УИХ-ын 2013 оны намрын чуулган могой жилийн битүүний өдөр хаалтаа хийлээ. Намрын чуулган үүргээ биелүүлж чадсан уу. Хугацаагаар тооцвол намрын чуулган ажлын 86 хоног үргэлжилж, нэгдсэн хуралдааныг 36 удаа, байнгын болон дэд хорооны хуралдааныг давхардсан тоогоор 112 удаа хийсэн байна. Чуулганаар бүгд 148 хууль, тогтоол, УИХ-ын шийдвэрийн төсөл хэлэлцэж баталсаны 10 нь бие даасан хууль, 81 нь нэмэлт өөрчлөлт оруулах тухай, 6 нь хууль хүчингүй болгох тухай хууль, нэг гэрээ соёрхон батлах тухай хууль, 52 нь УИХ-ын тогтоол байсан гэх статистик тоо гарчээ. Ер нь жил жилийн намрын чуулган улс орны төсөв, нийгэм, эдийн засгийн үндсэн чиглэл, мөнгөний бодлогыг баталж, ирэх оны хөгжлийн бодлогыг тодорхойлдгоороо онцлогтой хийгээд ачаалалтай байдаг. Уламжлал ёсоор энэ намрын чуулганаар ч Монгол Улсын 2014 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн болон Нийгмийн даатгалын сангийн төсвийн тухай хуулийг баталсан. Төсвийн тухай хуулиар Улсын нэгдсэн төсвийн хувьд нийт орлого 6.8 их наяд төгрөг буюу ДНБ-ий 33.6 хувь, нийт зарлага 7.2 их наяд буюу ДНБ-ий 35.6 хувь, нэгдсэн төсвийн алдагдал 409.9 тэрбум төгрөг буюу ДНБ-ий хоёр хувьтай тэнцэж байна.
6
Энэ удаагийн намрын чуулганаар улсын төсвийг авлигаас салгаж, Төрийн тэргүүний уриалаад байгаа ухаалаг уруу хөтлөхөөр УИХ ч мэрийж, Засгийн газар ч хичээж ажиллах шиг харагдсан. Тиймээс ч УИХ төсөв хэлэлцэх явцад “авилгажсан” гэх тодотгол бүхий 139.1 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 243 төсөл, арга хэмжээний 2014 онд санхүүжүүлэх 106.3 тэрбум төгрөгийн төсвийг царцааж шалтгааныг тогтоолгохоор Үндэсний Аудитын байгууллагад шилжүүлэн шалгуулж байгаа. Аудитын дүгнэлтийг үндэслэж, эдгээр төсөл, арга хэмжээг цаашид үргэлжлүүлэн санхүүжүүлэх эсэх асуудлыг УИХ шийдвэрлэх юм.
6
Энэ намрын чуулганаар Хөрөнгө оруулалтын тухай хуулийг баталсан. Ингэснээр хөрөнгө оруулагчдыг гадаад дотоодоор “ялгаварласан” өмнөх хуулийг хүчингүй болгон адил тэгш үйлчлэх эрхзүйн орчинг бий болгосноороо онцлогтой.
6
Төсвийн тогтвортой байдлыг хангах, гадаад валютын урсгалыг сайжруулах, экспортыг нэмэгдүүлэх дотоодын үйлдвэрлэлийг дэмжихэд энэ оны төсөв хийгээд төрөөс 2014 онд баримтлах мөнгөний бодлогыг чиглүүлжээ. Тиймээс ч үүсч болзошгүй нөхцөл байдалд эдийн засгийг түргэн зохицуулах чиглэлээр бодлогын болон зохицуулалтын арга хэмжээг богино хугацаанд шуурхай хэрэгжүүлэх, тэр дундаа хувийн сектор энэ нөхцөл байдалд дасан зохицох боломжийг бүрдүүлэхэд Монголбанк, Засгийн газар санаачилгатай ажиллах хэрэгтэйг спикер намрын чуулганыг хааж хэлэхдээ анхааруулж байсан.
