэхээс үл хамаарч юмны үнэ өсөөд л байх ба үүнийг хөтлөгч нь ноён долларын ханш цаашилбал, суурь шалтгаан нь гадаадын хөрөнгө оруулалт болоод импортоос хэт хамааралтай манай эдийн засгийн сульдаанаас болоод байгааг бид ухаарч ярьж эхэлсэн. Тэтгэврийн ахмадууд ч үүнийг гадарлахтайгаа, эх орноо гэж бодохтойгоо улс. Тэгээд ойлгож ерөнхий сайдыг дэмжье гээд бас өөрсдөө хэцүү байна. Нэг их наядаар өөрсдөө юм хийдэг больё гэхэд нь бидний тэтгэвэрт хагасыг нь өг гэсэнгүй, ухаантай юм ярьдаг хүү юм гэж Засгийн тэргүүнийг магтаж суусан.
6
Харин одоо бол гомдлын үг хаяхаас өөр аргагүй. Энэхүү тэтгэврийн нэмэгдэл нь адис рашаан биш амьдрахын тулд зарцуулах мөнгө тул авсан хүн мэдэрч амьдралд нь дэм болохоор хэдэн цаас олигтойхон нэмээч гэж үг хаяж сууна. Тэтгэвэр нэмэгдсэн байна гэсэн сайхан мэдээний ард 20 мянга л нэмэгдсэн байна гэсэн нэгэн аавын бухимдал гомдол байгаа нь бодитой амьдралын дүр зураг. Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авагчдын дийлэнх буюу эдгээр иргэдийн гуравны хоёрынх нь тэтгэвэр дунджаар 15 хувиар өссөн гэж байна. Мөн үүн дээр “Ажилласан жил тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хууль”-ийг хэрэгжүүлсэнээр 64.1 мянган иргэн ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлээ нөхөн тооцуулснаар мөн дунджаар 15 орчим хувиар тэтгэврээ нэмэгдүүлэн авах боломжтой болж байгаа буюу 64 мянга орчим иргэний тэтгэвэр дунджаар 30 орчим хувиар нэмэгдэнэ гэсэн үг гэсэн гэгээлэг мэдээ ч байна.
6
Гэхдээ амьдрал дээр бол 20 хувийн үнийн өсөлтийн урдаас 20 мянгатын тэтгэврийн нэмэгдэл барьсан өвгөн зогсч байна. Улсдаа 30 жил хөдөлмөрлөж энгэр дүүрэн ойн болоод хүндэт цол тэмдэг медальтай хүн 20-30 мянгаар тэтгэврээ нэмэгдсэнд баярлах бус бухимдаж байгааг ойлгож, үгийг нь сонсох ёстой байх.
6
Монгол Улсын Үндсэн хуулийн 19 зүйлийн 1-ийн “...хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, ... иргэнийхээ өмнө Төр хариуцна” гэсэн заалтаа төгс биелүүлэх цагийг өвгөд хөгшид хүлээж сууна. Тэтгэврийг сэмхэн бас хүрэлцээтэй нэмээч л гэж байна.
6
Пүрэвжавын Баярхүү /тоймч/