Улиран одож буй 2013 он амжилт ололт, алдаа дутагдал, бахархам бүтээл, баярт мөч гээд олон зүйлийг бидэнд өглөө. Нийгэм, улс төр, урлаг соёл, эдийн засгийн салбарт олны анхаарлыг татсан олон ч үйл явдал болж өнгөрсөн. Энэ онд болж өнгөрсөн гол үйл явдлуудыг ШУУД онцолж байна.
1
Насанд хүрсэн ардчилал
1
Дэлхийн улс гүрнүүдийн төлөөлөгчид Монгол Улсын нийслэлд хотноо анх удаа хуран чууллаа. Бид дэлхийн өнцөг булан бүрээс уригдан ирсэн зочдоо монгол заншлаараа өрх гэрээ цэвэрлэж, хайс хашлагаа засч, тохижуулан угтсан. Энэ өдрүүдэд Улаанбаатар хотын төв хэсэг нүүрээ угаасан хүүхэд шиг цэмцгэрхэн байлаа. АОХН-ийн Сайд нарын хуралдаанаар авлигатай тэмцэх асуудал, энэ чиглэлээр авах нэгдсэн арга хэмжээний талаар тунхаглал баримт бичгийг гаргасан. Ардчилсан орнуудын сайд нар Монголын ардчилал насанд хүрснийг онцолсон юм. АОХН-ийн Сайд нарын долдугаар бага хурлын төлөөлөгчдөөс олны анхааралд байсан зочид бол Мьянмарын ардчиллын төлөө нэртэй тэмцэгч, Нобелийн шагналт, Үндэсний Лиг намын тэргүүн, хатагтай Ан Сан Су Чи, Тайландын Вант улсын Ерөнхий сайд эрхэмсэг хатагтай Йинглак Чинават нар байлаа. Хатагтай Ан Сан Су Чи “Монголын ардчилал та нарт одоо ч шинэ зүйл хэвээрээ байгаа байх. Ардчилал гэдэг бол зөрчил, зөрүүтэй асуудлыг аль болох эв зүйгээр зохицуулж, засч залруулдаг байх ёстой. Харилцан бие биенээ хүндэтгэх зарчим бол ардчилал мөн. Ардчилал гэдэг зүйлийг хэлэхэд амархан боловч ойлгож хэрэгжүүлэхэд асар ээдрээтэй. Яагаад гэвэл ардчилал хүний нэр хүндийг хамгаалахад чиглэдэг. Тиймээс бид ардчилал болон хүний эрх, эрх чөлөөний тэмцэл нь өөр хоорондоо шүтэлцээтэй зүйл гэдгийг ойлгодог. Энэ хоёрыг салгаж авч үзэх боломжгүй. Тийм учраас бид ардчиллын төлөө зөвхөн тэмцээд зогсохгүй, тэмцэл дотроо амьдрах хэрэгтэй” гэдгийг онцолж байсан юм. Насанд хүрсэн ардчиллаа зөв жолоодох нь төрийн удирдлагуудын үүрэг билээ.
