Монголын төр засаглалын хямралд автаад цөөнгүй жилийн нүүрийг үзлээ. 2000 оноос хойших төрийн толгой хэтэрхий данхар болсон. Хэдхэн бүлэглэлийн гарт Монголын баялаг тэр чигтээ атгагдаж төрөөс төрсөн тэрбумтнууд гэж нэрлэгдэх хүртлээ энэ гурван сая хүрэхгүй ард түмнийг туйлдуулсан. Өнөөдөр засна гэж байна. Зөв л дөө. Тунгалаг, ухаалаг төр байхын тулд ийм арга хэмжээ авах нь зайлшгүй. Сайд нар зовлонгоо ярьж байна. УИХ-ын гишүүн, 2-3 байнгын хорооны гишүүн, дээр нь сайдын ажил гээд сөхөрч унатлаа ажиллаж байна. Аль нэгийг нь хийе ээ гэж цэнхэр дэлгэц дүүрэн учирлаж сууна. УИХ-ын гишүүн сайд байх нь зохимжгүй, Үндсэн хуулийн өөрчлөлтийг хүчингүй болгоё гэцгээж байна. Түмний өмнө бол сайхан л үг.
а
Энэ хууль хэзээнээс эхлэн мөрдөгдөх вэ гэдэг дээр талууд үзэж тарж байна. 2014 оноос эхлээд хэрэгжээд эхэлбэл Засгийн газрыг унагаах аятайхан шалтаг болно, МАН-д. Ерөнхийлөгч өөрөө АН-ын угшилтай болохоор 2016 оны долоодугаар сарын нэгнээс гээд гэдийчихсэн. Хэрвээ хүссэнээр нь батлахгүй бол хориг тавина гээд айлгачихна. Засаглалын хямралын хамгийн тод илрэл ингээд шинэчлэлтийн хамгийн эхний шатны хуулин дээрээ яруу тодоор илрэв. Ямар ч хууль гарсан нэг нь нөгөөгөө шантаажилж өөртөө ашигтайгаар шийдэхийг хүсэгч ийм л төртэй болчихож. Толгой нь өтсөн загас бие сүүлээ хэрхэн залах билээ. МАН-ыхны хүсч байгаагаар хуулийг 2014 оноос хэрэгжүүлнэ гээд баталчихвал Засгийн газрыг амархан сөхрүүлчихнэ. Ахиад бөөн бужигнаан үүснэ.
а
Ерөнхийлөгчийнхөөр бол МАН УИХ-д нөлөөгүй цөөнх чигээрээ ирэх сонгуулийг хүлээх ёстой. Гаргалгаа нь ард түмний эрх ашиг, нийгэм эдийн засаг огтоос хамаагүй, эхлээд засаглалын хэрүүлээ хийгээд авья гэсэн далд мессеж яваад байгаа юм. Нэг талаас Ерөнхийлөгч хүссэнээр минь хийхгүй бол хориг тавина. Хоригийг УИХ олонхоороо хүлээгээд авчих нь тодорхой учраас засаглалыг өөрийнхөөрөө тулгаж байгаа юм. МАН хичнээн тийчлээд ч нэмэргүй гэдгийг ил цагаан зарлалаа. Тэр 2016 он хүртэл парламентаар хүссэнээ ногоон гэрлээр батлуулна гэдгээ шулуухан хэлчихлээ. Ноцтой шалтаг шалтгаан шүү. АН-ыхан хүссэнээ хийж болно, бусад нь үгүй. МАН алдсан эрх мэдлээ эргүүлж авах ямар ч найдваргүй болж, гудамжны өнцгөөс эсэргүүцэн чарлах л үлдлээ. Энэ нам улс төрийн тавцангаас арчигдсан түүх 1996-2000 онд бий. Гэхдээ сүүлийн найман жил шиг ийм унхиагүй байсан түүх үгүй. Барсыг хэн шархлуулав. Улстөрийг бизнестэй нягт сүлж луйварчдыг төрүүлсэн, өөрсдийнхөө эгнээнээс авлигачид, хулгайч, алуурчид гээд зүсэн зүйлийн нөхдийг төрүүлсний гор барсыг үхлүүт болгосон юм.
а
Өнөөдөр АН хэмээх нөгөө барс нь өндийж байна. Үгүй болсон засаглалыг сэргээхийг оролдож байгаа мэтээр харагдаж байгаа ч -Хүүе нөхдүүд ээ. Албан тушаалаа өгчих. Хэл ам гаргаад байвал идсэн уусныг чинь дэлгээд шоронд хатаана шүү гэсэн хариуг барьж байна. Хаа хаанаа “но” байгааг энэ өдрүүдэд бид харж байна. Нэг нь амьсгалаа таслачихгүй гэж, нөгөө нь нэгмөсөн амыг нь барих гэсэн тулаан Чингис хааны хөшөөний ар хударгаар өрнөж байна.
а
Засаглалыг шинэтгэх нь зайлшгүй. Гэхдээ нийгэм эдийн засгийн байдал сайжрахгүй байгааг давхар бодолцох шаардлагатай байгаа юм. Тэртэй тэргүй АН ялж гарах маргааныг сунжруулах нь хэр оновчтой бол. 2014 онд эдийн засгийг суга татах олон чухал зорилт хөтөлбөрүүд бий. Түүнтэй холбоотой олон хууль тогтоомжид нэмэлт өөрчлөлт оруулах ёстой. Эдийн засаг хямрах гээд байна шүү, анхаарлаа хандуулаач ээ гээд байхад найр наадам хэсч, худал үнэн тоо баримт дэлгээд байсан УИХ, Засгийн газар алдаагаа давтахгүй гэх баталгаа алга. Үнэндээ эдийн засаг дээсэн дөрөөн дээр дэнжигнэж байна. Эрүүл саруул эрэлт нийлүүлэлт, үнэ ханш, импорт экспорт гэж алга. Нэг нэгнээсээ харилцан холбоотой эдийн засгийг засаг төр ганцхан шийдвэрээрээ булшилж орхино. Засаглалыг ингэж ойлгох болсоор удлаа. Нүүрэн дээрээ дэмжсэн дүр үзүүлэвч нидэр дээрээ гороотой нь хутгаад орхино. Загас толгойноосоо өтөж үхдгийн үлгэр засаглалын төлөөх энэ тэмцлээс илт харагдаж байх юм даа.
а
Н.Бадамжав