Төр байгаад хэрэгтэй ч юм уу басхүү хэрэггүй ч юм уу. Хааяа залхахдаа ингэж бодох юм. Уг нь мань мэтийн нөхдийг ар гэрээ аятайхан аваад явчих, үр хүүхдээ боломжийн мэдлэг боловсролтой болгож, идэх уух, өмсөх зүүхдээ анхаарлаа хандуулж байх нас юмсан. Тэгэхнээ нэг алхахад л төр та саад болох юм. Цалин нэмэгдэхгүй хэрнээ нэг л өглөө унааны мөнгө 500 болж, талх, мах, сүүний үнэ дор хаяж 30 хувиар нэмэгдчихнэ. Яагаад вэ гэдгийг нь улстөрч болгон тайлбарлах хэрнээ ойлгомжтой нь нэг ч үгүй. Энгийн ардад бөөн гадаад нэрээр нэрлэгдсэн эдийн засгийн үзүүлэлтүүд гаргаж тайлбарлана.
6
Ажил дээрээ ирнэ. Ширээ тохойлдсон нөхдийн хэсэг нь байхгүй. Дарга нар цалингаа тавьж чадахгүй байна гэнэ. Төр татвараа нэмсэн гэх. ҮЭ нь хөдөлмөрийн бүтээмж чинь авч байгаа цалинтай чинь яг тохирно гэнэ. Улсын халаас түнтийгээд байна гэсэн яалаа. Тэр мөнгө хаачив. Шударга мөнгөөрөө амь зууж байгаа мануусын татварын мөнгө хаачив. Аль эсвэл төр гэдэг чинь гурван сая иргэний халааснаасаа 10-20 хувийг нь авчихаад цөөхөн нөхдүүдэд тараах механизм юм уу.
6
Монголын төр данхгар, террорист болоод зогсохгүй хувийн хэвшлийн хэдхэн компанийн удирдлагын утсан хүүхэлдэй нь бид болж хөгөө хөлдөө чирч байна. Шар дээлтэй хүнээ боомилоод шоронд шидчихсэн. Араас нь хөх дээлтэй нөхөр гарч ирээд гаргаад авчихсан. Нэг зоосны хоёр тал л гэсэн үг. Хэчнээн тунгалаг төр яриад ч хуулийн механизм нь өөрөө тийм тогтолцоо руу чирээд байгаа болохоор мань хүн юу ч хийж чадахгүй. Нэгэнт л буруу эргээд эхэлчихсэн машин зөв зүйдээ ороход чамгүй хугацаа зарцуулна. Ямар ч сайн инжаан засахаасаа өнгөрчихөөд байна. Бүх ард түмнээрээ хэлэлцэж байж гаргасан Үндсэн хуулийг хаанаас ч юм гарч ирсэн хэдэн хулигаан дуртайгаараа хасч засварлаад өөртөө тааруулж болоод байхад энэ олон хуулийн хэрэг байгаа ч юм уу үгүй ч юм уу.
6
Саахалтын нууранд ангир дуугарахад хөх үү, улаан уу гэдгийг нь нягтлан, алийг нь дуугарахыг нь дүрэмдэхийн тулд төр хэрэгтэй болж байна уу. Ард түмэн зүв зүгээр зүлгэн дээр гэрээ бариад л амьдармаар байхад бөөн дүрэм журам, татвар шимтгэл, шорон гяндан... Болохгүй бол шорон гяндангаар сүрдүүлнэ.
6
Бид суларсан төрийн үр шимийг амсч байна. Үндсэний хөгжил дэвшлээ сааруулж, үндэсний аюулгүйн байдлаа хэврэгшүүлсний үр дүн нь өнөөгийн бид. Яагаад бид ийм болчихов оо. Төр данхгар бүх юмыг мэддэг болсноор авилгал галзуурсан. Төрөөс төрсөн тэрбумтангууд ийм л замаар бий болсон. 2000 онд улсын төсөв 360-хан сая төгрөг байсан шүү дээ. Нийслэлийн төсөв 12 сая гээд бод доо. Яахав үнэ ханшны хэлбэлзлийг тооцвол гурав дахин нэмэгдэх магадлалтай ч өнөөдөр хэдэн их наяд төгрөгөөр тооцогдож байна. Цалин тэтгэврээ тооцоод үзээрэй. Төрөөс төрсөн тэрбумтангуудын гадаадад байрших үл хөдлөх хөрөнгө, эхнэр хүүхдийнх нь зугаацлыг тооцоолоод үзээрэй. Асар том мөнгөний хүүдийг тэд эзэмшиж байна шүү дээ. Тэд ч биш төр өөрөө. Төр гэж өөрийгөө нэрлэсэн хэдхэн нөхдүүд.
6
Эдийн засаг нь бүхэлдээ шахуу төрийн мэдэлд. Энгийн жишээ л гэхэд 4-5 цахилгаан станц барих мөнгөөр ганцхан цахилгаан станцын засварыг хийж байх вэ дээ. Өнгөрсөн жилийн төсвөөр хийгдэх ёстой олон сургууль цэцэрлэг, эмнэлэг яагаад баригдаагүйн учир шалтгаан ердөө төр танаас болж байгаа хэрэг. Хэдэн тэрбумын хөрөнгө хулгайлсан хулгайчдаа яллаж чадахгүй байж хэдхэн мянган төгрөг хулгайлсан эхийг шоронд өчиггүй аваачаад хийж байна.
6
Амьдрал тэгээд шударга байна уу. Төрийн түшээд өөртөө зориулж хууль гаргаад өөрөө нөгөөхөө зарцуулаад, өөрөө халаасална. Сайхан даа. Төр бизнесмен болж байгаа хэрэг. Нийтийн эрх ашиг нэрийн дор төр мэргэжлийн хулгайч болж гүйцлээ. Бүтээн байгуулах гэж 24 жил мацсан энэ ардчилсан нийгэм чинь хувийн эрх ашгийг хамгаалдаг, харин тэр нь бусдын эрх ашигт харшлах хохироохыг хуулиараа хориглодог тэргүүн заалттай шүү дээ.
6
Өнөөдөр юу болж байна. Алхам тутамд төр та саад болно. Голцуу мөнгө нэхнэ. Бараа товаарынхаа үнийг өсгөж дарамтална. Төр рүү халдсан нөхдүүд маргааш нь бүлх залгисан мэт чимээгүй. Сталины эрин үед усанд хаясан чулуу шиг “жоомон машин”-д суугаад бүрэнхийгээр алга болдог шиг. Хэвлэл мэдээллийг хүртэл улаан хөхөөр нь ялгаад авчихна. Тэгээд л сониноор нэг нэгнээ намнана. Азаар интернетийн эрин үе болохоор төр таны нүүр царайг нэг муу юм мэдэхчээн болох юм. Үнэхээр бидэнд сайн засаглал л хэрэгтэй байна. Барууныг харж бажгадуулж, зүүнийг харж эрхлүүлэх аль ч бодлого манайд таарахгүй гэдгийг 24 жилийн турш харлаа. Тэр тунгалаг төр, нээлттэй засаг чинь төр алхам тутамд дарамтлаад байдаггүй л механизмтай бол хүлээн зөвшөөрөхөд бэлэн байна. Ядаж тэндхийн бурхнаас эндхийн чөтгөр нь дээр байлгүй дээ.
6
Н.Бадамжав