Шинэ жилээ угтлаа, бид. Зоорь дүүрэн шампансктай “Хаус” эдлэндээ очиж, ханан пийшэндээ гал өрдөж халуун дулаан орчинд дурсамж дүүрэн тэмдэглэсэн өрх ч бий, умгар гэртээ утаагүй зуухандаа нүүрс шатааж, “нарька” сэржимлэж сэтгэл гундуухан шинэ оноо угтсан нэгэн ч байгаа.
Хэн хаана ч байсан байлаа гээд бид бүгд л шинэ итгэл, том зорилго, багаар хэлбэл өөрчлөгдөнө гэсэн горьдлого найдвар тээж 2014 оноо угтсан. Баяр баярын өнгө жил жилдээ өөр байдаг гэдэг. Энэ шинэ жил дулаахан тэр хэрээрээ гэрээс илүүтэй гадна талдаа хөл хөдөлгөөн “настер” ихтэй байснаараа онцлог байлаа. Оны эхний өглөө саарал биш тунгалаг байж, оны эхний өдрийн нарыг бүтэн харсандаа бид урамтай байлаа.
ааа
Одоо цагаан сар хаяалжээ. Сар шинийн эхэн энэ баярыг мэнд амараа асууж, тохой өргөн золгож, элгэн саднаар цуглах баяр гэхээсээ илүүтэй ширээний ууц, гарын бэлэг, хүний өмнө улалзах хүрэн нүүрийг талхлах мэтээр харж бэлдэж, ядарч стрессдэх болсоор уджээ.
Аав ээж ахмадуудын дурсахаар бол хаврын тэргүүн сарын сарын шинийн нэгэн гэдэг ер бусын их билэг дэмбэрэл, ёс эрэмбэ, ерөөл дууны сар байж. Мөн тэр хэрээрээ элгэмсэл дотнослыг эвлүүлсэн дурсамж дүүрэн өдрүүд болж хүний амьдралд ч тод мөртэй үлддэг байж.
Цуу ямбуу, хавсай боов, мөсөн чихэртэй цав цагаан дурсамжтай, гэр дүүрэн дуутай өнгөрүүлсэн ахмад үеийнхнийхээ цагаан сард нэг зочилмоор золгомоор санагдана. Ардын уран зохиолч П.Бадарч гуай дээр цагаан сарын цасны тухай нэгэн дурсамж хүүрнэж байсныг энд саналаа.
ааа
Хөдөө малчин айлын хотонд, гэрийн гадаа байх модон тэргэний дугуйн дээр тогтон үлдсэн хэсэгхэн цас хорхой хүргэмээр яг мөсөн чихэр шиг харагдаад байж. Бяцхан хүү П.Бадарчийн хорхой хүрч хэлээрээ долоотол хэл нь өнөөх төмөр дугуйнд хүрч наалдаж, хэлээ салгаж авах гэсэн хүү ч нэлээн сандарч, хэл нь их хорссон байж таарна. Гэхдээ л тэр цагаан сарын цас ямар цагаан бас ямар зөөлөн байсныг мартдаггүй тухайгаа хүүрнэн дурсаж байсан. Олон жилийн өмнө сонссон энэ яриа шинэ жил цагаан сар болох бүрд санагдаж бас тийм цэвэрхэн цас хаана байна гэж эрэлхийлэх болсон. Тэр үед юмны элбэг, мөнгөний ихээр бус өнгө билэгдлийн төгөлдөр, өргөн олон утгаараа өөр баяр байжээ цагаан сар гэдэг.
Өнгөтөй өөдрөг, сайн сайхан бүхнийг билэгшээн муу муухай зүйлсийг эцэс төгсгөл болгон цээрлэж, байгаль дэлхий, лус савдгаа баярлуулсан бор хэрнээ бондгор тансаг амьдралын нэгэн сайхан өнгө дурсамж Монголын цагаан сард оршдог байж.
ааааа
Одоо цагийн бидний бухимдан бэлдэж, баярлан тэмдэглэх цагаан сар ямар дурсамжийг ардаа үлдээж байна. Хүн бүрийн амьдрал болоод сэтгэлийн өнгө өөр тул дурсан тодотгож авч үлдэх зүйл нь мөн өөр өөр л байх. Гэхдээ энэ баярын тухайд нийтлэг дурсамж бол бий. Энд тухайн жилийн мах, гурилын үнэ хэр өссөн статистик тэргүүлэх бол, замын бөглөө хаана их байсан зэрэг үзүүлэлт удаалж залгаад цаг агаар ямар байсан, бууз банш хөлдсөн, гэссэн тухай болон нэмэлтээр хотын утаа их бага байсан тухай зэрэг дуртгал орж ирнэ. Энэ бол нүүдэлчин бус суурин иргэншилд шилжиж буй хотынхны цагаан сарын холион бантан дурсамж.
Эд бараа ихдэхийн хэрээр өнгө саарал болж байгаа цагаан сараа өвөг дээдсийн эрхэм бас ёс төрт уламжлалаар нь тэмдэглэн өнгөрүүлэхэд тийм их бэлэг сэлт, өнгө мөнгө хэрэгтэй юм уу даа.
аааа
Хотын цагаан сарыг “ногоон” өсөх сар болгоод байгаа ченжүүдийн овсгоо ч үгэлж, үнэлж баршгүй л юм. Байгаа хэрнээ үнэтэйн зовлон бий болгох хотын цагаан сар жилээс жилд иргэдийн нуруунд хүнд тусдаг болоод байгаа яриа уламжлал болжээ. Үнэндээ бол бид ийм болгоод байгаа юм.
Хавтгайрсан гарын бэлгээр бус идээ ундааны элбэгээр өнгө засч, өндөр настан хүүхэд нялхсаа өргөж хүндэлсэн, элэг ургийн, энх мэндийн баяр хийхдээ төрийн ссанаачилга зохицуулалт авах дээрээ тулж хямраад байгаа нь үнэн. Өргөн олноороо уриалан хэлэлцээд ууцыг том сүүлтэйгээр нь бус идэштэй зөөлнөөр нь авч, гарын бэлгийг хүүхэд, настныг баярлуулахад өргөж, идээний элбэг, сэтгэлийн баянаар цагаан сараа хийдэг болбол сайхан. Цагаан сар хаяанд ирсэн “сануулга” реклам телевизээр цацагдаад эхэллээ. Явган яриагаар бол хонины ууц 250-600 мянган төгрөг гэж дуугарч байна гэнэ. Дунд зэргийн нэг өрх айл зөвхөн золгоо, бэлэг хоёрт 400-600 мянган төгрөг гаргахаас наашгүй тооцоо гарсан гэх яриа захын хорооллын хөгшчүүдийн цусны даралтыг хөдөлгөж эхэлжээ. Хамгийн жижиг ууц тавьж, хавтгай бэлэг сэлтгүй цагаан сар тэмдэглэх “хийрхэл” хөдөлгөөн энэ жил өрнөөсэй...
Ширээнээс том ууц тавьж, цалингаасаа хэтэрсэн бэлэг бөөгнүүлэх хэрнээ, бэлэг дэмбэрэл, буян бурхан талдаа тун ч бага зүйл гаргах юм бид. Бусдаас ялгарах бас дутахгүй гэх улайралд их мөнгө хаяж, өр тавьж өрсөлддөг энэ хотын “цагаан сар”-ын бэлтгэл нэг л биш ээ.
ааа
П.Баярхүү /тоймч/