Утаагүй УЛААНБААТАР, утаагүй зуух, утаагүй шинэ жил, утаагүй цагаан сар... утаагүй 2016 он. Утаа ихсэх бүр жилийн жилд утаагүйн үлгэр “Шрейк”-ийн хүүхэлдэйн кино шиг цуврал болон үргэлжилсээр байна. Энэ өдрүүдэд 2013 оны шилдгийн шилдгүүд тодорч байна. Үүнд Улаанбаатарыг бүрхэх утаа бол он оны олон төрөл шалгаруулалт, номинацид өрсөлдөгчгүй шалгарах юм. Гэхдээ түүнийг шинэ жилийн баяр, сайн сайхан зүйлсийг тайлагнах үеэр аятайхан нуучихдаг юм. Олон сайн сайхан мэдээ, шагнал манлайллын өнгөт мэдээнд толгой эргэж хотын утаа шингэрчихсэн юм шиг санагдаад явчих юм. Оны өмнө амжиж маск зүүх үү, гэрээсээ гарахгүй засгаас тэтгэлэг авч хавар болтол гэртээ бүгэх үү гэдэг арга ядсан хувилбар дээр иргэдийн санаачлагатай хэлэлцүүлэг ч гарч ирж байна.
6
Хотын утаа иргэдийг нийгмийн байр, суурь хөрөнгө бэл, улс төрийн нам харьялал харгалзахгүйгээр хотод байгаа бүхнийг жигд хордуулж байгаа тул эрх баригчид энэ тал дээр үнэнээсээ санаа зовж бодлого уралдуулж эхэлсэн болов уу гэх найдварыг иргэд тээсээр байгаа нь “оны үл бөхөх найдвар” гэсэн номинацид яах аргагүй тэргүүлнэ.
6
Агаарын сангийн хэдэн төгрөгийг бодлого чиглэлтэй нь авч өөр дээрээ гал дуудсан Ерөнхий сайд Н.Алтанхуягийн “утааг надтай яриарай-2016” гэсэн мэдэгдэл энэ оны хамгийн зоримог бөгөөд үнэмшилгүй мэдэгдлээр шалгарах ёстой. Агаарын сангийн хөрөнгийг иргэдийн хуурамч бүртгэлээр завшин гурван тэрбум 56 сая төгрөг цохчихсон “Цэвэр агаар сан”-гийн захирал Н.Хүрэлсүх, нягтлан н.Хулан нарын хэрэг хамгийн арчаагүй бас хамгийн хөнөөлтэй луйвраар шалгарах ёстой. Дэлхийд байхгүй технологиор үйлдвэр угсарчихсан Утаагүй түлшний үйлдвэр “хамгийн дампуу тендерийн компани” гэсэн номинацид үг дуугүй тэргүүлэх ёстой.
6
Ингээд утааны салбарт өрсөлдөгчгүй шалгарч байгаа утаагүй түлшний үйлдвэрийн талаарх сэтгэл хөдлөм дурсамжаа эргэн санагалзья.
2010 онд цэвэр агаар сангийн цахим хуудсанд байх сурвалжлага ярилцлагаас эхлээд түүвэрлэе... Нийслэлийнхэнд нулимсаа тэвчихийг зөвлөе. Үнэхээр уярмаар бас уур хүрмээр үлгэрийн цомог байна.
6
Үлгэрийн оршил ...
2008 онд хамтарсан Засгийн газрыг байгуулагдсаны дараа утааны асуудлыг хөндөж улмаар “ДЦС-2”-ын буурин дээр 2010 онд шингэн шилний үйлдвэрийг гурван тэрбум төгрөгөөр босгож, дэргэд нь утаагүй түлш буюу хагас коксжсон нүүрсийг боловсруулах үйлдвэр байгуулагдсан билээ.
6
Утаагүй түлшний үйлдвэр барих ажил дуусч байна ...
...Монгол Улсын Засгийн газраас нийслэлийн утааг багасгах зорилгоор утаагүй түлш үйлдвэрлэх үйлдвэр хэд хэдийг байгуулж буй. Жилд 210 мянган тонн хагас коксжсон шахмал түлш үйлдвэрлэх хүчин чадалтай Дулааны II цахилгаан станцыг түшиглэн барьж байгаа үйлдвэрийн ажлын явцыг сурвалжлахаар тус станцыг зорьсон юм.