1
Дэнжигнүүлсэн Засгийн газар дээвэр бүтэн үлдлээ
1
Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг энэ жилийн турш ҮХЦ-д дуудагдаж, сөрөг хүчний огцрох шаардлагатай тулж, хэл амны барцадтай байсан хэдий ч бүхний өмнө сөрөн зогсч, танхимаа бүтнээр нь авч гарч чадсан амжилтаар шинэ оныг угтаж байна. Оны эхэнд Засаг дарга нарын томилгоо хийлгүй, Хөвсгөл, Баянхонгор, Дорнод аймгийн ИТХ-ын шийдвэрийг үл хүндэтгэн, дур мэдэн үүрэг “гүйцэтгэгч” томилсон, УИХ-ын гишүүн О.Баасанхүү Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийг Батлан хамгаалах яамтай нийлүүлж, төсөв, орон тоог салбарын сайдад дур мэдэн шилжүүлж, УИХ-ын шийдэх ажлыг хийсэн хэмээн ҮХЦ-д хандсан. Ар араасаа үргэлжилсэн ҮХЦ-ийн асуудлыг нэг тийш нь шийдвэрлэж дуусав уу үгүй юу сөрөг хүчин Засгийн газрын тэргүүнийг огцруулах шаардлагыг УИХ-д өргөн барьсан билээ. Хуулиараа сөрөг хүчин найман сар тутамд нэг удаа Засгийн газрын асуудлыг УИХ-д өргөн барих заалттай. Тиймээс УИХ дахь МАН-ын нэр бүхий гишүүд өнгөрсөн дөрөвдүгээр сард төрийн албыг төрлийн алба болгосон, эдийн засгийн өсөлт буурсан гэх үндэслэлээр Н.Алтанхуягийн танхимыг, энэ сард эдийн засгийг сульдааж, хөрөнгө оруулагчдыг “нүүр бууруулж”, валютын ханшийг хөөрөгдсөн гэх үндэслэлээр Сангийн болон Эдийн засгийн хөгжлийн сайдыг огцруулах шаардлага хүргүүлсэн. Гэвч УИХ дахь олонхи Засгийн газрын тэргүүнийг ч хоёр сайдыг ч огцруулах шаардлагагүйг гэж авч үлдээ. Ийнхүү бүтэн жил тойрон хэл аманд өртөж байсан Засгийн газар танхимаараа үлдэж, ирэх жилийн ажилдаа ханцуй шамлан орох нь. Гэхдээ Засгийн газар олонхиороо түрүү барьж омогшилгүй, үнийг тогтворжуулж, валютын ханшийг бууруулж, эдийн засгийг өсгөх талаар сөрөг хүчний шаардлагыг биелүүлж ажиллах үлдлээ. Эс биелүүлвээс эргээд шаардах эрх нь сөрөг хүчинд бий.
1
Шинэ МАН, хуучин дарга
1
Сонгуулийн жилүүдэд дараалан ялагдал хүлээсэн улс төрийн ууган хүчин МАН XVII их хурлаа Шинэчлэлийн төлөө уриатайгаар хийлээ. МАН-ын даргаар М.Энхболд хоёр дахь удаагаа сонгогдсон бол генсекээр Ж.Мөнхбат сонгогдов. Намын даргаар М.Энхболдыг дахин сонгосныг зарим ажиглагчид МАН шинэчлэгдээгүй, хуучин хүмүүс нь дахин баг болон орж ирлээ, энэ намд лидер алга гэж байхад туршлагатай улстөрчөөр удирдуулж, дахин хүчирхэгжих нь гэх хэсэг ч байна. Харин Бага хурлын 310 гишүүнийг хотын фракцынхан давамгайлсан нь мөн л МАН-ын даргатай холбон тайлбарлаж байгаа. Учир нь өнгөрсөн жилүүдэд МАН-д М.Энхболдын гэх хотын фракц хүчтэй явж ирсэн. Харин эдүгээ хоёр хэсэг намд хуваагдаж, хүч нь сульдсан МАН-ыг бэхжүүлэх эсэх нь М.Энхболдын удирдлагаас шууд хамааралтай. МАН-ын их хурлаасаа хойш олон нийттэй нээлттэй уулзалт хийж, Засгийн газрын хоёр сайдыг огцруулах шаардлагыг хүргүүлсэн. Энэ нь тус нам Засгийн газарт хамтрах гэж байна гэсэн хардлагыг улс төр ажиглагчдад төрүүлж байсан ч, намын дарга нь эрс үгүйсгэсэн юм. М.Энхболдыг хэр удирдагч болохыг ирэх 2016 оны сонгуулийн үр дүн харуулах билээ.
1
Н.Энхбат
1
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж дахин сонгогдов
1
2013 оны 5 сарын 12-нд Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчид эцэслэн тодров. АН-аас Ц.Элбэгдорж, МАН-аас Б.Бат-Эрдэнэ, МАХН-аас Ц.Удвал нар нэр дэвшсэн. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хувьд дөрвөн жил Монгол Улсыг толгойлж, ард түмний эв нэгдлийн төлөөлөгч байсан. Түүний хувьд өмнө нь Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан, улс төрийн өндөр албан тушаалыг олон удаа хашиж байсан туршлага нь давуу талтай нэр дэвшигч болгосон. АН-аас нэр дэвшсэн Ц.Элбэгдорж “Ардчилсан нам олонх болсон. Одоо ерөнхийлөгч нь АН-аас сонгогдвол бид өнгөрсөн он жилүүдэд улс оронд үүссэн нийгэм, эдийн засгийн алдаатай бодлогуудыг засч, нэг үзэл, нэг зорилготой ажиллах боломж нээгдэнэ. Эхлүүлсэн ажлаа дуусгах боломжийг бүрдүүлж, ард түмэн итгэлээ өгнө үү” гэдгийг хэлж байв.
