Өнгөрсөн хугацаанд Монгол Улсын хүн 3 саяд дөхөж, нийслэлийн хүн ам 3-4 дахин нэмэгдэж, гэр хороололд амьдарч буй өрхийн тоо 184.000 болж өссөн байна. Нийслэлийн хүн амын 60 гаруй хувийг гэр хорооллын хүн ам эзэлж байдаг. Гэхдээ энд хотын статистик ба утааны тухай бус цагаа дагаж наашилж байгаа цагаан сарын тухай сонин хачин, сайн муу менежментийн талаар товч буулгаж байна.
5
Сүүл томтой, өөх ихтэй ууц 450-500 мянган буюу бараг хагас сая төгрөгийн үнэтэй байна. Ёс уламжлалаа дагаж идээ шүүсээ тавьж өнгөтэй өөдтэй баярлахаар хөлхөж буй олноо харахад сайхан л байна. Монгол Улс нийтдээ 730 мянган өрх байдаг гэвэл ядаж л 700 мянга нь ууцаа тавих байх. Үүнээс гэр хороолод 184 мянга гаруй өрх амьдарч байгаа гэсэн статистик явж байна. Энд гэр хороололд оршин суух иргэд ууцаа гэртээ аргалаад чанадаг юм байна гэж орхиё. Харин нийслэлд 81 мянга гаруй орон сууцанд амьдарч байгаа иргэд ууцаа хаана чануулах уу. Сар шинийн баярыг угтаж нийслэлийн хэмжээнд эрүүл ахуйн шаардлага хангасан 11 цэгт ууц, өвчүү чанах, 21 байгууллагад хөлдөөсөн бууз, баншны үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах зөвшөөрөл олгосон гэж мэдээллээ. Эрүүл ахуйн шаардлага хангасан гэх 33 цэгт 300 мянга гаруй өрхийн ууцыг чанаж амжих л байх даа. Бодвол нэг ууцыг нэг цаг л чанах шинэ арга төхөөрөмж бодож олсон байх.
5
Энэ ууц чанах тусгай цэгүүдийг хотын захиргаа яаж тооцоод гаргасан юм мэдэхгүй. Ууцыг 1 цагт болгодог тусгай тогоо тэнд нь байж ч магад. Нөгөө талд нь хувиараа ууц чанадаг хүмүүс хэдэн цаас олчих гээд галд шарагдаж зогсч эхэлсэн байгаа. Тун удахгүй тэнд эрүүл ахуйн хэдэн байцаагч зочилж зөвшөөрөлгүй баталгаагүй энэ тэр гээд хаана, торгоно гэх юм байна. Гэхдээ тэд байхгүй бол бидний олонх цаг хугацаа талаасаа ч мөнгө бололцоо талаасаа ч ууцаа чануулж амжихгүй юм. Одоо албан ёсны зөвшөөрөлтэй гэж зарлаад байгаа цэгүүд ууц чануулах иргэдийн 50 хувийг ч шийднэ гэхэд хэцүү. Аливаа зүлийг шийдэхэд төр оролцохоор хомсдол бухимдал оочер дугаар үүсгэж “кайф” авдаг нь энэ байх. Нэгэнт л дугаарлалт хүлээлт үүсэхээр дагаад далд бизнес гарч ирэх нь тодорхой. Гудамж дагасан ууц чанах иргэд түлээ нүүрсээ нөөцлөөд ажлаа эхэлчихсэн байгаа юм. Ингэж ажиллах бодит зах зээл эрэлт нь бий болчихоод байгаа хэрэг. Харин хотынхон тусгай зөвшөөрөлтэй 11 цэг нээсэн. 200 мянга орчим өрхөд 11 цэг байгаа юм. Зөвшөөрөлтэй гэж байгаа болохоор зөвшөөрөлгүйг нь хориглолоо гэсэн хэрэг.
5
250 мянган хонины ууцаа хагас саяар үржүүлбэл монголчууд том сүүлэнд зориулж 125 тэрбум төгрөг зарцуулж байгаа тухай нэг сэтгүүлч тооцож гаргасан байсан. Тэрбум төгрөгөөр бөөгнүүлсэн ууцыг 11 цэгт бөөгнүүлээд чануулчихья гэж шийдвэр гаргадаг дарга менежерүүд бас байна аа. Үүнийг Үүл дарга харж анхаарч энэ цагаан сарын хамгийн тооцоо шинжилгээтэй, зохион байгуулалт сайтай ажлаар шалгаруулах хэрэгтэй.
5
Харин үндэсний үйлдвэрүүд сүрхий байна. Хужаа барааг бэлэгний багцаас салгахын төлөө тэд чамгүй сайн ажиллаж байна. Хэд хэдэн телевизээр үндэсний бараа бүтээгдэхүүнээ бэлгэнд сурталчилж байхыг харлаа. Баглаа боодол, шошго савалгаа ч урд хөршийн худлаа гял цал боодлоос дутахааргүй, чанартай харагдана. Одоо манай телевизийнхэн үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжиж тэнгэрийн үнэтэй төлбөрт нэвтрүүлгэндээ хөнгөлөлт хямдрал зарлаад эхэлбэл эрээний хогийг бэлгийн багцаас шахах ажил тун сайн үр дүнтэй болж болохоор байна.
6
Төгсгөлд хэлэхэд, 350 мянган төгрөгөөр ууц үүрээд ирсэн гэрийн эзэнд эхнэр нь дахиад 80 мянгыг гаргаад зөвшөөрөлтэй цэг рүү явж чануулаад ир гэж хэлэх хатуу л байх болно. Хажуу хашаанд нь нэг Баагий 40 мянгаар адилхан гал дээр, адилхан арга технологиор чанаж л байх юм. Танайх яагаад 40 мянга тэнд яагаад 80 мянга гээд байна аа. Хариулт бэлэн тэр чинь тусгай зөвшөөрөлтэй. Манайд аливаа үйлчилгээнд зөвшөөрөл авахад заавал нэмүү өртөг буюу тусгай үнэ татаас шингэсэн байдаг юм, тийм болохоор зөвшөөрөлтэй цэг хямд ч бас дараалал бухимдал ихтэй. Багануурын нүүрс хямд гэхдээ тортог ихтэй гэдэгтэй адил. Бас зөвшөөрөлтэй цэг цөөхөн байхгүй бол болохгүй. Хангалттай олон ууц чанах цэг байвал бас ашиггүй буруу менежмент болно. Учир нь хомсдол дугаарлалт бий болгож байж үйлчилгээ монопол болж үнэ өсөх ёстой. За ингээд амьдралын боломжтой нь ууцаа тэврээд зөвшөөрөлтэй баталгаатай цэг рүү, боломжгүй нэг нь 40 мянгаа бариад оочер дараалалгүй, хүсэл тааваар нь чанаж өгөх хажуу хашааны “хэнийх рүү” марш.
6
Энэ цагаан сарын өмнөх хамгийн онцгой зар “Ууц чанах зөвшөөрөл зарна”.
6
Пүрэвжавын Баярхүү /нийтлэлч/