Эдүгээгээс яг 102 жилийн өмнө Монгол орны уудам нутаг даяар тусгаар улс болсноо зарлан тунхагласан Богд хааны зарлиг зарлиг түгж олон нүүдэлчин бултаар баярлан цэнгэсэн байдаг. Хоёр зуу илүү жилийн туршид манжийн харьяанд байсан монголчууд манжийн төр доройтсон үүлэн чөлөөний нар шиг хоромхон цаг хугацааг ашиглан өрх тусгаарлаж чадсан юм. Цагтаа дэлхийн талыг захирч явсан монголчууд үндэстнийхээ хувьд мөхлийнхөө шатанд орсон, сэргэх найдваргүй хэмээн гадныхан хэлэлцэж байсан ч монгол хүний чин зориг, төрийн нарийн ухаан, бодлогоороо цөөхөн монголчуудаа зангидаж алдагдсан эрх чөлөөгөө бие даан тусгаар тогтносноо 1911 оны 12 дугаар сарын 29-нд дэлхий дахинд албан ёсоор зарлаж, Богд Жавзандамба хутагтыг Монгол Улсын эзэн хаанаар өргөмжилсөн юм. Тухайн үеийн үйл явдлыг нүдээр харсан Оросын эрдэмтэн И.И.Ломакина бичснээр, “Өглөөнөөс бүхнийг хамарсан өргөн цуглаан эхэлж, түүнд бүх л дээд лам нар, цэрэг, хоёр мянга орчим зэвсэглэсэн казахууд оролцож, жагсаалаар Богдын өвлийн ногоон ордноос Хүрээ рүү хөдлөв. Богд болон түүний эхнэрийн хамтаар шар өнгөтэй, хаалттай сүйхэнд суулган өргөж, баяр ёслолд зориулан алтан болон шар өнгөөр бүрсэн асар том гэр хүрч, тэндээсээ Ордон руу шар өнгийн хадгаар зассан замаар явав. Замын хоёр талаар ноёдууд жагссан байв. Гэрийн хойморт хос сэнтий зассан байв. Ийм байдалтайгаар цогчин дуган орж, товчхон мөргөл үйлдээд буцаад ордондоо заларсан” гэж бичиглэжээ.
1
Цагийн тохиолыг монголчууд маш сайн ашиглаж чадсаныг түүхчид нотолдог. Манж гүрэн саарч, Хятад дотооддоо үймээн самуунтай, Орос дайнд ид бэлдэж байсан гээд Монголыг анхаарах сөхөө байсангүй. Үүнд Богд гэгээнээр удирдуулсан халх, өвөрлөгчийн нөлөө бүхий хан, ноёдын бүлэглэл олон монголчуудын сэтгэлд эрх чөлөөний нар мандааж чадсан юм. Манжийн төр XX зууны эхэн үеэс шинэ цагийн бодлого гэгчийг Монголд тулгаж хятад иргэд олноор суурьшуулах, газар нутгийн баялгийг ашиглах дээрэнгүй бодлого явуулсан нь хэзээнээс манж хятадад дургүй монголчуудыг ханцуй дотроо нударга зангидахад хүргэсэн нь тусгаар тогтнолын төлөөх тэмцэлд томоохон дэмжлэг үзүүлсэн билээ.
1
Энэ өдрийн болсон үйл явдлын талаар гадаад улс орны хэвлэлүүдэд бичиж байсан нь ихээхэн сонирхол татдаг юм. Тухайлбал, Манжуурт Харбин хотноо хэвлэгдэж байсан “Харбинский вестник” сонин 1912 оны 1-р сарын 1-ний дугаартаа “Хутагт хаан ширээнд залран суух ёслол их олон хар шар монголчууд цугларч баяр баясгалантай байдлын дунд боллоо” хэмээн тэмдэглэжээ. Оросын Петербургийн “Речь” хэмээх сонинд “Өнөөдөр Монгол оронд тэмдэглэлт баяр ёслол болж байна. Монголын хутагтыг хаан ширээнд сонгон өргөмжилснөөр Манж Чин улсаас Монголын хараат байсан үе нэгэнт эцэс боллоо” гэж бичсэн бол “Санкт Петербургские ведомости” сонин “Хүрээний хутагт, шашны толгойлогч үндсэнийхээ шашин төрийн тусгаар тогтнолын илэрхийлэгч нь боллоо” гэжээ.
1
Оросын “Новое время” сонин “Монголд газар сайгүй...их баяр ёслол болж байна. 12 сарын 16-нд (12 сарын 29-О.Б) Монголын өнцөг булан бүхэнд даншиг өргөж ёслол хийхээр зарлав. Амьтан алахыг цаазлав. Ордны сайдууд ба бусад түшмэд монгол үндэсний дээл өмс гэж зарлиг буулгав” гэж нэгэн дугаартаа тэмдэглэжээ. Английн “Таймс” сонин энэ үйл явдлын талаар бичихдээ “Ази тивд монгол улс шинээр төрж гарсан буюу бүр нарийвчлан яривал сэргэн мандсан нь бодит явдал боллоо” хэмээн бичиж байжээ. Францын “L Asie Francaise” сэтгүүл 1912 оны хоёрдугаар сарын дугаартаа “Шинэ Хятад Манжийн дарлалаас ангижирлаа. Энэ мэдээ тус орны өнцөг булан бүрт дөнгөж хүрмэгц Монгол, Төвд, Туркестан Хятадын ноёрхолоос чөлөөлөгдөхөөр хөдөлж эхэллээ. Хэрэв шинэ хятад зүй ёсных бол өөрөө тэр улс түмний эрмэлзлэлийг огоорох учиргүй. Монголын удирдагчид өөрийн орны засаг захиргааг гартаа авлаа” гээд “Гадаад монголын лам нар, хошуу ноёд хятадын хахалт хавчлага хараахан үгүйгээр зоригжин 12 дугаар сарын 29-нд Өргөөд суудаг, хязгаарлагдмал эрх мэдэлтэй байсан Хутагтыг эзэн хаанаар өргөмжлөв” хэмээн нэмж бичсэн байдаг. Богд хааны гаргасан анхны зарлиг ч улсыг хариуцах таван яамыг байгуулсан утгатай байлаа. Үүнд Дотоод, Гадаад, Цэрэг, Сан, Шүүх таван яам бүхий анхны Засгийн газар байгуулахыг лүндэндээ дурджээ.
1
Энэ тусгаар тогтнолын тэмцэл 1911 оны энэ өдрөөс эхлээд бүхэл бүтэн 34 жилийн турш идэвхтэй үргэлжилж Дэлхийн II дайнд ялагч Холбоотон гүрнүүдийн хүлээн зөвшөөрснөөр дуусгавар болсон юм. Энэ хугацаанд олон мянган эх оронч баатруудынхаа амь насыг зольсон юм. Тусгаар тогтнол асар их үнээр олдсон. Гадаад дотоодын шахалт дарамт, коминтерний дарангуйлал, Сталины хэлмэгдүүлэлт, социализмын туршилтын талбарт тусгаар тогтнол маань хагас, бэлгэдлийн төдий байсан гашуун түүх бий ч 102 жилийн өмнөх энэ л өдөр цаг цагийн шуурганд үл бөхөх тусгаар тогтолынхоо галыг бадраасан юм.
1
Н.Бадамжав