6
...Биднийг очих үед үйлдвэрийн гадна тохижилтыг хийж байлаа. "Аморе интернэшл" компанийн ажилчид нүүрс асгадаг талбайг томсгож байв. Түлшний үйлдвэр барихаар нүүрсний хэрэгцээ нэмэгдэнэ. Тиймээс хуучин талбайнхаа хэмжээг томруулах шаардлагатай гэнэ. Нийт 16 тэрбум төгрөгийн төсөвтэй түлшний үйлдвэр гурван цогцолбор аж.
6
.... Ингээд удахгүй ашиглалтад орох утаагүй түлшний үйлдвэр рүү орлоо. Ажилчид гагнуурын ажил хийж байлаа. Дулааны цахилгаан станцууд түүхий нүүрсийг бүрэн шатаадаг. Тэгвэл II цахилгаан станц одоо буталсан нүүрсээ дутуу шатаах юм байна. Тэгээд хагас коксжсон нүүрсээ конвейроор дамжуулан үйлдвэр лүүгээ буюу том бункер рүү хийх гэнэ. Дараа нь шингэн шил болон үнстэй хольж зуураад хэвэнд оруулан, хатаах цехээр дамжуулан хатаагаад агуулахаар дамжуулан хэрэглэгчид рүү явуулах аж. Утаагүй түлшний түүхий эд нь хагас коксжсон нүүрс, үнс, барьцалдуулах бодис буюу шингэн шил байдаг юм байна. Энэ гурваас бүтсэн түлш түүхий нүүрснээс илүү илчлэг сайтайг туршилтаар тогтоосон гэнэ. Мөн гэр хорооллын айлуудад өвөл өгч туршсан гэнэ. Энэхүү түлшний үйлдвэрийг барих техник технологийг ОХУ-д захиалж хийлгэсэн байна. Мөн орос инженерүүд тус үйлдвэрийн зөвлөхөөр ажиллаж байгаа гэнэ. Биднийг очих үед туршилтаар гаргасан хагас коксжсон шахмал түлшийг үзүүллээ. Тэмээний хорголоос арай томхон хэвэнд оруулсан бөөрөнхий нүүрс байв. Бидний нэг удаа хийдэг орос наймын хувин дүүрэн нүүрсийг ийнхүү хорголон нүүрс болгож, боловсруулснаар хоёр өдөр хангалттай түлэх илчлэг сайтай, овор хэмжээ багатай түлш болгож байгаа хэрэг аж.
6
Үлгэрийн өрнөл ...Утаагүй түлшний үйлдвэр долдугаар сард ашиглатад орно
Утаагүй түлшний үйлдвэрийг ирэх есдүгээр сарын 30-нд бүрэн ашиглалтад оруулах ёстой. Харин"Аморе интернэшнл" компанийн ажилчид долдугаар сардаа багтаагаад ашиглалтад оруулах төлөвлөгөөтэйгөө хэлж байсан юм.
6
"Аморе интернэшнл" компанийн гүйцэтгэх захирал О.Болдбаатартай цөөн хором ярилцлаа.
6
-Утаагүй түлшний үйлдвэр барих ажлыг танай компани хийж байгаа юм байна. Одоогоор ажлынхаа хэдэн хувийг хийж дуусгаад байна вэ?
-Манай компани төслийн ажлыг гүйцэтгэх сонгон шалгаруулалтад ОХУ-ын "Сибтермо" компанитай түншлэл болон оролцож, шалгаран төслийн ажлыг гүйцэтгэх гэрээг 2010 оны долдугаар сард ЭБЭХЯ-тай байгуулсан... шинэ технологийн онцлогоос шалтгаалан техникийн асуудлууд өдөр тутам гарч байгаа ч бид бусдаас тусламж гуйхгүйгээр ажлаа чанартай гүйцэтгэхийг зорьж байна. Төслийн гэрээний хугацаа энэ оны аравдугаар сарын 30-нд дуусах ёстой. Шахмал түлшний үйлдвэрийн туршилт тохируулгын ажлыг долдугаар сард дуусгаж туршилтын байдлаар бүтээгдэхүүн үйлдвэрлэх, улмаар үйлдвэрийг аравдугаар сард багтааж хүлээлгэн өгөх, үлдсэн зуухны өөрчлөлтийн ажлыг энэ ондоо багтааж хийж дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байна... Үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллах үед нийслэлийн гэр хорооллын 20 гаруй хувийг хангах судалгаа гарсан.
6
-Бусад оронд одоо танай компанийн барьж байгаа шиг үйлдвэр байдаггүй гэж мэргэжлийн хүнээс дуулсан юм байна. Зураг төслийг нь хэрхэн гаргасан бэ. Цаашлаад дэлхийн брэнд болгох бололцоо, бодол байна уу?
