Ардчилсан хувьсгал ялаад хорь гаруй жилийн нүүрийг үзэж байна. Бид олон зүйлийг шинэчилж чадсан ч засаг захиргааны нэгжийн бүтцийн шинэчлэлтийг хийж чадсангүй. Үе үеийн УИХ, Засгийн газар үүнийг ярьдаг ч улам бүр бүдгэрүүлэн багасгаж, олшруулсан уу гэхээс өөрийн орны онцлогийг тусгасан хуваарилалтыг хийж байсангүй. Уг нь нүүдэлчин Монголчууд аль эрт /Хүн гүрний үеэс/ цагаас л газар нутгаа баруун, зүүн, төв хэмээн хувааж хангай, тал хээр, говийн нутгийг дамнасан умраасаа өмнө этгээд тийш чиглэсэн гурван гарт хуваадаг байлаа. Энэ хуваарилалт Чингисийн үед уламжлагдан Манжийн эзэрхийллийн эхэн үе хүртэл үргэлжилсэн.
6
Нүүдэлчдийн хувьд хамгийн боломжтой төгс хуваарилалт. Тал хээртээ салхи савиртай бол хангайгаа бараадна. Хангайдаа хүйтэн хахирган бол тал хээр, говийн бүсээ бараадад нүүчихнэ. Цэрэг дайны хувьд нэн өндөр ач холбогдолтой. Өмнөөс ирсэн дайсны хүчирхийллээс умар зүгийн ой шугуй тийш зугтаачихна. Хүн хүчээ базааж аваад эзгүй талд туйлдсан өмнөдийн эзэрхийлэгчдийг хялбархан ялчихна. Манжийн үед байдал эвгүйдэж оростой шууд хиллэдэг хязгаар тийш дайжин нүүх боломжгүй байсан ч хуучин газар нутгийн хуваарилалт тэр чигээрээ хадгалагдан үлдсэн юм. Харин оросууд социализмын нэр доорх тулгалтаа 1931 онд тулгасан. Өнөө хүртэл энэ бүтэц хэвээрээ байна. Нүүдлийн мал аж ахуй голлож байгаа өнөө үед энэ бүтцээр явах юм бол хөгжлийн жинхэнэ чөдөр тушаа болж байгаа юм. Хангайнхан хангайдаа, говийнхон говьдоо, тал хээрийнхэн тал хээртээ хадагдаад зогсохгүй сум хоорондын бэлчээрийн маргаан байнга гарна. Буу шийдэмдээ тулсан нь ч бий. Улаанбаатар хотод гэхэд өнөөдөр 1.6 сая иргэн амьдрах болж, тэр хэрээр хөдөө нутаг эзгүйрсэн нь засаг захиргааны хуучирсан бүсчлэлтэй шууд холбоотой.
