Луу үнссэн газар нутаг бүхэн цэцэглэдэг гэсэн нэр томьёо сүүлийн үед түгээмэл хэлц болжээ. Бид болохоор луугаас зугтаад байдаг. Хятадын тэрбум гаруй хүн ам дээр нэмэгдээд Энэтхэгийн хүн амыг нийлүүлсэн асар том зах зээлийг эс сонирхох нэгээхэн бээр ч үгүй. Тив алгасаад энэ хязгаар тийш дэлхий зүтгэж байна. Энэтхэг, хятадууд дэлхийн өнцөг булан бүрт идэвхтэй ажиллаж байна. Оршин тогтнохын тулд. Тэд алга дарам газар, атга чимх хоолны төлөөнөөс зүтгэж байгаа мэт харагдавч үндэстнээ “надаас өөрөөр” тогтнохгүй шүү гэдгийг чимээгүйхэн хэлж байна. Дорой мэт харагдавч эрэлт нь нийлүүлэлт нь тэдэнд байна. Дэлхийн хүн амын талыг тэд эзлэж байгаа учраас эдийн засгийн үзүүлэлтүүд тэднээс шууд хамааралтай. Гурван сая хүнтэй Монгол бол өчүүхэн. Түүхий эдийг нь авсан ч аваагүй ч өч төчнөөн суваг тэдэнд бий. Агаар, ус, газраар гэхчлэнгээр.
_
Тэгтэл бид томроод байдаг. Дэргэдээ байгаа хоёр том хөршөөс олигтой юм салгачих ухаан дэндүү хомсхон. Нэг нь гэдийчихээр эдийн засаг нь дагаад хямарчихна. Сүүлдээ бүр Хятад тоглолт хийдэг боллоо. Хойд Хятадын хэдхэн том компанийн нөхдүүд ширээ тойрч суугаад Тавантолгойн нүүрсийг хог болгож чадаж байна. Тавантолгой биш яран толгой болгож байна шүү дээ. Улсын төсөв орлогоороо сох дутлаа. Валютын ханш хомсдолоос шалтгаалаад огцом өснө. Аргаа барсан хүүхэд аавын толгойг маажна гэгчээр хойдууд руугаа хандаж үзсэн. Өмнөөс нь эрхий хуруугаа дунд долоовор хуруу руугаа хавчуулаад үзүүлэв. Зүүн хойд Ази руу тэмүүлээд байгаа төмөр замаа тавибал тавь, хариуд нь орлогынхоо 40 хувь. Та нар шатахууныхаа хэрэглээг надаар тэжээлгэдэг шүү. Станцуудыг маань баривал юу асуудал нааштай шүү гэх шүү юм баавгай ах ярина.
.
Хамгийн идэвхтэй зах зээл өмнөд хөрш. Хойрго нь хойдууд. Идэвхтэйгээрээ өнөөдөр Оросын дорнод хязгаарт хятадгүй тосгон алга байна. Идэвхтэйгийнх нь эрчинд нийцэх үү, хойргынх нь салхинд хоргодох уу. Улс үндэстний биеэ даасан байдлаа харгалзан үзвэл эхийг нь эцээж тугалыг нь тураахгүй явахсан гэж “мундагчуул” ухаан бодлоо уралдуулах ёстой баймаар юм. Нэгээс жийрхэж нөгөөг адласаар энэ улс түмний хөлнөөс хол хоцрогдоод байна. Тэнгис дамнаад ирэхгүй гуравдагч хөршийн тухай санааширч суухаар энэ хоёр нөхөртэй аятайхан ярьчихмаар байгаа юм. Хээ шаагүй сууж байгаад хөөрөг даалингаа гаргаж солилцоод “За хө яамаар байна. Хойдууд ийм юм ярьж байна. Танай руу л юмаа гулгуулчихмаар санаатай даг шүү. Би ч яах вэ хэр тааруу тохирвол гүйлгээд л өгье” гэсэн шүү юм яриад тохирчихмоор.
.
Ингэж мунгинасаар суухад мөнөөх хятадууд Африкт “ул суурьтай”-гаар хамтран ажиллаж эхэллээ. Хавтгайрсан бөмбөрцөг хямралд автан, ард түмнээ хэрхэн тэжээх вэ хэмээн бухимдаж суухад тэд торох юмгүй африкт ажил хэргээ өргөжүүлэн тэлж байсан нь бүүр сэжигтэй. Тэд хөгжлийнхөө түлхүүрийг тэндээс харсан байна. Монголоос биш шүү. Бид уг нь хойд Хятадын үйлдвэрүүдийг түүхий эдээр хангаж өөрөө босох гэсэн хөгжлийн бодлоготой байдаг.
.
Хятад Африктай худалдааны эргэлтээрээ дэлхийд хоёрдугаар байрт орсон. Таваар эргэлтийн хэмжээ нэг жилд 100 тэрбум ам.доллар бөгөөд жил бүр худалдааны эргэлтийн хэмжээ нь 33 хувиар өсч байгаа юм. Өнгөрсөн жилд гэхэд Хятадын шууд хөрөнгө оруулалт 13 тэрбум ам.доллар болж, Хятадын ядуу буурай орнуудад үзүүлэх зээл тусламжийн хэмжээ Дэлхийн банкныхаас аль хэдийн даваад явчихлаа. Хятад улсад хар тивийн 17.5 мянган мэргэжилтэнг бэлтгэн сургаж, хар тив ба хятадын хамтын ажиллагаа улам бүр нягтарлаа. Энэ их хөрөнгө мөнгөний тавхан хувь манай иргэдийг хоёр жилийн турш тэжээж чадна. Луу ингэж үнсдэг аж. Үнсүүлэнгээ хормойлох монгол ухаан бидэнд дутамгүйсэн.
.
Н.Бадамжав