Монголчууд бид шинэ он, хаврын тэргүүн сараа угтан авах гэж багагүй байтугай шаналалд автах боллоо. Яг энэ үеэр бараа бүтээгдэхүүний үнэ гэрлийн хурдаар нэмэгдэхийг яана. Шинэ жилтэй давхцан ханш нь нэмэгдээд буугаагүй байсан бараа бүтээгдэхүүний үнэ хурдаа сааруулалгүй явсаар Цагаан сартай зэрэгцэн дахин өснө. Үнэ нь өсч байгаагаас бус бүтээгдэхүүний хэмжээ дамжаа жижигсэн, багасана уу гэхээс томорч “өсөхгүй” бичигдээгүй хуультай.
1
Иргэд уламжлалт баяраа ёс төртэй тэмдэглэх гэж бэл нимгэн ч чадлаараа зүтгэж, бэлтгэж, сар шинээ угтдаг. Банкинд үүссэн дараалал бизнесмэнүүдийн хэтэвчийг л зузаатгах гэж байгаа хэрэг шүү дээ. Бэлтэй, чинээлэгтээ ахмадууд бие биеэсээ өрсөн банкинд дараалал үүсгээгүй гэдгийг хэнбугай ч мэднэ. Тэтгэврийн зээлээ авч, угтан ирж байгаа Сар шинийнхээ идээ цагааг бэлтгэх гээд нойр нь эс хүрэн, даралт нь ихсэн тэвдэцгээж байна. Ядаж байхад тэтгэвэр тэтгэмжийг нь хэдэн хувиар нэмэх гээд байгаа нь тодорхойгүй. Шинэчлэлийн Засгийн газар тэтгэврийг хэдэн хувиар нэмж, хэзээ өгөхөө хэлэхгүй гээд хөгшчүүлээр баахан таавар таалгуулчихсан.
1
Тэгсэн “насаараа боловсролын салбарт зүтгэж, хүүхдүүдийг сурган хүмүүжүүлсэн ахмад багшийн тэтгэвэр гурван мянган төгрөгөөр нэмэгджээ” гэх мэдээлэл энэ амралтын өдрүүдэд телевизээр цацагдан, тэднийг дахин бухимдуулаад авав. Арай ч гурван мянган төгрөгөөр тэтгэвэр нэмэхгүй байлгүй дээ гэж ахмадууд тээнэгэлзэж байна лээ. Засгийн газар өндөр настнуудаа “9-ийн тосны” ханшаар хуурахгүй байлгүй дээ. Манай сайд нар гэж тэрбумтнууд байдаг болохоор иргэдийн зовлонг мэдрэх шинж алга аа. Хөгшид л үйлийн үртэйгээрээ байгаа мөнгөөрөө болгох гээд бүтэн жилийн зээл авах нь холгүй банкинд дугаарлаж байна. Мэдээж үр хүүхдүүд нь боломжоороо тав арван цаас нэмэрлэнэ л дээ. Тэтгэврийн хэд нь банкнаас шууд л наймаачдын хэтэвч рүү орно шүү сайд нар аа.
1
Ингээд бодохоор үргэлжилсэн энэ баяраар наймаачид, цаашлаад бизнесмэнүүд халаасаа түнтийлгэн, цулайдаг байлтай. Гэтэл хараад байхад тэдэнд ашиг орлого нь нэмэгдсэн царай даанч байхгүй. “Итгэлт баян” шиг бэлтэй загнах бизнесмэнүүд тун ховор харагддаг. Тиймдээ ч бизнес нь дэвжиж дээшилдэггүй юм болов уу, бүү мэд. Бараа таваарын үнэ өссөн ч иргэд худалдан авалт хийсээр л байгаа. Тэгэхээр наймаачдын бэл зузаарч амьжиргаа дээшилмээр л санагдах юм, энгийн ухаанаар. Цаашлаад бизнесийн нарийн ширийн аргыг мэдэх биш. Манай наймаачид ч “авбал ав, байвал бай” гэдэг зангаа гээж, нэг үеэ бодвол бизнесийн ухаанд суралцаад л байгаа.
