Саяхан нэг найз маань намайг “Орон гаран юм уу” гээд сүйдтэй зэмлэв. Харин надад “орж гарч байгаа нь их юм шдээ, гаран гаран болчихоогүй нь их юм” гэсэн гоморхол төрсөн юм. Байх ёстой хэмжээнээсээ 17 дахин нэмэгдсэн тоосонцор дээр нь хар тугалга, хүхэр, азотын давхар ислээр амьсгалж байгаа бидний оюун ухаан, эд эрхтэн бүрэн бүтэн байна гэж үү. Хорт хий, бохирдсон агаар хүнийг угаартуулж, тархинд нь нөлөөлсөөр аажим аажмаар үхүүлдэг гэсэн. Тэр дундаа мэргэжилтнүүд хар тугалгыг тархины хөгжлийг сааруулах аюултай, мэдрэлийн хор хэмээн нэрлэдэг юм билээ. Нийслэлийн хүүхдийн цусан дахь хар тугалгын дундаж агууламж 16мкгр/дл байгаа нь ДЭМБ-ын зөвлөмж хэмжээнээс илүү байгааг судлаачид тэмдэглэсэн байна. Гэтэл бүхэл бүтэн гурван сар хортой утаа, хажуугаар нь жилийн дөрвөн улирал тоосонцороор амьсгалдаг хүмүүст мартах нь энүүхний асуудал шдээ. Харин ч санаж байгаа нь их юм. Оюун санааны солиоролтон болчихоогүй тэсч байгаа нь их юм шүү.
7
2008 оны долоодугаар сарын нэгний эмх замбараагүй байдлын үеэр амь насаа алдсан таван хүний гэр бүлийнхэнд Монгол Улсын Засгийн газраас тус бүрт нь 50 сая төгрөг өгснийг та бүхэн санаж байгаа байх. Нэг үгээр хэлбэл манай Засгийн газар нэг иргэнийхээ амийг 50 сая төгрөгөөр үнэлдэг жишиг тогтоосон. Хүний бие бүхэлдээ 50 сая төгрөг юм бол уушги, элэг, бөөр гээд эрхтэн бүр өөрийн үнэлгээтэй байх нь тодорхой. Хүний биеийн 1/20-ийг уушги, 1/28-ийг бөөр эзэлдэг гэнэ. Ингээд бодохоор хүний уушги 2.5 сая төгрөгөөр үнэлэгдэх нь. Тэгтэл 2.5 сая төгрөгийн үнэлэмжтэй уушги агаарын бохирдолд өртөж, үүргээ гүйцэтгэж чадахгүй хэмжээнд хүрчихлээ. Хэнээс 2.5 сая төгрөгийн нөхөн төлбөрийг шаардах вэ? Одоогоос хоёр жилийн өмнө "Ирээдүйн хот", "Хүний эрх хөгжил төв" зэрэг төрийн бус байгууллагынхан хороо, дүүрэг, нийслэлийн Засаг даргаас эхлээд Монгол Улсын Ерөнхий сайдаас уушги бохирдсоны нөхөн төлбөрийг шаардаж байсан. Тэд мөн 2004 оноос эхлэн агаарын бохирдолд зориулсан тэрбум тэрбум төгрөгийг ч нэхэхээ мартаагүй. Энэ жишгээр нөхөн төлбөрийг өнөөдөр ч шаардаж болно. Эрүүл хүн нэг минутанд 8-10 литр, цагт 500-600 литр, хоногт 1200-1400 литр хүчилтөрөгчөөр амьсгалдаг гэдэг. Харин бид ийн амьсгалах бүртээ элдэв хортой бүхнээр хачирлагдсан агаараар уушгиа дүүргэж, эд эрхтэн, оюун санаагаа хордуулж байна. Гаран гаран болсон солиотнууд, гайхшралаа барсан өвтнүүд болох нь гэж муу амламааргүй байгаа ч бодит байдал арай л аймаар.
6
В.Хэрлэн