Улс орны нийт баялаг цөөхөн гэр бүлийн гарт төвлөрдөг гажуу зүйл Монголоор тогтохгүй дэлхий дахинаа байна. Давосын уулзалтын үеэр яригдсан гол асуудлуудын нэг нь баялгийг тэгш хуваарилж, баян хоосны хэт ялгааг арилгах асуудал байлаа. Асар их мөнгөний уутыг Сезам..сезам гээд нээх эрх гинжнээс өөр алдах юмгүй энгийн ардад биш эрх мэдэл, мөнгөний уурхай болсон нөхдүүд л байна. Тэд ганхахаар улсын эдийн засаг нийгэмд асар хүчтэй цохилтыг үзүүлдгийг өнгөрсөн онд бид харсан. Цохилтын мангуурлаасаа эдийн засаг өнөө хэр нь гараагүй. Нарийн дээрээ төсөвт улаан зоос байхгүй. Авсан өр зээл, хоосон шахуу цацагдаж байгаа хөрөнгө оруулалтын нөхөөсөнд байдгаа гөвчихөөд байна. Тэгсэн хэрнээ энэ оны төсвийг цаасан дээр маш өөдрөгөөр сэтгэн дурайлгасан. Захаасаа бүтээн байгуулалтын зардлын шаналгаанд төр шаналж сууна.
6
Татварын орлогын 90 орчим хувийг бүрдүүлдэг томоохон аж ахуйн нэгжүүд алдагдал хүлээн дэнжигнэхэд олон нийт л хохирдог. Нэгэнт л эдийн засгийн багана тулгуур болохоор нь төрөөс байдгаараа дэмжинэ. Дэмжихгүй бол өөрөө оршин байх эсэх нь тодорхойгүй болохоор тэр. Нэгэнт л олон нийтийн халаас хоосон тэгээд ч зардал ихээр шаарддаг хүйтний улирал болохоор толгойны өвчин нь эдгэхэд улам хүнд.
6
Анагаахын тулд нийгмийн халамжинд УИХ, Засгийн газар анхаарч мөнгө цацах нь зүй ёсны юм. Даанч тэр мөнгө нь алга. Өөдрөгөөр төсөөлсөн төсөвтөө тодотгол хийж гэмээн шаардлагатай мөнгөө гаргаж авах хууль эрхзүйн орчин нь бүрдэнэ. Цаасан дээр бичих нэг хэрэг, байхгүй мөнгийг хаанаас олох вэ гэдэг том асуудал. Чингис, Самурай бондын хөрөнгөнөөс ил далдаар гулгуулахыг оролдоно. Төсөв бүрдэхгүй шалтгаар татварын хувь хэмжээгээр бизнесменүүдээ дарамтлана. Өөрсдийнх нь өхөөрдөн хэлдгээр жижиг дунд үйлдвэрлэгчдээ. Дарамтад орогчид захаасаа дампуурч, орлого зарлагаа нууцалж эхэлнэ. Ингээд л дундаж давхаргагүй хэт баян, хэт ядуугийн орон зай улам бүр хаяагаа тэлж байгаа юм шүү дээ.
6
Төр ухаалаг зүохицуулагч байж гэмээн энэ хурцдалаас олноо зайлсхийлгэж чадна. Үндэсний томоохон компаниуд нь дампуураад ирэхээр хамгийн либераль эдийн засагтай АНУ өч төчнөөн банк, компаниудаа улсын болгож амийг нь аварч байлаа. 2008 оны их хямралаар ч тэр Европын орнууд иймэрхүү алхмыг хийж эдийн засгийн баганаа ганхаахгүйг хичээсэн. Үр дүн нь өнөөдрийн бага ч гэсэн сэргэлт. Ачааны хүндийг жижиг дунд үйлдвэрлэлийн халааснаас биш төр өөрөө үүрч гэмээн цохилтын хүчийг зөөллөх бодлого байлаа. Макро эдийн засгийн төвшиндөө дайны галыг дүрэлзүүлээд өнгөрөөнө үү гэхээс микро эдийн засагтаа халдаадаггүй нь нийгэм улс төрийн тогтвортой байдлаа хангах сайн талтай юм билээ.
6
Зах зээлийн нийгэм гэдэг эрэлт нийлүүлэлтийн алтан зарчмыг баримтлах хэдий ч эдийн засаг ба нийгмийн жингийн туухайг хэр тэнцүүлэх вэ гэдэг л төрийн оршин тогтнох үндэс болдог юм. Зах зээл хахир хатуу гинжин урвалаараа ямагт нийгмийн халамжийн бодлогыг үгүйсгэдэг. АН баруун үзэл баримтлалаараа цалин тэтгэврийг нэмэгдүүлэх сонирхол муутай байгаа нь энэ машиныг гацаагүй ажиллуулахыг хүсч байгаа нь илт. Гэвч иргэдийн халаас нимгэн байгаа өнөөгийн нөхцөлд олонхийн дургүйцлийг дээд зэрэгт хүргэж асаахаас өөр замгүй.
6
Цалин нэмэхээр бараа бүтээгдэхүүний үнэ ханш нэмэгдээд ямар ч үр ашиггүй, инфляци хөөрөгдсөн зүйл болж эдийн засагтаа эргээд асар их ачаалал өгдөг энэ гажуу тогтолцоог үгүй хийх хэрэгтэй байгаа юм. Энэ гарцыг нэг тийш болгохгүйгээр эдийн засаг нийгмийг жингийн хоёр туухайд хэзээ ч зохистой тэнцүүлж чадахгүй. Цаашлаад дундаж давхаргагүй нийгэм бүтээгээд байгаагийн хамгийн том алдаа үүнд л оршоод байгаа юм шүү дээ.
6
Мөнгө өөрөө хөдөлгөөнд орж байж эдийн засгийг тэтгэнэ. Нэг л их том том хөрөнгө оруулалт, өр зээл, бонд хувьцаа дээгүүрээ ярьцгаана. Иргэн хүнд хүрч үйлчилдэг санхүүгийн бичил сектор гэж даанч алга. Хадгаламж зээлийн хоршоо хэчнээн хүний өч төчнөөнөөр тоологдох тэрбум төгрөгийг хэрхэн салхинд хийсгэв. Өнөөг хүртэл төр барагдуулж чадахгүй сууна. Хууль эрхзүйн орчныг нь олигтой шийдээгүйгээс ийм гажуудал гарч мөнгөө хадгалуулсан иргэд шунахай сувьдгаараа дуудуулаад хохирч үлдсэн.
6
Зөв бодлоготойгоор иргэдийнхээ хадгаламжинд хандсан бол асар их хэмжээний хөрөнгө мөнгө иргэдийн халаасанд байсныг төвөггүй тооцоолж болно. Нөгөө талаар банк санхүүгийн байгууллагууд нь Гобсек маягийн хаанчлалгүй байсан бол ганцаас газар дүүрнэ гэгчээр эдийн засаг овоохон эрүүлжих байсан. Чинээлэг дундаж давхаргатай болох эсэх нь эцсийн бүлэгт төрийн уян хатан бодлоготой шууд холбоотой юмсан даа.
6
Н.Бадамжав