Шинэ оны эхний өдрөөс хэрэгжиж эхэлсэн зургаан хуулийн нэг нь Хөрөнгө оруулалтын тухай хууль юм. Энэ онд хөрөнгө оруулагчид манайх руу цувах уу, хөл хорьж, хөрөнгөө татсан хэвээр байх болов уу. Хөрөнгө оруулалтын тухай хууль хэр сайн боловсруулагдан батлагдсан нь энэ оны хэрэгжилтээс харагдах юм. Уг нь ч хууль боловсруулагчид, ялангуяа эрх баригчид баталсан хуулиа “маш сайн боловсруулагдсан” гэж магтан сайшаагаад байсан.
_
Өөрийн хийсэн зүйлээ хэн муулахыг хүсэв билээ. Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид хууль боловсруулагчдаас татварын тогтвортой орчинг хүсдэг. Энэ хуулиар оруулсан хөрөнгийг төр хамгаална гэдгийг тодорхой зааж өгснөөрөө онцлогтой гэж хууль боловсруулагчид хэлж байсан. Ямартай ч тэдний боловсруулан баталсан хууль энэ онд хэрхэн хэрэгжихээс сайн, муу дүн нь тавигдана. Хуулиар хөрөнгө оруулагчийг гадаад, дотоодын гэж ялгаварлахгүйгээр нийтлэг эрх зүйн зохицуулалт, хамгаалалт, баталгааг бий болгох, хөрөнгө, орлогоо гадаадад саадгүй гүйвуулах, хөрөнгө оруулагчийн оюуны өмчийг хууль заасны дагуу хамгаалахаар тусгасан. Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийг байгуулахад зөвшөөрөл авдаг тогтолцоог халж байгаа юм. Улсын бүртгэлд бүртгүүлснээр үйл ажиллагаагаа эхлүүлнэ. Харин гадаадын төрийн өмчит хуулийн этгээд Монголын аж ахуйн нэгжийн хувьцааг эзэмшихээр бол зөвшөөрөл авах болно. Хуульд зааснаар хувьцааных нь 50, түүнээс дээш хувийг гадаад улсын төр шууд болон шууд бусаар эзэмшиж байгаа бол тухайн этгээдийг “гадаадын төрийн өмчит хуулийн этгээд” гэж үзэх юм билээ.
_
Хөрөнгө оруулагчийн татварын орчныг тогтвортой байлгах баталгааг төр гаргана. Ингэхдээ татварын, аж ахуйн нэгжийн орлогын, нэмэгдсэн өртгийн, гаалийн, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг Хөрөнгө оруулалтын тухай хууль батлах үед хүчин төгөлдөр мөрдөж байх үеийн түвшинд нь тогтворжуулж, тогтворжуулах гэрчилгээ олгохоор заажээ. Үүнтэй холбоотойгоор гадаадын хөрөнгө оруулалтыг татах, хөрөнгө оруулагчид тогтворжуулах гэрчилгээ олгох зэрэг үүрэг бүхий Хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн агентлаг байгуулагдсан байх юм.
_
Хуулиар аж ахуйн нэгжийн нийт гаргасан хувьцааны 25-аас доошгүй хувийг гадаадын хөрөнгө оруулагч эзэмших, түүнд гадны хөрөнгө оруулагч тус бүрийн оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээ 100 мянган ам доллар байхаар заажээ. Хөрөнгө оруулалтын тухай хуульд заасан дөрвөн төрлийн татварын хувь, хэмжээг татварын хуулийн өөрчлөлтөөр нэмэгдүүлсэн бол тухайн өөрчлөлт нь хөрөнгө оруулагчид хамаарахгүй байх, харин бууруулсан өөрчлөлтөд хамаарч байх юм. 500 тэрбум төгрөгнөөс дээш хэмжээний хөрөнгө оруулалт хийх хөрөнгө оруулагчтай Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах замаар татварын орчныг тогтворжуулах юм байна.