1
Нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ гишүүний хувьд “урт нэртэй хууль”-ийн хүрээнд уул уурхайн компаниудтай хатуухан тэмцэл өрнүүлсэн улстөрчдийн нэг гэж харагддаг. Ерөнхийлөгчийн сонгуульд хүчтэй өрсөлдөгч байсан. Сонгуулийн сурталчилгааны өдрүүдэд нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ намаасаа дэмжлэг бага авсан ч “Миний нэр цэвэр, миний гар цэвэр” гэсэн уриа нь хит болж, намын гишүүдээсээ хамгийн ариун үйлтэй нэгэн гэж өөрийгөө тодруулсан гэж болно.
1
Монгол Улсын түүхэнд анх удаа эмэгтэй хүн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байгаагаар онцлог байсан нэр дэвшигч Н.Удвалын хувьд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин өрсөлдөхөөсөө нэр дэвшигч Б.Бат-Эрдэнийн саналыг хуваах зорилготой. Нэр дэвшигч Ц.Элбэгдоржийг дахин сонгогдох боломжийг олгосноор МАХН-ын дарга Н.Энхбаярыг суллуулах тохиролцоо хийсэн гэх хардлага олны дунд байсан юм.
Эхний дөрвөн жилийн хугацаанд иргэний нийгэм, хуулийн засаглалын асуудалд гол анхаарлаа хандуулж хууль шүүхийн байгууллагын шинэчлэлийг эхлүүлсэн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж дахин сонгогдсон. Тэрбээр авлига хүнд сурталтай тэмцэж, хууль шүүхийн байгууллагын шинэчлэлийг эхлүүлснээр иргэдээс нэмэх оноо авсан. Өдгөө Ерөнхийлөгч дараагийн дөрвөн жилдээ хийх ажлаа барьж аваад байна. Энэ нь төрийн нүсэр аппарат, хүнд суртал, томдсон байдлыг өөрчлөх. "Том төрөөс ухаалаг төр рүү" үндэсний хэлэлцүүлгийн зохион байгуулахад иргэд хамгийн түрүүнд дэмжсэн. Түүний энэ санал санаачлагыг УИХ-ын гишүүд дэмжиж гарын үсэг зурцгаасан билээ.
1
У Бангуо айлчлав
1
2013 оны 1 сарын 30 ны өдөр Их Хурлын дарга З.Энхболдын урилгаар Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн их хурлын байнгын хорооны дарга, ноён У Бангуо манай улсад албан ёсны айлчлал хийсэн. Түүнийг дагалдаж БНХАУ-ын Гадаад явдлын дэд сайд Жан Жизюнь, БХАТИХ-ын Санхүү, эдийн засгийн комиссын даргын орлогч Вэй Лючэн, БХАТИХ-ын Байнгын хорооны Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Цао Вэйжоу, БНХАУ-ын Худалдааны дэд сайд Жун Шань нарын зэрэг албаны хүмүүс ирсэн. Мөн хэвлэл мэдээллийн 30 гаруй байгууллагын сурвалжлагч сурвалжлахаар ирсэн юм. Энэхүү айлчлалаар хоёр орны стратегийн түншлэлийн харилцааг өргөжүүлэхийн зэрэгцээ парламентын харилцааг гүнзгийрүүлэх, 1990-ээд оноос хойш эрчимтэй хөгжсөн эдийн засгийн харилцааг сайжруулах талаар ярилцсан юм. БХАТИХ-ын Байнгын хорооны дарга У Бангоугийн энэхүү айлчлал нь УИХ-ын 2012 оны сонгуулиар байгуулагдсан шинэ парламентын хувьд хоёр дахь, 2013 оны анхны томоохон айлчлал болсон билээ.