6
Намрын чуулганаар хэлэлцсэн зарим хууль дээр эрх баригч хийгээд сөрөг хүчний хооронд ширүүхэн маргаан өрнөж, бүлгүүд эсэргүүцлээ хуулийн дагуу “завсарлага авах” хэлбэрээр үргэлжүүлж байсан юм. Алтны худалдааны ил тод байдлын тухай хуулийг гишүүд нууцаар хэлэлцэн хойшлуулсан. Энэ хуулиар алтыг зөвхөн монгол банкинд тушаах, алтны нөөц ашигласан төлбөрийг 10 хувь байсныг 2,5 хувь болгохоор байсан юм. Гишүүдийн дэмжлэг аваагүй энэ заалт Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслөөр “зүсээ хувирган” орж ирснээр батлагдана лээ. Хуулийг батлагдсан өдрөөс нь хэрэгжүүлэх бөгөөд Монголбанк, түүнээс эрх олгосон банкинд алтаа худалдсан тохиолдолд алтны нөөц ашигласны төлбөр 2.5 хувь, нэмэлт төлбөр 0 хувь байхаар, бусад этгээдэд худалдсан тохиолдолд холбогдох татварууд хэвээрээ үлдсэн болно. Энэ зохицуулалт нь гадаад валютын улсын нөөцийг бүрдүүлэх, төгрөгийн тогтвортой байдлыг хангахад үр дүнтэй зохицуулалт болно гэж эрх баригчид үзэж байгаа бол сөрөг хүчний зүгээс эсэргүүцэлтэй тулсан хэвээр байгаа.
6
Намрын чуулган шүүх, цагдаагийн байгууллагад хийж байгаа шинэчлэлийг гүнзгийрүүлэхэд чиглэсэн хэд хэдэн хууль батлагдсан. Авилгын эсрэг болон холбогдох зарим хуульд өөрчлөлт оруулж прокурорын байгууллагын дэргэдэх мөрдөн байцаах албыг АТГ-т шилжүүллээ.
6
Парламентчдыг хооронд нь мэтгэлцүүлсэн хуулийн нэг нь УИХ-ын Дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах заалт. Хуралдаандаа цагтаа ирдэггүй, ирц хүрээгүйгээс хэлэлцэх асуудал хойшлогддог үзэгдэл парламентад уламжлал болон тогтсон. Тиймээс ч “цахим” спикер гишүүдийг цагаа барьдаг болгохын тулд “хуруу”-гаар ирц бүрдүүлэхээр 29 саяын автомат тоног төхөөрөмжийг ч бэлэн болгосон байлаа. Харин хуруугаараа ирцээ бүртгүүлэх нь УИХ-ын гишүүний нэр хүндэд ичгэвтэр төдийгүй бүрэн эрхэд халдсан асуудал. Нөгөөтэйгүүр хуруугаар санал өгөх нь будилаан үүсгэх бас нэг хэлбэр хэмээн эрхэм гишүүд өөрсдийгөө тас өмөөрч МАН, АН-ын бүлгийн дарга нарыг санаачилсан төслөө татаж авахыг шаардсанаар дуусгавар болсон билээ. Парламент дахь үзэгдэл үүгээр дуусгавар болсонгүй. Намрын чуулганы хугацаанд МАН, МАХН-МҮАН-ын хамтарсан “Шударга ёс” бүлгийн зүгээс өргөн барьсан хуулийн төслүүд хэлэлцэгдсэнгүй гэсэн гомдолд спикер дарагдсан. Үүнд “Хууль санаачлагчид Үндсэн хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ дагуу олон хууль боловсруулж өргөн барьж байна. Энэ нь сайшаалтай хэдий ч нийгмийн бодит хэрэгцээ шаардлагыг зөв тодорхойлж, үндэслэл бүхий судалгаа, тооцоо сайтай хуулийг чанартай боловсруулан өргөн мэдүүлэх шаардлага зүй ёсоор тавигдаж байна. Зарим хуулийн төсөлд их наяд төгрөг зарцуулагдахаар боловсруулагдсан байна. Гэтэл улсын төсөв маань тэрбум төгрөгөөр хэмжигдэж байгааг анхаарах хэрэгтэй” хэмээн УИХ-ын дарга З.Энхболд хариу өгнө лээ.
7
Могой жилийн намрын чуулганаа парламент өндөрлүүлж, гадааллаа. Эдүгээ гишүүд Сар шинээ угтаад, нялх төлийн дуутай зэрэгцэх малчны хотыг зорьж, хуулиа бас өөрдсийгөө сурталчлах биз. Модон морин жилдээ төр түвшин, түмэн олон амгалан, төрийн түшээд ч ухаалаг байг ээ.
6
Н.Энхлэн
Уншиж байна |