1
Сар шинийн баяраар дээл, гутал, малгай гээд өмсгөл зүүлт, хорхой ааруул, хэвийн боов, хонины ууц гээд ширээн дээр тавих идээ ундааг бид дотоодын бараагаараа бэлдчихнэ. Манай улсын мал сүргийн тоо жилээс жилд л өсөн нэмэгдсээр хүн амаасаа 15 дахин их буюу 45 саяд хүрсэн сайхан мэдээтэйгээр шинэ оныг угтлаа. Мал дагаж ам тосдоно гэдэг болохоор малчид ч мах, сүү, цагаан идээ талдаа санаа зовдоггүй байх аа, хотын биднийг бодвол. Харин тэр сайхан мал сүргийн буян хотын бидэнд даанч хол, тэнгэрээс од шүүрэх адил болох юм. Манай улс мал ихтэй ч махны үнэ нь байнга тэнгэрт хадаж байдаг хойно. Эдүгээ сар шинийн баяр дөхсөн өдрүүдэд мах магнаг боллоо, үнийг нь буулга О.Магнай дарга аа гэж хашгираад ч нэмэргүй.
1
Ууцны мах, ул боов, цайны сүү, цагаан идээ, бууз, баншаа бэлтгээд нэг амьсгаа авна. Дахин зочиддоо өгөх гарын бэлэг авах гэж худалдааны төвөөр бараа таваарын үнэ, чанар хоёрыг нь шалгаж явсаар өдрийг барна. Чанарыг нь бодоод авах гэхээр үнэ нь өндөр, үнэ нь хямдхан юм гэж мөнгөө тоолох гэхээр чанар нь хүн ичээхээр. Ингээд л үнэ, чанар хоёрын дунд хавчуулагдчихна.
1
Засгийн газраас үндэсний үйлдвэрлэлээ дэмжээрэй гэж уриалдаг үе ирлээ. Иргэд бид ч аль болохоор үндэсний үйлдвэрийн бараанаас худалдан авахыг мэрийдэг. Ер нь бид өнгөрсөн 20 гаруй жилд худалдаа наймаа эрхлэхдээ өөрийн улсаа бус урд хөршийн Эрээн мужийг хэрхэн хөгжин цэцэглүүлснээ өөрсдийн нүдээр харсан. Хүний улс хөгжөөд өөрсдөө хоцроод байж болохгүй гэж манайхан дор бүрнээ л ярьдаг. Гэхдээ л будаа, бараагаа урдаас авдаг хэвээрээ л байна. Нэг үеэ бодвол гурилаа дотоодын үйлдвэрээсээ худалдан авдаг болчихсон. Гэтэл энэ жил гурилын үнэ нэмэгдчихээд байна. Хэрвээ урд хөршөөс хямд үнэтэй гурил орж ирвэл бид хямдыг нь хараад л авчихна шүү дээ, цалингийн хэдэн төгрөгтөө тааруулах гээд. Цагаан сарын бэлтгэл ч цалингаас хол давчихдаг. Удахгүй “Мишээл экспо”, Мэдээлэл, технологийн парк, “Аса” цирк дээр үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдана биз.
1
ЖДҮ-үүд хөгжиж, Монголд үйлдвэрлэв гэх шошготой бараануудыг ч өрөх байх аа. Нондин МАХН-ын дарга Н.Энхбаярын баривчлагдахдаа өмссөн байсан бор оймс ч “мода”-нд орж дээшээ харсан амтай, хүнд бэлэглэхэд дайжгүй л эд гээд солилцоод байсан. Энэ жил бэлэг бэлгийн дээдийг юу чимэх юм бүү мэд.
Ирэх өдрүүдэд монголчууд бид нийтээрээ сар шинэдээ бэлтгэн, гэр орныхоо тоос шороог цэвэрлэхээс эхлээд бууз баншаа чимхэн ажилсаг шоргоолж шиг тун завгүй хөдөлмөрлөцгөөнө.
1
За ямартай ч Цагаан сарыг давчихвал хүн, малын нуруу тэнийж, байгаль дэлхий ч уяран, иргэд ч эдийн засгийн ачаалалд дарагдаад байхгүй, амар төвшин амьдрах ерөөлтэй билээ.
1
Н.Энхлэн