Шинэ оноо шижгэр амжилтгүй ч нижгэр дуулиантай болгочих гэж улс төрийн намууд дор бүрнээ нэгийг сэтгэж байх шиг байна. МАН-ынхан Засгийн газраас хоёр сайдыг нь татаж авна гэж айлгаж, үүнийхээ гарцаагүй үндэслэлийг Их хурлын даргад өргөн мэдүүлээд байгаа. Энэ үндэслэлийг энгийн үгээр товч буулгавал эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, ард иргэдийн нуруун дээр ирж буй үнийн дарамт, долларын ханшийн өсөлт, төгрөгийн сулрал мөн Чингис бондын мөнгө төсвөөс гадуур эргээд байгаа нь Ч.Улаан сайдын сул ажилласныг харуулж байгаа бол, уул уурхай уруудаж дампуурах гээд байгааг Батбаяр гэдэг сайдын балаг гэж дүгнэсэн. Үүн дээр АН-ын сагсуу зан давамгайлж толгойгоо сэжих нь их болсныг сөрөг хүчин давхар сануулах гээ биз.
7
Хоёр сайд солигдохоор “ногоон”-ы галзуурал намжиж, гадаад зах зээлд нүүрсний үнэ өсөхгүй, эдийн засаг нүүрийг нь угаасан юм шиг болчихгүйг МАН-ын луухарууд сайн мэдэж байгаа. Тэгээд бас огцортол ч хаа юм. Зүгээр суулгаж дураар чинь дургиулахгүй гэдгээ “бацаан” намынханд мэдрүүлж шинэ жилийн өмнө намынхаа хийморийг сэргээж шампанск тулгахдаа хэлэх үгээ хурцлах гэсэн ах намынхны улс төрийн энэ алхам “шоу” талдаа бол дажгүй л боллоо. Энэ цаг үеийн сөрөг хүчинд нэг хяслан байгаа нь энэхүү хоёр сайдаар шампанск сэгсрэх ажиллагаанаас харагдлаа. МАН-ыхан бий болоод буй эдийн засгийн хямрал уруудлыг ярьж шүүмжлэх гэхээр та нарын урьдын балаг шүү, хариуцлага тооцъё гэж байгаа бол одоо үүсээд байгаа нөхцлийг бий болгосон хүмүүс та нар бас хариуцлагаа үүр гээд зөрөөд АН-даа замдуулчихаад байх юм.
7
Хууль батлах өдөр тутмын ажилдаа хойргошин, нойрмоглон сууж, болж өгвөл бултчих гээд байсан гишүүдийн урам идэвхийг сэргээж өгснөөрөө хоёр сайдыг огцруулах шоу парламентад эерэг уур амьсгал бий болгосон гэсэн дажгүй үнэлгээг олон нийтээс авчихаад байна.
7
Энэ Их хурал хүн томилох унагаах асуудал дээр ямар их ач холбогдол өгч сэргэж байгааг бид харж байна. МАН-ынхан зөв шаардлага тавьж, Засгийн газрын их занг дарах гэж үзлээ. Ч.Улаан сайдаас өөр сан хөрөнгө бариад явчих чадалтай хүн хэн байгаа талаар саналаа бас шууд хэлчихмээр байгаа юм. Хоёр сайдыг догиосон энэ нүүдэл он дамжин, цагаан сар гартал үргэлжлэх сценартай сөрөг хүчний улс төрийн том шоуны эхлэл байж таарна. Ямар ч үед топ сэдэв байдаг Засгийн газраас хэн нэгнийг огцруулах дуулианаар шинэ жилийн улс төрийн шампанск хөөсөрлөө. АН бас зөрүүлээд буудуулчих өнгө өнгийн гоё салют зэхэж л байгаа байх.
7
Батбаяр сайдын ард олонх бий, бас Ч.Улаан сайдыг дагаад шударга ёс эвсэл гэж байна. Энэ өндөр цамхагаас хоёр жанжинг нь татаж унагаах тийм амар ажил биш. Үүнийхээ оронд Ерөнхийлөгчийн санаачилсан “том төр”-ийн торыг задлах хэдэн хуулийн төслөө нухаж суувал хэтдээ улс оронд хэрэгтэй байх юм.
7
П.Баярхүү /тоймч/
Уншиж байна |