Манай гишүүд цаг барихдаа тун маруухан, маруухан ч гэж дээ бүүр муу. Уг нь манай парламентчдын нэлээдгүй хувийг бизнесмэнүүд эзэлдэг. Төрийн харчууд нь цаг барьдаггүй юм гэхэд бизнес хийж байсан улстөрчид цагийг ч ягштал барьдаг баймаар. Даанч төрийн ажилд парламентчид тун хойрго, Монгол Улсын экс Ерөнхий сайд Д.Бямбасүрэн гуайн хэлснээр “хоноцын сэтгэл”-ээр ханддаг. Уг нь чуулганы хуралдааны ирц бүрдүүлэлт 2000 оноос өмнө 51 гишүүний квоттой байж. Гэвч гишүүдийн ирц тэр бүр бүрдэхгүй байсан учир тэр үеийн парламентчид Дэгийн тухай хуулиа “зөөллөж” 39 гишүүнээр ирц бүрдэлтийг тогтоожээ. Дэгийн энэ хууль эдүгээ ч хэрэгжсээр байгаа. Харин өнөөх ирц бүрдүүлэлт тулгамдсан асуудал байсаар иржээ. Тиймээс эдүгээ гишүүдийн ирцийг бүрдүүлэхээр хурууны хээ өгдөг болохоор Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах боллоо. Гишүүд өнөөдөр энэ хуулийн төслөө хэлэлцээд ирц бүрдүүлэх асуудлыг шийдэж болно. Харин хурууны хээгээр өгчихлөө гэхэд энэ нь бүтэн өдөржин хүчинтэй үйлчилж, олонхид ашигтайгаар шийдэгдчих вий хэмээн зарим нь болгоомжилж байна лээ. Зарим гишүүд ч хурууны хээгээр ирц өгөх болсондоо ичиж, ширээний ард шургачих нь холгүй ярьж байна.
6
УИХ-ын гишүүний бүрэн эрхэд халдлаа хэмээн өөрсдийн эрхээ хамгаалахаар тэмцэж байна. Ер нь гишүүд өөрийнх нь эрх бусдын эрхээр хязгаарлагддаг гэдгийг мэдэж байна уу, мэдэх ч мэдрэхийг хүсэхгүй байх шиг.
7
Ирцийг бүрдүүллээ гэж бодоход гишүүдийг эзгүйд кноп нь ажиллаж, санал хураалтад хамаарагддаг. Уг нь бусдын өмнөөс санал өгч, кноп дарахыг хориглоно гэсэн заалт байдаг. Гэвч энэ нь амьдрал дээр хэрэгждэггүй. Харин бусдын өмнөөс кноп дарсан тохиолдолд хариуцлага хүлээлгэнэ гэсэн заалт оруулжээ. Гэхдээ гишүүд өөрсддөө ямар хариуцлага хүлээлгэхээ тодорхой тусгаагүй байна.
7
Хэрвээ бусдын өмнөөс кноп дарвал огцордог хууль зарим орны парламентад байдаг юм билээ. Үүнийг ч туршлагатай гишүүд хэлж байна лээ. Харин гишүүд “төгөлдөр хуур тоглодог” тогтолцоогоо хэзээ халах юм бол доо. Хуулийг парламент боловсруулан баталдаг. Хууль тогтоогчид хуулийг хэрхэн хэрэгжүүлэхээ иргэдэд биеэр үлгэрлэх хэрэгтэй билээ. Гэвч парламент нь өөрөө хууль дээдлэх ёсыг уландаа гишгичихээд байгаа гэдгийг өөрсдөө хүлээн зөвшөөрч байна. Ямартай ч гишүүдийн хурууны хээгээр ирцээ бүртгүүлэх тоног төхөөрөмж аль эрт бэлэн болжээ. Хурууны хээний тоног төхөөрөмж 29 сая төгрөгийн өртөгтэй гэнэ. Энэ тоног төхөөрөмжийг чуулганы танхимын үүдэнд байрлуулах юм байна. Эдийн засгийн хямралтай, барааны үнийн өсөлт тэнгэрт хадсан энэ үед парламент өөрсдөдөө 29 сая төгрөгийг зөвхөн ирц бүрдүүлэхэд зарлагджээ. Хурууны хээний автомат төхөөрөмж хэний хүүгийн бизнесийн шахаа болохыг одоогоор хэн ч үл мэднэ. Юутай ч хууль нь батлагдахаас өмнө тоног төхөөрөмж нь бэлэн болчихож. Удахгүй хурууны хээгээр ирцээ өгөх хууль нь батлагдана. Төрийн тоног төхөөрөмжийг гамтай хэрэглээрэй, гишүүд ээ. 29 саяын өртөгтэй шүү. Хэрвээ та бүхэн хуралдаандаа цагтаа ирээд, хуулиа хэлэлцээд, ядаж л 76-аас 39 нь ирж ирцээ бүрдүүлээд байсан бол юунд 29 саяыг зарлагдах вэ. Нэг үгээр хэлбэл улс 29 саяыг салхинд хийсгэж байна гэсэн үг. Хурууны хээ бүртгэх тоног төхөөрөмж энэ парламентын бүрэн эрхийн хугацаанд ч бус дараа дараагийн парламентчдад ч ашиглагдана. Тиймээс тоног төхөөрөмжийн хувьд ч баталгаат хугацаа нь ч эрхбиш олон жилээр ашиглагдах биз ээ.
6
Н.Энхлэн