-...Бидний барьж байгаа шиг хүчин чадалтай үйлдвэр бусад оронд байхгүй юм билээ. Харин одоо барьж байгаагаас бага хүчин чадалтай манайтай төстэй үйлдвэр ОХУ-д ашиглагдаж байна. Түүхий нүүрснээс татгалзах болсон өнөө үед энэ үйлдвэр дэлхийд брэнд болох нь тодорхой. Эхний ээлжинд үйлдвэрээ ашиглалтад оруулж, үйл ажиллагааг нь жигдрүүлээд авъя. Түүний дараа өөр үйлдвэр барих, дэлхийд гаргах талаар бодож эхлэх байх....
6
Үлгэрийн төгсгөл 2013 онд
Утаагүй түлш утаанаасаа дутахгүй том “гамшиг” болов
...Жилд 210 мянган тн түлш үйлдвэрлэж, улаанбаатарчуудыг утаанаас ангижруулаад өгнө өө гэж байсан “Аморе интернэшл” 2012 оны есдүгээр сард үйлдвэрээ ашиглалтад оруулах байсан ч аравдугаар сар болгож сунгасан. Гэвч ам, ажлын зөрүү бүтэн жилээр зөрчихөөд байна. Бид энэ жил утаагаа багасгаж чадахгүй нь тодорхой боллоо. Утаагүй түлш үйлдвэрлэх асуудлаа өнөө жил ч шийдэж чадалгүй будилсаар хойтон жилтэй золгох нь.
5
.. Өдгөө утаагүй түлшний үйлдвэрийн зуух нь бохирдож, хар утаа, хөө тортог хаях болсон тул энэхүү төсөл тэр чигээрээ орвонгоороо эргэхэд хүрэв. Хамгийн инээдэмтэй бөгөөд эмгэнэлтэй зүйл нь уг үйлдвэрийн хатаагч нь Оросынх, бутлагч, хэвлэгч, холигч зэрэг төхөөрөмж нь Хятад улсад үйлдвэрлэгдсэн ийм л нэгэн эвлүүлдэг тоглоом шиг үйлдвэр өнөөдөр бидний халааснаас гарсан 17 тэрбумаар баригдаж, агаарт замхран одохоос наахнуур байгаа юм.
5
Төгсгөлд. Ерөнхий сайд, 30 минут дээр “...Өөр юу түлэх юм, боломжтой байсан бол орлуулж таараа. Амьдрал мэдэхгүй байна. Нэг хэсэгтээ нүүрс байсаар байх болно. Утаа гаргадаггүй болох технологийг яаралтай нэвтрүүлэх ёстой. Хоёр жилийн өмнө утаагүй түлш үйлдвэрлэх нэрээр 17 тэрбум төгрөг зарцуулсан. Гэтэл одоо 17 тэрбум төгрөг ч байдаггүй, утаагүй түлш ч алга. Утаатай тэмцэх зорилгоор өнгөрсөн хугацаанд 250 гаруй тэрбум төгрөг зарцуулсан байна. Гэтэл ирэх онд хэдэн төгрөг байна вэ гэтэл 20 гаруй тэрбум төгрөг гэсэн...”
5
Утааны үлгэрт ийм нэгэн явдал болсон юм. Утаа цэвэр агаар сангийн салбарт төрсөн олон үлгэрээс хамгийн хоржоонтой, басамжилсан үлгэр нь энэ Утаагүй түлшний үйлдвэр юм. Ийм үлгэрийг зөвхөн монголын төдийгүй тив бүсийн хэмжээнд “Оны” хамгийн бохир.... гэж зарлаж алдаршуулах ёстой. Утаагүй зуух бол яахав оны хамгийн богино онигоо гэдгээрээ бор зүрхээрээ шалгаруулалтад тодроод гарчихсан байгаа. Араас нь Азийн цагаан дагина нэртэй хогны уут “Оны хамгийн хэврэг тор” гэдэг номинацаар шалгарахаар ширүүн өрсөлдөж байна.
5
Гэхдээ энэ удаа он оны “шилдгийн шилдэг үлгэрт” ийнхүү хотын утааг багасгах үлгэрийг барах өрсөлдөгч хараахан гараагүй байна.
5
Ямартай ч утаагүй шинэ жилийн төлөө хундага өргөе. Салхивчаа сайн хаагаарай. Хамар хорсч ханиах гээд байна. Утаа ууршаагүй. Баярын мананд бүдгэрч нуугдсан байна.
5
П.Баярхүү /тоймч/