1
Парламент элэг бүтэн болов
1
2013 оны 5 сарын 12-ны өдөр УИХ-ын ээлжит чуулган оройн 19 цаг хүртэл үргэлжилж, хэлэлцсэн асуудлууд нь шийдэлд хүрч чадалгүй чуулган өндөрлөнө гэж мэдэгдэж байв. Чуулган хэсэг завсарлаад эргэн цуглахдаа УИХ-ын шинэ гишүүдийн тангараг өргөнө гэсэн мэдээ ордонд тарсан. Удалгүй УИХ-ын сонгуулийн 26-р тойрогт МАН-аас нэр дэвшигч Д.Сумъяабазар, АН-аас УИХ-ын сонгуулийн 10-р тойрогт нэр дэвшигч Д.Зоригт нар тангараг өргөхөөр чуулганы танхимд орж ирсэн юм. Шинэ гишүүдийн тангараг өргөх асуудлыг чуулганд гэнэт оруулж ирсэнд УИХ дахь МАН-ын гишүүд “Чоно борооноор” гэгчээр орой болж, сэтгүүлчид тарсан хойно олон түмэнд мэдээлэхгүй гэсэндээ ингэж шийдвэрлэлээ хэмээн ихэд бухимдаж байсан. Энэ үйл явдлаас хэд хоногийн өмнө УИХ-ын гишүүний тангараг өргөхөөр хүлээж байсан Д.Сумьяабазартай хамт Өвөрхангай аймагт МАН-аас нэр дэвшсэн С.Чинзориг УИХ-ын гишүүнээр сонгогдоно гэж яригдаж байсан. Харин Сонгуулийн ерөнхий хорооноос Өвөрхангайн асуудал өнөөдөр шүүхээр эцэслэн шийдэгдлээ, дараагийн шатны шүүхийн шийдвэрийг хүлээх шаардлагагүй гэж үзэн АН-аас нэр дэвшсэн Д.Зоригтын нэрийг оруулж ирж байгаа гэсэн тайлбарыг өгч байсан юм. Шинэ хоёр гишүүн тангараг өргөхөөр чуулганы танхимд сууж, харин УИХ дахь МАН-ын гишүүд бухимдлаа илэрхийлж, “АН сонгуулийн ардчиллыг булшиллаа” хэмээн мэдэгдэж байв.
Ийнхүү 2012 оны УИХ-ын сонгуулиас хойш элэг бүтэн болж чадаагүй гишүүд маргаантай, мэтгэлцээнтэй хэл ам дагуулсаар 76-уулаа болсон юм.
1
П.Нарандэлгэр
1
Энэ жил хүндрэл ирэх онд сэргэлт
1
2012 оны сүүлчээс манайд эдийн засгийн хүндрэлүүд мэдрэгдэж, энэ онд хямрал хаяанд ирээд байлаа. Учир нь 2013 онд нүүрс 50 хувь, зэсийн экспорт 40 хувиар буурсан бол манайд орж ирэх гадаадын шууд хөрөнгө оруулалт /Оюутолгойгоос бусад/ 2012 онтой харьцуулахад 49 хувиар буурчээ.
Монгол Улсын гадаадын шууд хөрөнгө оруулалт өмнө нь 2.5 их наяд ам.доллар байсан бол өдгөө 500 сая ам.доллар болж, 5 дахин агшсан нь хууль эрх зүйн орчноос хамааралтай байв. Гэхдээ манайх оройтолгүй хуулиа өөрчилж эрх зүйн орчноо тогтвортой болгосноор гаднаас орж ирэх хөрөнгө оруулалт нэмэгдэх эхлээд байна. Мөн Хятадын “Шенхуа Энержи” компанитай “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Энержи ресурс” ХХК, “Тавантолгой” ХК 20 жилийн хугацаанд нэг тэрбум хүртэл тонн нүүрс нийлүүлэх Харилцан ойлголцлын санамж бичгийг үзэглэсэн. Дээрхи нүүрсийг өнөөгийн ханшаар тооцож үзэхэд 20 жилд 50 шахам тэрбум ам.долларын борлуулалт болох юм. Мөн энэ оны 7 дугаар сарын 9-нд Оюутолгой анхны зэсийн баяжмалаа экспортлож эхэллээ. Энэ нь Монгол Улсын Уул уурхайн салбарын хөгжлийн түүхэнд нэгэн содон үйл явдал болж тэмдэглэгдэн үлдсэн юм. Одоогийн байдлаар тус компани 70 гаруй мянган тонн баяжмалыг экспортод гаргаад байна.
