.
Дэлхийн номер нэг төгөлдөр хуур
. Энд эхлээд Ямаха комппанийн Disklavier гэдэг төгөлдөр хуурыг нэрлэнэ.
Энэхүү хөгжим нь Wi-Fi утасгүй технологийн ачаар midi гэх өргөтгөлтэй өгөгдлийг өөртөө татах бөгөөд ая дуу тоглуулах түүнчлэн өөрийн тоглож буй аяыг вокаль болон бусад хөгжмийн зэмсгийн дуугаралтын хамт татаж авч чадахаараа гайхалтай гэнэ.
_
Үүний дараа манай чуулганы танхимд бий болсон төгөлдөр хуур хөгжим түүний оркестрийн бүрэлдэхүүн орж ирж байна. Гол ялгарал нь сүүлийн жилүүдэд хууль гэх нотыг тоглож амилуулахад заавал 76 хөгжимчин шаардлагагүй болсон бөгөөд 20 хөгжимчин товчлуур дамжин тоглож 50 хувийн цэвэр дуугаралттай оркестрийн хэмжээнд тоглож чадаад байгаа юм байна. Энд нэг зүйлийг бахдан хэлэхэд MBA-ийн шилдэг тоглогчид бүгд долларын саятнууд байдаг бол манай 76 пианистын олонх нь төгрөгийн тэрбумтнууд байдгаараа бас л дэлхийд гэж гайхуулна. Эдгээр элит тэрбумтнуудын намрын концерт 39 хөгжимчин буюу тал бүрэлдэхүүнээрээ тоглосоор тун удахгүй хаалтаа хийх гэж байна.
_
...“Хэрвээ одод хаа нэгтээ гялтганан гэрэлтэж л байгаа бол тэр нь хэн нэгэнд зайлшгүй хэрэгтэй гэсэн үг” юм гэж тэртээх 1914 онд агуу В.Маяковский батлан хэлж байсан гэдэг. 20 хүн тоглож болоод байгаа нотыг заавал 76 уулаа тоглоно гээд хуульчилсан нь хэн нэгэн хэсэг бүлэгт зайлшгүй хэрэгтэй болоод хийсэн л заалт байх.
_
Хөг бүрдээгүй байхад концерт тоглоод байна
.
Монгол Улсын Их хурлын чуулган “концерт”-ийн дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай , Монгол Улсын Их хурлын “концерт”ийн дэгийн тухай зарим заалтыг хэрэгжүүлэх арга хэмжээний тухайд УИХ-ын урлагийн зөвлөлийн дэвшүүлсэн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх үеэр парламентийн “пианист” гишүүд бие биенээ орлон тоглож хуруугаа цоортол товчлуурдаж байгаа талаарх зангирсан гомдлоо тайлж дотроо онгойлголоо.
_
Зарим хөгжимчин ичиж байна гэдгээ ч хэллээ. Хөгжимчдийн тоглолтоо байнга тасалдгийг ингэж хамаагүй ярьж, хүчээр авчирч тоглуулна, бүртгэнэ гэх мэтээр хөгжмийн фэнүүдийг нь үргээх юм хийж хэлэлцэж байгаа нь ичгэвтэр гэж нотныхоо хавтсаар нүүрээ хааж байгаа пианист ч цөөнгүй байлаа.
_
Ингэж өдөр болгон хүний өмнөөс товчлуур дарж, ая хөгийг оромдоод байгаа нь төрийн хөгжимчин хүний нандин чанар, эрхэм зорилго бүр нарийн яривал хууль байнга дээдлэх зарчмыг цаг ямагт зөрчөөд байна. УИХ гэх том оркестрийг авч яваа хаан хөгжмийг ингэж гурилдаж тоглоод байхаар бусад хөгүүд нь яаж дуугарах вэ гэж олон жил энэ хөгжмийн ард сууж улаа цоортол педал дэвсэж, хуруугаа мойногштол хүний өөрийн товчлуур дарж ирсэн ахмад пианист Д.Лүндээжанцан цөхөрсөн үгээ хэллээ. Өөр тоглогчийн товчлуур дарвал огцордог тийм хариуцлага тогтолцоо манайд алга гэж эмэгтэй пианист Д.Оюунхорол уйлагналаа. Үүн дээр ахмад пианист Д.Лүндээжанцан дарь нэмж бусад улсын оркестрт бол ийм сахилга батгүй хөгжимчдийн хурууг тайрдаг шийтгэл байдаг гэдгийг хэлж шинэ пианистуудаа айлгалаа.
