Зогсоо зайгүй өсөн нэмэгдэж буй дэлхийн 7 тэрбум хүний нэгээхэн хэсэг болж Монгол Улсын иргэд ч хором хормоор олуулаа болж, хөгжлийн хүчээ зузаатгаж байна. 2013 он айл өрх бүрт цаашлаад Монгол Улсын түүхэнд тод мөрөө үлдээснийг эргэн дурсахад сайхан байна. Энэ онд Монгол Улс 80 мянган шинэ иргэнээ хүлээн авчээ. Иргэнээ тоолж бүртгэж эхэлснээс хойших хамгийн том тоо. Товчхондоо Монгол Улсын хүн амзүйд гарсан том амжилт. Түүхийн хуудсыг эргүүлэн харвал өдгөөгөөс 26 жилийн өмнө 75832 шинэ иргэнээр бүл нэмсэн нь олуулаа болохын эхлэл байв. Тэр жил бид 2 саяулаа болсон. 1988 онд мэндэлсэн хүүхдүүд өнөөдөр шижигнэсэн залуус болсон, хөгжлийн залуур, хөдөлгөгч хүч болон алхаж байна. Бас тал хувь нь өөрсдөө эцэг эх болчихсон, шинэ хүнээ өлгийдөн хүний жамыг үргэлжлүүлэхээс гадна эх орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулж яваа.
7
Харин яг одоо Монгол Улс 2.929.528 иргэнтэйгээр хөгжил өөд тэмүүлж байна. Өнгөрсөн оны түүхээ давтаж, 70473 шинэ хүнээ хүлээж авахад бид гурван саяулаа болно. Дэлхийн хэмжээнд бид нэг шатаар дээш ахина. Шинэ оны эхний өдөр Монгол Улсад 75 шинэ хүн ирсэн. Өдөр хоногоор өсөн нэмэгдэх шинэ хүн бүр бидэнд шинэ боломж, шинэ замыг нээнэ.
7
Ингэж хүн нэмэгдэхийн хэрээр хөдөлмөрийн бүтээмж нэмэгдэж, хөрөнгө оруулалт, ажиллах хүч сайжирч өндөр хөгжил гэгч алсын Америкийн мэт хол сонсогдохгүй. Бас гурван саяулаа үндэсний үйлдвэрлэлээ дэмжинэ. Тэр хэрээр эдийн засгийн эргэлт нэмэгдэнэ. Байшингаа бариулж, уурхайгаа ухуулах гэж гадаадаас нэг жилдээ 100-аад мянган хүн оруулж ирэхгүй. Бид өөрсдөө хийнэ.
77
Нэлээд хэдэн жилийн өмнө албаныхан Монгол Улс 2005 онд гурав, 2013 онд дөрвөн сая иргэнтэй болно хэмээн тооцоолж байсан гэдэг. Хэдийгээр энэ тооцоололд хүрээгүй ч монголчууд өдөр хоногоор өсөн нэмэгдэж байна. Магадгүй яг одоо хэн нэгний хүү, охин дуугаа хадаан, Монгол Улсын иргэн болсноо зарлан тунхаглаж байгаа. Монголын үрс маш олон болох зам шулуун дардан буй.
7
В.Хэрлэн