Дээрх үйл явдлууд манай улсын экспортын бүтээгдэхүүний орлогыг нэмэгдүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулах юм. Түүнчлэн энэ онд гадаадын зах зээлээс босгосон 1.5 тэрбум ам.долларын Чингис бондын хөрөнгө манайд орох орлого буурч, эдийн засаг хүндэрсэн үед амь тариа болсон. Мөн Самурай бондын гэрээг Японтой байгуулж, энэ сард уг бондыг Японы олон улсын хамтын ажиллагааны банкны баталгаатайгаар гаргахаар баталгаажуулсан билээ. Ямартай ч төсвөөр томоохон бүтээн байгуулалтуудад хөрөнгө оруулах боломжгүй тул урт хугацаатай энэ мэт зээлүүд манайд зайлшгүй шаардлагатай байгаа. Гэхдээ зарцуулалтыг зөв хийх нь хамгийн чухал.
Энэ бүхнээс үзэхэд ирэх онд манай улсын эдийн засаг 2013 оноос харьцангуй “гэрэлтэй” байхаар харагдаж буй юм.
1
“Монгол 93” шатахуун хэрэглэгчдэд хүрэв
1
Монгол Улсад нийтдээ 20 гаруй талбайд 16 орчим компани газрын тосны эрэл хайгуулын үйл ажиллагаа явуулдаг. Тэгвэл 2013 оны 5 дугаар сарын 16-аас эхлэн Монгол газраас ундарсан газрын тосоор бүтээсэн, “Монгол 93” шатахуун хэрэглэгчдэд хүрч эхэлсэн. Уг автобензинийг БНХАУ-д боловсруулж, анх сардаа 10 орчим мянган тонныг Монголд нийлүүлж байсан. Чанарын хувьд АИ-92 автобензинтэй дүйхүйц уг шатахууныг бид импортлож эхэлснээр шатахууны хувьд ОХУ-аас бүрэн хамааралтай байдлаа 40 орчим хувиар бууруулах боломж бүрдсэн юм.
1
Түүнчлэн Газрын тосны газар, Хятадын “Петро чайна интернэйшнл” компанийн хооронд Монголд олборлож буй түүхий тосны хэмжээ өсч байгаатай уялдуулан Хятадаас нийлүүлэх шатахууны хэмжээг нэмэгдүүлэх тухай Харилцан ойлголцлын санамж бичгийг өнгөрсөн 10 дугаар сард байгуулав. Мөн Замын-Үүд өртөөн дэх шингэн түлш шилжүүлэн ачих төхөөрөмжийн өргөтгөлийн ажил дууссан. Уг байгууламж бүрэн хүчин чадлаараа ажиллавал сард 35-40 мянган тонн шингэн түлш шилжүүлэн ачих боломжтой аж. Ингэснээр манай улсын газрын тосны бүтээгдэхүүний нэг сарын хэрэглээний 40-50 хувийг БНХАУ-аас импортлох боломж бүрдэв.
1
Ипотекийн зээлд 12106 иргэн шинээр хамрагдав
1
Одоогоос 6 сарын өмнө иргэд 8 /±1/ орон сууцны зээлийг арилжааны банкуудаас авч эхэлсэн. Засгийн газраас орон сууцны ипотекийн зээлийн ерөнхий журмыг баталсан бол нарийвчилсан журмыг Монголбанк боловсруулсан билээ. 80 ам метрээс илүүгүй талбайтай шинээр ашиглалтад орсон болон хуучин орон сууцыг 20 хүртэл жилийн хугацаатай, жилийн 8 хувийн хүүтэй зээлээр худалдан авах боломж бүрдээд зогсохгүй хуучин орон сууцны өндөр хүүтэй зээл авсан иргэд зээлийн хүүгээ ийн бууруулах таатай нөхцөл бий болов. Монголбанкны мэдээлж буйгаар уг зээлийг олгож эхэлснээс хойш буюу энэ сарын 16-ны байдлаар банкууд 12106 иргэнд 694.7 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээл шинээр олгохоор шийдвэрлэжээ. Харин өмнө олгосон ипотекийн зээлийн тухайд 16923 иргэний хүсэлтийг бүрэн шийдвэрлэж, орон сууцны ипотекийн 481.8 тэрбум төгрөгийн зээлийг дахин санхүүжүүлж, орон сууцны зээлийн хүүг 8 хувьд шилжүүлсэн байна.