_
Казак түмний төлөөлөл анх домборын цөөхүүлээс гоцлол домборчин мөн адил төстэй чавхдаст хөгжмийн цөөхүүлд тоглож байгаад тэндээсээ онцгойрч гарч ирээд хаан хөгжмийн ард сууж товчлуурт хөгжим тоглох эрхээ 2008 онд авсан домборчин, төгөлдөр хуурч А.Бакей пианист төгөлдөр хуурыг төлөөлөн тоглож, хүний товчлуур дарж нотгүй тоглохоо больё гэж эрс мэдэгдлээ.
_
Ингээд 76 хөгжимчин өөр өөрийн товчлуурыг дарж байх, ингэхгүй бол хурууг нь тайрах юмуу өндгийг нь зүсэх эсэх талаар журмаа эргэж сайн хянаад ир гэж урлагийн зөвлөл рүү нь буцаажээ. Энд өөрсдийгөө хэрхэн шийтгэх тухай пианистууд өөрсдөө хэлэлцэж байгаа нь олон нийтийн гайхам бишрэл хүндэтгэлийг хүлээх явдал болж урлагийн алтан хуудаснаа тэмдэглэгдэн үлдлээ. Энэхүү тал концертийн үед 76 хөгжимчний 40 нь ирсэн ба 36 товчлуур дарах хүнээ хүлээж байсныг тэмдэглэн хэлэх ёстой байх.
_
Өнгөрсөн оны хавар монголын орчин цагийн төгөлдөр хуурчдын ур чадварыг илтгэсэн “Төгөлдөр хуурын чуулга” нэртэй концерт сайхан болж уран сайхны болон зохиомжийн ер бусын сонирхолтой олон санааг шингээснээрээ хөгжмийн урлагийн амьдрал дахь онцлог үйл явдлуудын нэг төдийгүй, сонсогч олны сэтгэл зүрхэнд хоногшин үлдсэн тухай фэнүүд нь бишрэн бичиж байлаа.
_
Харин манай “Их хурлын чуулган” цуврал концертын дуугаралт нь хүмүүсийн сэтгэл зүрхэнд биш амьдралын хэм хэмнэл болж буух онцлогтой тул бүхэл бүтэн том оркестрийн бүрэлдэхүүн бий болгож 76 товчлуур хөгжимчнийг илгээсэн байж таарна. Энэхүү хаан хөгжмийн бүрэлдэхүүн “ансамбль” буюу чуулга хэлбэрээр төрийн ордонд 20-д жил тоглож ирсэн. Ингэхдээ 2000 онд ирвэл зохих хөгжимчдийн 51 хувь ирж байж концертийг эхлүүлнэ гэсэн журамтай байж. Төдөлгүй 30 пианист ирсэн ч хэвийн дуугаргаад байж болмоор санагдахаар нь 39 пианист ирсэн байхад концерт эхлэж болно гэж дотоод журмаа баталжээ. Одоо бол 20 уулаа байхад л 50 уулаа байгаа юм шиг тоглож чадна.
,
Жинхэнэ хөгжмийн кайфын тухай
_
“Төгөлдөр хуурын чуулга” концертыг хөгжмийн алдартай бүтээлүүдээс 4-16 гарт хөрвүүлэн, найрал дуу, бүжиг, цохивор хөгжмийн чуулгатай хамтран тоглосон нь сонсогчдод тэр үдшийн турш төгөлдөр хуурчдын авьяас билгийг бахдах сэтгэгдэл төрүүлсэн тухай М.Мөнгөнсүх дуу алдан бичиж байсныг уншиж байсан санагдана.