_
Тогтворжуулах гэрчилгээг олгоход тавигдах шаардлагыг нарийвчлан журамлаж, тогтворжуулах гэрчилгээний хугацааг хөрөнгө оруулалт хийх салбар, газар зүйн байршил, хөрөнгө оруулалтын хэмжээнээс хамааран ялгавартай байхаар тогтоожээ. Тогтворжуулах гэрчилгээний хугацаа нь 5-18 жил байх юм. Энэ хугацааг хөрөнгө оруулалтын төслөөс хамааран 1.5 дахин уртасган тооцох боломжтой аж.
_
Засгийн газар тогтворжуулах гэрчилгээг 15 тэрбум, түүнээс дээш төгрөгийн хөрөнгө оруулалт хийх тохиолдолд олгохоор байсан. Хуулиар үүнийг уул уурхайн олборлолт, хүнд үйлдвэр, дэд бүтцийн салбарт хөрөнгө оруулалтын хэмжээ нь 30 тэрбум төгрөг, түүнээс дээш байх, бусад салбарт газар зүйн байршлаас хамаарч буюу баруун бүсэд 2 тэрбумаас, зүүн бүсэд 3 тэрбумаас, хангайн бүсэд 4 тэрбумаас, төвийн бүсэд 5 тэрбумаас, Улаанбаатарын бүсэд 10 тэрбум төгрөгнөөс дээш хөрөнгө оруулалт хийхэд олгохоор нарийвчлан тогтоож өгсөн. Зарим хүмүүс хөрөнгийн босгыг өндөр тогтоосон байна гэж шүүмжилж байгаа. Ямартай ч 400 орчим компани энэ хэмжээний хөрөнгө оруулалт хийх чадвартай гэсэн Сангийн яамны судалгаа байдаг байна. Тогтворжуулах гэрчилгээ авсан хөрөнгө оруулагч нь хөрөнгө оруулалтын хэмжээнээс хамаарч 2-5 жилийн хугацаанд багтаанд хөрөнгө оруулалтаа хийж дуусгах юм билээ. Гэхдээ энэ хугацааг хөрөнгө оруулагчийн гаргасан хүсэлтийн дагуу үндэслэлтэй гэж үзвэл хоёр хүртэл жилээр сунгаж эрхтэй.
,
Гадаадын төрийн өмчит хуулийн этгээд нь Монгол Улсын аж ахуйн нэгжийн хувьцааны 25, түүнээс дээш хувийг эзэмших тохиолдолд үйл ажиллагааны чиглэлээс үл хамааран хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас зөвшөөрөл авахаар байсныг өөрчлөн зөвхөн уул уурхай, банк, санхүү, хэвлэл, мэдээлэл, харилцаа холбооны салбарт зөвшөөрөл авахаар, мөн эзэмших хувь, хэмжээг 33, түүнээс дээш байхаар өөрчлөн тогтоожээ.
_
Хөрөнгө оруулалтын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг батлан гаргалаа. Уг хуулиар Хөрөнгө оруулалтын тухай хуулийг дагаж мөрдөхөөс өмнөх 5 жилийн хугацаанд хэрэгжүүлсэн хөрөнгө оруулалтын төсөл нь хуульд заасан шаардлагыг хангасан бол тогтворжуулах гэрчилгээ олгоно. Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуульд заасан зөвшөөрлийн хугацаа дууссан аж ахуйн нэгж улсын бүртгэлд шинээр бүртгүүлэх зэрэг харилцааг зохицуулах юм.
_
Ийнхүү хөрөнгө оруулалтын хууль хэрэгжиж эхэллээ. Манай улс эдийн засгийн хүндрэлийг давах гэж гаднаас бонд, зээл босгон бүтээн байгуулалтаа үргэлжлүүлж байгаа. Энэ жил бондын мөнгийг үйлдвэржилтэд зарцуулна гэж байсан. Гэхдээ энд тэндээс бонд босгож, хүү төлж байхаар хөрөнгө оруулалтаа татан төвлөрүүлвэл ажлын байраас иргэдийн амьжиргаанд нөлөөлж эдийн засагт ч нэмэртэй юм.
_
Н.Энхлэн