1
Түүнчлэн энэ хөтөлбөрийн хоёрдугаар шатыг энэ онд мөн амжиж хэрэгжүүлэв. Тодруулбал, өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт “Монголын ипотекийн корпораци”-ийн "МИК АКТИВ-1" тусгай зориулалтын ХХК арилжааны банкуудтай хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах гэрээг байгуулсан юм. Ингэснээр урт хугацаатай, бага хүүтэй зээлийн тогтолцоо бий болох эхлэл тавигдсан. Товчхондоо гэхэд дараагийн ипотекийн зээлийг санхүүжүүлэх боломж бүрдсэн. “МИК” ХХК нь эхний ээлжинд банкуудын иргэдэд олгосон 8 хувийн хүүтэй 322.9 тэрбум төгрөгийн зээлийн багцыг худалдан авч, үнэт цаас гаргах үйл ажиллагааг эхлүүллээ.
1
А.Энхжаргал
1
Олон дагуултай Т-Батаар
1
Энэ оны тавдугаар сарын 17-ны баасан гарагийн 23:15 цагт Батаар эх орондоо эргэн ирсэн. 70 наруй сая жилийн настай, эртний Монгол нутагт амьдарч байсан үлэг гүрвэлийн арга ясыг АНУ-ын Нью-Йорк хотноо дуудлага худалдаанд оруулах гэж байсан нь манайд мэдэгдэж, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж улсынхаа нэрийн өмнөөс нэхэмжлэл гарган, ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэлээр ахлуулсан баг шуурхай ажилласны үр дүнд ийнхүү буцаан авчирсан билээ. Түүний араас агаараар болон далайн тээврээр 20 гаруй тооны үлэг гүрвэлийн олдворууд Монголдоо ирэх юм.
1
Эх орондоо ирсэн Т.Батаарыг зургаадугаар сарын 1-ний өдөр төв талбайн урд хэсэг дэх байранд түр байрлуулан иргэдэд хэсэг хугацаанд үнэгүй үзүүлж байгаад хүүхэд, том хүний ялгавартайгаар үнэ тогтоож, төлбөртэйгээр үзүүлж эхэлсэн. Ингэснээр есдүгээр сарын 19-ний байдлаар Т-Батаар улсын төсөвт 120 сая 59 мянган төгрөгийн орлого оруулсан тухай олон нийтэд мэдээлсэн. Өдгөө Т-Батаар Дархан-Уул аймагт өвөлжиж байна. Тус аймгийн музейд байрласан Т-Батаар хоёр сарын хугацаанд 8 сая төгрөгийн орлого олоод байгаа гэсэн. Уг нь үлэг гүрвэлийн олдворууд хуучин Лениний музей байрлах ёстой байсан. Харин тус байрыг ашиглаж байсан МАН-ынхан музейн зориулалттаар ашиглах ёстой гэсэн шийдвэр гарсан ч байрыг чөлөөлж өгөхөөс татгалзсаар байгаа юм.
1
Б.Буд
1
Төр соёрхсон эрхмүүд
1
2013 онд Монгол Улсын Төрийн соёрхолтон хоёроор нэмэгдлээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төр соёрхсон хоёр эрхэм бол УДЭТ-ын найруулагч Намнангийн Наранбаатар, инженер Намхайн Нацагням нар байв. Найруулагч Н.Наранбаатар “Тэнгэрийн хүү”, “Гамлет”, “Шөнө амталсан нулимс”, “Парисын Дарь эхийн сүм” зэрэг жүжгээр театрын урлагийн шинэ илэрхийлэл, шинэлэг дэг тавилтыг бий болгож чадсан.
1
Харин инженер Н.Нацагням “Синхрон генераторын NaNyam-AX12 цахим автомат өдөөлтийн систем, түүний виртуаль лаборатори” төхөөрөмж зохион бүтээж, эх орныхоо эрчим хүчний системийн бие даан найдвартай, хэмнэлттэй ажиллах боломжийг нээсэн юм. Тэд зөвхөн ажиллаж буй салбартаа бус Монгол Улсын хөгжлийг илтгэж, нүүр царай болохуйц бүтээл туурвисныхаа төлөө ийн төрд үнэлэгдсэн юм.
