Манай эрхэм түшээд хурууны хээгээрээ ирцээ бүртгүүлэх юм болов оо. УИХ-ын түүхэнд байгаагүй үйл явдал. Энэ түүхэн үйл явдлын гэрч болохоор УИХ-ын гишүүд бүгдээрээ иржээ. Ээлж дараалан хуруугаа уншуулж, их л идэвх зүтгэл гаргасан бололтой. Гэтэл зарим нэгийг нь мань систем танихгүй байсан гэнэ. Баахан уншуулахгүйгээр баараггүй таних ёстой ухаалаг шүү дээ, уг нь. Гараа угаасан л байгаа даа. Ингээд зогсоогүй эрийг эм, эмийг эр гэж бүртгээд танхим дотор жендерийн бөөн асуудал үүсгэв. 10 эмэгтэй гишүүнтэй байтал 17 гэж гарч ирээд эрчүүдийн эрх ашгийг хөндөх шахлаа. Энэ мэт элдэв асуудал үүссэн учраас спикерийн аргыг энэ удаадаа унагахаар болов. Дараа нь энэ ажлыг зөв аргаар хийх болсон хэрэг л дээ. Зөв ажил учраас зөв аргаар хийх нь бас л зөв.
7
Сүх далайтал үхэр амар гэдэг шиг эрхэм түшээд маань хоёр хоног ч гэсэн сулдаа ганхдаг эрх чөлөөгөө эдлэх болсондоо баяртай байгаа гэж жигтэйхэн. Шинэ жилийн элдэв урилга заллага, хувь хувьсгалын мундахгүй л их ажил бий байлгүй, тэдэнд. Хурууны хээгээр бүртгэж чангалахаас өмнө санаж сэдсэнээ хийж, сарвайсан бүхнээ авах нь зүйтэй л дээ, буруутгахгүй. Хурууны хээгээр бүртгээд эхэлбэл эрх чөлөө мандтугай байсан нөхдөд ийм боломж дахин гарахгүй байж магад.
7
Уг нь З.Энхболд даргын арга их зөв байсан юмсан. Чуулганы хуралдаандаа цагтаа ирсэн гишүүдийг шагнаж урамшуулна гэдгээс лав хавьгүй илүү оновчтой арга байсан юм. Ёстой олонх бол олонх л байдаг юм байна. 75-ын эсрэг ганц спикер яах юм ч билээ дээ. Ичээч гэхээс өөр хэлэх үггүй зогсох нь аргагүй шүү дээ.
7
Анх удаа хурууны хээгээр ирц бүртгэсэн чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын санхүү, эдийн засгийг атгадаг хоёр нөхрийн суудалдаа үлдэх эсэхийг хэлэлцэх байсан юм. Ч.Улаан, Н.Батбаяр хоёрын мууд дурласандаа ч тэр үү, чуулганы танхим дүүрэн харагдсан шүү. Өөрсдийнх нь ярьдаг улс орны эрх ашгийг хөндсөн асуудал ярих болохоор хамраа ч цухуйлгадаггүй нөхдүүд арзайтлаа бүгдээрээ сууж харагдана лээ. Гэхдээ тэд хүний мууд дурлаагүй байлгүй дээ. Зүгээр л дарга нь хурууны хээгээр бүртгэнэ гэж “айлгасан” болохоор бүгдээрээ ирсэн байх. Ямартай ч эрхэм түшээд хамт олноороо ангидаа цуглажээ. Энэ жилийн онцлон үйл явдлаар нэрлэхэд буруудахгүй л болов уу. Хурууны хээ гэж.
7
В.Хэрлэн
Уншиж байна |