6
Хөдөө нутаг эзгүйрээд байхад Монголын төр засаг захиргааны бүтэцдээ шинэчлэл хийдэггүй, дэмий халагласаар суудаг нь үнэхээр гайхалтай. Хэдхэн мянган хүнтэй сум, баг руу хэдэн тэрбумын хөрөнгө оруулалт хийж, зам тавьж байна. Дунд сургуулийн нэг ангид нь арав гаруйхан хүүхэд хичээллэж байхад нийслэлийн дунд сургуулийн нэг ангид 40 гаруй хүүхэд суралцана. 50 хүний багтаамжтай, орчин үеийн оношилгооны багаж бүхий эмнэлэгт нь 8-хан хүн хэвтэн эмчлүүлж байсан жишээг ч би мэдэх юм. Байдал ийм байхад хөрөнгө оруулалт хөдөө тийш түлхүү шингээгдэж, хүн амынх нь талаас илүүг багтааж байгаа нийслэл рүү нулимс дусагнуулахын дайтай байгааг засаг захиргааны бүтэцтэй холбохоос өөр яах билээ дээ. Жишээ татья л даа. Баян-Өлгий аймгийн иргэд бол баялаг бүтээдэггүй учраас нэг хүнд ногдох ДНБ нь хамгийн бага буюу 563 ам.доллартай тэнцдэг байна. Гэвч нэг хүнд ногдож буй хадгаламж буюу хуримтлал нь бусад аймгуудынхаас хамгийн өндөр. Тэгтэл хамгийн их баялаг үйлдвэрлэдэг Орхон аймгийнхны хувьд нэг хүнд ногдох ДНБ нь 7339 ам.доллар, харин хадгаламж буюу хуримтлал нь маш бага. Энэ нь юуг харуулж байна вэ гэхээр Орхончуудын хувьд үйлдвэрлэсэн баялаг нь гадагшаа урсдаг. Харин Баян-Өлгий аймгийнхны хувьд хэдийгээр баялаг үйлдвэрлэдэггүй боловч иргэд нь хэзээний зах зээлд шилжиж бие даан худалдаа эрхэлдэгтэй холбоотой. Тиймээс тус аймагт хил орчмын худалдаа өндөр хөгжсөн байх жишээтэй.
6
Уул уурхай, боловсруулах үйлдвэр, эрчимжсэн мал аж ахуй, газар тариалан гээд нүүдлийн мал аж ахуйг орлон үндэсний бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх асар их боломж өнөөдөр бидэнд бий. Тиймээс хүндээ наалдацтай эдийн засгийн өсөлт бий болгоё гэвэл зах зээлийг нь чөлөөт болгох, аль аймагт ямар үйлдвэрлэл хөгжүүлэх нь иргэдийн ахуй амьжиргааг дээшлүүлэх вэ гэдгийг нарийн тооцож гарган хөгжлийн концепцийг зураглах нь ирээдүйд хамгийн их өгөөж авчрах боломтой юм шүү дээ.
6
Эдийн засгийн бүтцээр нь авч үзвэл зургаан бүст хуваамаар байгаа юм. Сумд засаг захиргааны нэгж гэхээсээ илүү бие даасан аж ахуйн нэгжийн журмаар ажиллаад эхэлбэл туйлын боломжтой. Өөрөөр хэлбэл, өнөөгийн 330 сум, 330 аж ахуй нэгж гэсэн байдлаар хөгжүүлэх юм. Хөдөө аж ахуйн биржийн үйл ажиллагаатай шууд холбоод өгвөл ядарсан ямар ч сум сэвхийтэл босоод ирнэ. Зүүн бүсийн аймгууд гэхэд хил орчмын нутгуудын хүн амын эдийн засгийн багтаамжийг харгалзаж, тэнд нь хичнээн хүнд зориулагдсан мал аж ахуйн бүтээгдэхүүн, уул уурхайн бүтээгдэхүүн хэрэгтэй байгааг тооцоолж үйлдвэрлэх гэх мэтээр бүс бүсүүд өөр өөрийн онцлогтой хөгжих юм. Баруун бүсэд Баян-Өлгий, Увс, Ховд аймгууд хамаарч мал аж ахуй, уул уурхай хөгжүүлэх боломжтой. Говь-Алтай, Завхан, Баянхонгор аймгууд аялал жуулчлал, мал аж ахуй хөгжүүлэх бололцоотой бол Хангайн бүсэд аялал жуулчлал, мал аж ахуй, Төвийн бүсэд Төв, Сэлэнгэ, Булган аймгууд хамаарч хөдөө аж ахуй, газар тариалан, Говийн бүсэд Дорноговь, Дундговь зэрэг аймгууд хамаарч уул уурхай, аж үйлдвэр хөгжүүлэхэд нутгийн биеэ даан хөгжих боломж бололцоо эрс өндөрсч нийслэл тийш нүүдэллэх их нүүдлийг цэглэнэ шүү дээ.
6
Н.Бадамжав
Уншиж байна |