1
Дэлхийд данслагдсан өв соёл
1
Улиран одож буй он монголчуудын уламжлал, зан заншил дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн жил байлаа. Эх хэлээс гадна үндэсний шинж чанарыг хадгалсан уламжлал, ёс заншил, өв соёлоороо бусдаас ялгарах нь туурга тусгаар улсын бас нэг илэрхийлэл. Дэлхийд танигдсан Чингис хаан, нүүдлийн соёл иргэншлээс хальж, хүлэг морь, дээл хувцас, бие биелгээгээ олон улсад данстай болгосон нь энэ оны онцлох үйл явдлуудын нэг байв.
1
Эх орны дөрвөн зүг, найман зовхисоос нийслэлийг зорин ирсэн биелээчид Монголын гэх нэгэн өв соёлыг дэлхийд бүртгүүлэв. Энэ бол төв талбайд цугласан 5204 бие биелээчид байв. Захчин, Баяд, Торгууд, Казах, Буриад, Өөлд, Хотон, Урианхай, Дөрвөд үндэстэн ястнгууд өөр өөрийн үндэсний хувцсаараа гоёж, монгол ардын язгуур урлагийн нэгэн төрөл бие биелгээг Геннист бүртгүүлсэн юм. 82 настай буурлаас эхлээд 3 настай бяцхан хүүгийн хичээл зүтгэлээр Монголын соёлын нэгэн өв ийн дэлхийд бүртгэлтэй болж, хэдэн зуунд хадгалагдан үлдэх эхлэл тавигдсан юм. “Жороо морины явдал”, “Хамаг монголын уриа” гэх мэтээр үндэстэн, ястан бүрийн амьдралын хэв маяг, ёс заншлыг илтгэсэн бие биелгээнд Геннисийн холбоо батламжаа гардуулсныг Шууд.мн онцолж байна.
1
Морьтон монголчууд морины уралдаанаа Геннист бүртгүүлсэн нь энэ оны чухал үйл явдлуудын нэг байв. Монгол Улсын Засгийн газрын дэмжлэгтэйгээр Монголын морин спорт, уяачдын холбооноос зохион байгуулсан уг арга хэмжээ хоёр хэсгээс бүрдсэн юм. “10 000 морьтон”-уудын их жагсаал, 4000 морьд оролцсон “Монгол морь 2013” уралдаан монголчуудыг хэрхэн нэгдэн нийлдгийг харуулж чадсан юм. “Монгол морь 2013” уралдаанд түрүүлсэн морь 18 километр замыг 24 минут 30 секундын хугацаанд туулсан амжилтыг үзүүлсэн билээ. Хамгийн олон морь, морьтон цугласан энэ уралдаан, жагсаал дэлхийн дээд амжилтыг бүртгэдэг Геннисийн номонд багтаж, Монголын гэх сонин содон үйл явдал нэгээр нэмэгдсэн юм. Дэнж хотойтол наадсан энэ үйл явдал эвдэгдэх хүртлээ Монголын гэсэн автортойгоор дэлхийд данслагдсан нь энэ.
1
В.Батцэцэг
1
Ерөнхийлөгч ерөнхийлөгчөө уучлав
1
8 сарын 1-нд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зарлиг гарган хорих 401-р ангид ял эдэлж буй Н.Энхбаярт уучлал үзүүлснээ www.president.mn цахим сайтдаа нийтлэв. Энэхүү мэдээллийн дагуу Клиникийн нэгдсэн II эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа МАХН-ын дарга, Монгол улсын ерөнхийлөгч асан Н.Энхбаяртай уулзахаар түүний хүү Н.Батшугар, эхнэр О.Цолмон, Эрүүл мэндийн сайд Н.Удвал, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн дарга Л.Жамбалжав болон тус намын гишүүд дэмжигчид эмнэлгийн үүдээр хөл үймээн болж, хэвлэлийнхэн ч бужигнаж байв.