_
“Оюун ухаанаараа төр улсаа төвхнүүлсэн гайхамшигт эмэгтэйн тухай өгүүлэх “Мандухай цэцэн хатан” хэмээх бүтээлээ манай нэрт хөгжмийн зохиолч Н.Жанцанноров энэхүү концертод зориулан хоёр төгөлдөр хуурт хөрвүүлэн бичсэнийг манай залуу төгөлдөр хуурчид өөрсдөө /“импровизаци” буюу “чөлөөт сэтгэмж”/ найруулан тоглоход монгол аялгууны дуулалт эгшиглэгээний гайхамшгийг мэдэрлээ. Харин Н.Римский-Корсаковын “Хэдгэний нисэлт” хэмээх утсан хөгжмийн бүтээлийг төгөлдөр хуурчдын 6 гараар тоглоход сонсогчдын сэтгэл хөдлөл хэрхэн догдолж байсан нь ойлгомжтой” гэж тэр бичиж байлаа.
_
“Нот”-гүй тоглох 76
_
Харин манай чуулганы 76 төгөлдөр хуурч бүрэн бүхэлдэхүүнээрээ “Их хурлын чуулган” гэдэг концертоо тоглох нь бидний сэтгэлийг гайхалтай хөдөлгөж “импровизаци” хийж амьдралын амтыг нэмдэггүй юм аа гэхэд амьдрал жам ёсоороо үргэлжилж байна гэсэн тайвшралыг ядаж өгөх юм.
_
Хөгжмийн зэмсгийг хэрхэн эзэмшсэнээрээ хөгжмийн зохиол дахь эгшиглэгээний зураглал, өнгө будаг, хэмнэлийн гайхамшгийг илэрхийлэх чадвар хүлээн зөвшөөрөгддөг бол чуулган гэсэн оркестрт тоглоход бүх л улс орынхоо амьдралын хэмнэл өргөлт өгсөх уруудах нь хамаарах юм.
_
Гэхдээ энэ 76 маань “нот”-оор ч тоглохоо больсон байна. Уул нь бол бүх хөгжимчид “нот”-оор тоглох ёстой байдаг.
Тэд 20 пианист тоглож байгаа ч 50 пиано дуугарч байгаа мэт мэдэгдэхүйцээр итгэл үнэмшитэй тоглолтыг бидэнд үзүүлж чадсаар ирсэн нь энэ удаагийн “хэдгэний хатгалдаан ” гэдэг чуулган концертынх нь жинхэнэ “чамин чимэглэл” нь болж чадлаа.
_ Төгсгөлд нэг зүйлийг хэлэхэд мэргэжлийн хувьд ярьдгаар бол “Концертлогч”- дын тайзан дээрх төгөлдөр хуурчийн нарийн нягт чадвар, хүчлэг /динамик/-ийн дунд ба сул эгшиглэх ялгарамжууд, фразуудын итгэл үнэмшилтэй төгс илэрхийлэл, чамин нарийн педалийн зохицуулалт, элдэв янзын тембрийн гаргалгаа, өнгөний гайхамшиг гэх мэтийн үзүүлэлтүүдээр “пианизм”-ын тэс өөр чанарыг дэвшүүлэн тавих ёстой бол харин манай 76 пинастын маань механик чадамж хэт хөгжиж бусдынхаа товчлуурыг шуурхайлан дарж дуугаралт муу сэтгэл дутуу, ур чадвар муутай тоглолт их хийгээд байгааг урлаг судлаачид болоод үзэгч олон таашаахгүй байна.
_
Агуу мастер бүр л энгийн зүйлийг төгс зохистой хэлбэрт гаргаж илэрхийлэх нь хэчнээн чухал бас хэцүү гэдгийг хэтэрхий сайн мэддэг учраас тоглоочийн хамгийн чухал нь эрхэм санаа зорилго болоод мэдрэмжээ шингээснээ тоглолтоороо илэрхийлэн үзүүлэх хэрэгтэй байдаг гэнэ. .Үүнийг л манай пианистууд ойлгомоор байна.
Өргөсөн тангараг, амалсан амлалтаа биш юмаа гэхэд гаргасан тасалбарыг нь худалдаад авчихсан ард олноо хүндэлж концертоо чанартай хийх нь чухал байна.
_
П.Баярхүү /тоймч/