Нар бүтэн харагдсан 7 хоног
2014-01-05

Тэнгэр нь цэнхэрээрээ нар нь бүтнээрээ харагдсан тунгалаг өглөөтэй шинэ оныг бид угтлаа. Оны эхний өдрүүд хасах 2-оос хасах 6 хэмд хүрч дулаарлаа. Цочир хүйтрэх мэдээнд дөчирсөн олныг цочир дулаарсан байгалийн энэ үзэгдэл багагүй гайхшруулж бас баярлууллаа. Байгаль дэлхий бидэнд ээлтэй байхын зэрэгцээ төр засгаас баримтлах шинэ оны зорилго чиглэл зарлагдлаа.

1

Ерөнхий сайд 2014 оныг импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг эх орондоо хөгжүүлэх чиглэлийг барьж ажиллана гэж оны босгон дээр мэдэгдэв. Импортоос асар их хамааралт зах зээлтэй манай орны хувьд бүгдийг эх орондоо хийдэг болж экспортлогч орон болно гэдэг одоо хол байгаа ч засгийн газрын энэ санаачилга цагаа олсон зайлшгүй дэвшүүлэх зорилт мөн гэж олон нийт дэмжиж байна. Энэ чиглэлд Засгийн газраас “Чингис” бондоос үйлдвэрлэлийг дэмжихийн тулд төсөл сонгон шалгаруулж, санхүүжилт хийхээр болжээ. Гол зорилго нь импортын барааг орлохуйц экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг дэмжих гэнэ. Энэхүү төслийн саналаа энэ сарын 7-ныг хүртэл хүлээж авах гэнэ. Шуурхай байна шүү...

Ингээд цаг агаарын таатай орчинд уламжлалт үнийн өсөлт чимээлсэн 7 хоногийг тоймлоё.

1

Доллар чангарлаа

1

Ноён “ногоон”-ы ханшийг цаашид ч суларна гэж байсан зарим эдийн засагчдын таамаглал биеллээ олсонгүй. Өнгөрсөн сарын эхнээс буурч, 1640 төгрөгт хүрсэн ам.доллар сарын сүүлчээс эргээд өсч, өдгөө 1700 төгрөгт хүрлээ. Сарын өмнө ялимгүй бууж харж үзсэн доллар эргээд томрох болсон ил шалтгаан нь хөлтэй баяр цагаан сар дөхсөн тул нэмэгдсэн гэж байгаа бол далд шалтгаан нь өнөөх л гадаад валютын урсгал нэмэгдээгүй, Оюутолгойн бутээн байгуулалт зогсонги хэвээр байгаа зэрэг гадаад талын нөхцөл хамааралтай тайлбар зүүсэн хэвээр.

1

Долларыг уяраах хамгийн ойрхон байгаа боломж бол Самурай бондын арилжаа. Манай улсын нийтдээ 600 орчим сая ам.доллартой тэнцэх “самурай” бондыг арилжаалах төлөвлөгөөтэй байгаа гэнэ. Энэхүү бондын арилжаа бүрэн гүйцэд болоход дахиад 300 орчим сая ам.доллартай тэнцэх бонд арилжаалагдах ёстой гэсэн хүлээлт байна. Доллар даллах хөрөнгө оруулалтын хууль шинэ оны эхнээс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн. Энэ хуулиар олон боломж бас хамгаалалт баталгааг төр гадаад дотоодын хөрөнгө оруулагчдад олгосон. Тэгэхээр хөрөнгө оруулалтын салхи эргэж долларын урсгал нэмэгдэнэ гэсэн найдлага одоо арай бодитой сонсогдож эхэлж байна. Төгсгөлд хэлэхэд 2014 онд долларын төгрөгтэй харьцах ханшийг 1430 төгрөг байхаар тооцож төсвийн төслөө баталсан Их хурлын эрхэм гишүүд, Монголбанкныхан шинэ оны эхнээс долларын өсөлт чансаагаа хадгалсаар байгаа тухайд юу хэлэх юм бол гэсэн хүлээлт иргэдэд байна.

1

Өргөн хэрэглээний барааны үнэ өссөөр байна

1

Ихэнх бүтээгдэхүүнээ импортоор авдаг манай улсын хувьд доллар чангарахад дагаад иргэд хөлд нь чирэгддэг дүрэм үйлчилсээр байна. Гадаад валютын савалгаа иргэн бүрийн нуруун дээр ачаа болж, хэтэвчийг нь тэмтэрч байна гэж сэтгүүлчид эмзэглэн бичлээ. Жилийн өмнөх ам.долларын ханш 1390 төгрөг байх үетэй харьцуулахад өнөөдөр цай, будаа, элсэн чихэр, өндөг, ургамлын тосноос эхлээд л гадна, дотны гэлтгүй бүх л өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ хамгийн багадаа 20 орчим хувиар өссөн тухай тэд онцолж байна.

1

Хүнсний гол нэрийн барааны үнэ энэ долоо хоногт өмнөх долоо хоногтой харьцуулахад 0.9 хувиар өссөн талаар Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. Махны үнэ гэхэд  үхэр, хонины ястай махны үнэ 2.1 хувь, үхрийн цул мах 2.7 хувь, адууны мах 2.5 хувь, ямааны махны үнэ 4.2 хувиар тус тус өссөн байна. Үнийн хувьд нэг кг хонины ястай мах 7410, хонины цул мах 7100, үхрийн ястай мах 8010, үхрийн цул мах 9590, адууны мах 6560, ямааны мах 5600 төгрөгийн үнэтэй байна гэж мэдээлэгдлээ.