1
Экс ерөнхийлөгчийг эмнэлгээс гарах үед МАХН-ын дэмжигч, гишүүд “Дарга аа, тандаа хайртай шүү. Бидэндээ эргэж ирсэнд баяр хүргье” хэмээн алга ташсаар угтсан. МАХН-ын дарга Н.Энхбаяр гишүүд дэмжигчиддээ хандаж “Юуны өмнө та бүхэндээ баярлалаа гэж хэлье. Энэ бүх хугацаанд надтай хамт байсан ард түмэндээ талархаж байна. Та бүхэнд сайн сайхныг хүсье” гэж мэдэгдсэн. Ийнхүү нэгэн цагт Монгол Улсын Ерөнхийлөгч хэмээн хүндлэгдэж явсан Н.Энхбаяр эрх чөлөөтэй болж, өдгөө БНСУ-д эмчлүүлж буй. Харин намын нөхөд нь гэмт хэрэг хийгээгүй хүнийг улс төрийн хоригдол болгон хэлмэгдүүлчихээд “Уучлал” үзүүлж байна. Уучлал биш гэм буруугүй хэмээн цагаатгах ёстой гэж нэг хэсэгтээ хэвлэлээр мэдээлж байсан ч тэгсгээд намжсан. Ерөнхийлөгч ерөнхийлөгчөө уучилсан энэхүү үйл явдал 2013 оны онцлох үйл явдлын нэгд яах аргагүй тооцогдох юм.
1
П.Нарандэлгэр
1
Төрийн албан хаагчдын дуулиант хэрэг
1
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөхөн ЦЕГ, АТГ, УМБГ зэрэг хууль хяналтын байгууллагынхан төрийн өндөр алба хашиж байсан томчуудын мөнгө завшсан, луйвардсан, угаасан гэх ноцтой хэргүүдийг дэлгэсэн. Тухайлбал, бусдыг рекетлүүлсэн, эхнэрийнх нь олон данснаас олон тэрбум төгрөг илэрсэн гэх БСШУ-ы сайдаар ажиллаж байсан, УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр, гэрийнхээ сейфэнд хагас тэрбум гаруй төгрөгтэй дүйцэхүйц валют хадгалж байсан Эрүүл мэндийн сайд асан Н.Хүрэлбаатар, төсвийн хоёр тэрбум төгрөг завшсан гэх хэрэгт холбогдсон ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга байсан Н.Түмэндэмбэрэл, Татварын ерөнхий газрын хэлтсийн дарга Ч.Гансүхийн 17 тэрбум төгрөгийн, Газрын тосны газрын дарга Д.Амарсайханы, МИАТ-ынхны хэрэг гээд татвар төлөгчдийн мөнгийг угааж, луйвардсан хэд хэдэн ноцтой хэргийг хууль хяналтын байгууллагынхан шалган эхнээс нь шүүхээр шийдвэрлээд байгаа. МИАТ-ийнхний хэргээс бусад нь тодорхойгүй, “нэмэлт мөрдөн байцаалт” нэрийн дор хэдэн сарыг үдэж байна.
1
“Хардалт” удаа дараа хүний аминд хүрлээ
1
Хардалт! Энэ нь нэг талаараа хайрыг бэхжүүлж байдаг ч тунг нь хэтрүүлвэл маш хүнд хэлбэрийн өвчин болон хувирдаг. Өнгөрөгч 2013 онд гэхэд гэр бүлийн маргаан, хардалт, өс хонзонгийн улмаас эхнэрээ, найз бүсгүйгээ, худ ураг, садан төрөл, танил, найз нөхдийнхөө амь насыг хохироосон онц ноцтой гэмт хэргүүд олон гарлаа.
Хардалтын улмаас хадам талынхаа зургаан хүнийг гэртэй нь шатаасан Л.Наранбаатар гэгч, хамт ажилладаг бүсгүйгээсээ нөхрөө харамлан хардаж, хувийн өс хонзонгоор 75 удаа хутгалж хөнөөсөн татварын байцаагч Ц.Туяа гэгч, эхнэртэйгээ хардаж бусдын амийг хохироосон цагдаагийн хурандаа Д.Буянжаргалын хэргүүд ар араасаа цувран гарсан юм. Мөн өнгөрсөн есдүгээр сард Говьсүмбэрийн багш эмэгтэйг нөхөр нь барилгын багажаар зодож бүх ясыг нь хугалж амь насыг нь хөнөөсөн байдаг. Тун саяхан 21 настай залуухан бүсгүй хамтран амьдрагчдаа зодуулан амь насаа алдав. Бас өнгөрсөн долдугаар сард Булганы Бугатад эхнэрээ олон цагийн турш зодож амь насыг нь бүрэлгэсэн этгээдийн хэрэг одоо дэлгэгдэж байна.
1
Б.Цэрэндэжид