1

Үнэ тогтворжуулахыг сөрж гурилын үнэ өслөө

1

Гурилын үнэ кг тутамдаа 30-50 төгрөгөөр нэмэгдсэн талаар хэвлэлүүд мэдээллээ. Дээдийн дээд гурилын үнэ өмнөх сарынхаас 3.4 хувь, дээд зэргийн савласан гурилын үнэ 6.5 хувь, нэгдүгээр зэргийн задгай гурил 3.4 хувиар өсчээ. Цагаан сар дөхөөд ирэхээр юмны үнэ өсдөг гэж олон нийтийн тархинд суулгасан байдаг тул иргэд эвлэрч халаасаа шавхаж сурсан байдаг. Харин гурилын үнэ нэмэхэд бухимдах үндэслэл байна.

1

Учир нь Засгийн газраас үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд нэр бүхий гурил үйлдвэрлэгч компаниудад урт хугацааны хөнгөлөлттэй зээл өгч дэмжсэн байдаг. Энэ шийдвэрээр төрөөс хаясан их мөнгө нь хүү унагаахад бус гурилын үнийг тогтвортой байлгахад л чиглэгдсэн нь тодорхой. 24 гурилын компанид 48.7 тэрбум төгрөгийн зээл өгсөн тоо сонсогдож байсан. Гэтэл компаниуд зээлийн хариуд хүлээсэн үүргээ хуучин оны суганд хавчуулаад явуулчихсан бололтой он гарангуут гурилын үнийг нэмж иргэдийг бухимдууллаа. Гурилын үнэ нэмэгдсэний цаана Засгийн газрын хэдэн тэрбумыг хаяж байгаа үнэ тогтворжуулах хөтөлбөр өргөн олонд хаялгатай юу, хэдхэн компанид хөлжих боломж олгож байгаа юу гэдгийг эргэн харах ёстойг харууллаа.

1

Хуулийн төслүүд өргөн баригдлаа

1

Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Өнөрбаяр нь шилэн аяга бариад “төсөв байгууллагын үйл ажиллагаа яг үүн шиг тунгалаг байх ёстой” гэж Шилэн дансны тухай хуулийг тайлбарлалаа.

Төсвийн ил тод байдал ба иргэдийн оролцоог хангахтай холбоотой өнөөгийн хууль тогтоомж, журмын хэрэгжилт хангалтгүй байгаад дараах хүчин зүйл нөлөөлж байгаа талаар хуулийн төсөл боловсруулагчид онцолж байгаа юм байна. Үүнд: төсвийн орлого, зарцуулалт, мөнгөн гүйлгээ, тайлагналын үйл ажиллагаа болон өр, зээл, батлан даалт, өмч, хөрөнгийн зарцуулалттай холбоотой шийдвэр, үйл ажиллагааг “цогц байдлаар” олон нийтэд нээлттэй, ил тод, иргэдэд ойлгомжтой, шуурхай мэдээлэх эрх зүйн тогтолцоо бүрдээгүй зэрэг. Энэ байдлыг халах төрийн байгууллага үйл ажиллагаа хөрөнгө мөнгө санхуугийн зарцуулалт ил тод нээлттэй байх нөхцлийг энэ хууль бий болгож байна. Том төрөөс ухаалаг төр лүү шилжих Ерөнхийлөгчийн санаачилга ажил болж байгаа эхлэлийн нэг бодит алхам нь энэхүү хуулийн төсөл гэж хуулийн төслийн багийнхан олон нийтэд мэдэгдлээ.

1

3 сая дахь иргэнийг шагнана

1

Шинэ оны Засгийн газрын анхны хуралдаан болсон байна. Олны анхаарал татаж санал шүүмжлэл дагуулсан асуудал бол 3 сая дахь иргэнийг 3 саяар шагнах тухай шийдвэр юм. Монгол Улсын нэг сая дахь иргэн 1962 оны хоёрдугаар сард төрсөн бол хоёр сая дахь иргэн 1988 онд мэндэлсэн юм. Тухайн үед хоёр сая дахь иргэн, түүний чацуутнаар хот, хөдөөд 25 хүүхдийг тодруулж байжээ.

1

Үндэсний статистикийн хорооны тооцоолж байгаагаар Монгол Улсын гурван сая дахь иргэн 2015 оны 2 дугаар улирлын эхээр төрнө. Хэрэв 2014 онд хүн амын цэвэр өсөлт 71.0 мянгад хүрвэл оны төгсгөлд гурван сая дахь иргэн төрөх магадлалтай. Тиймээс Монгол Улсын гурван сая дахь иргэн, түүний чацуутныг тодорхойлж, алдаршуулах ажлын бэлтгэлийг одооноос эхлэх шаардлага гарсан гэж үзжээ. Хэвлэлээр мэдээлэгдсэнээр бол 3 сая дахь иргэн болон чацуутнуудад 3 сая төгрөг өгөх шийдвэр гарсан гэнэ. Шагналын мөнгөний их багын тухай хийгээд юунд нь ая холбогдол өгөх тухайд иргэд санал шүүмжээ хэлээд эхэлсэн байна.  Ардаас нь төрсөн биш тэр жилд төрсөн бүх хүүхдэд 3 сая өг гэх хэсэг байгаа бол цэцэрлэг сургуулийг нь барих хөрөнгөө царцаах мөртлөө 4 ихэр, 3 сая гэж шоудаж улс төр хийж тархи угаахдаа гар татахгүй улс юм гэж шүүмжлэх хэсэг ч байна.

Юутай ч монголын үрс маш олон болтугай.

1

П.Баярхүү /тоймч/

Shuud.mn
Сонин хачин