УИХ дахь МАН-ын бүлгийн нэр бүхий 23 гишүүн Сангийн сайд Ч.Улаан, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр нарыг огцруулах шаардлагыг УИХ-ын даргад өргөн бариад байна. Дэгийн тухай хуулиараа энэ асуудлыг долоо хоногийн дотор багтаан хэлэлцэнэ. Тиймээс УИХ энэ асуудалд хуулийн дагуу хандана. Өөрөөр хэлбэл, УИХ дахь олонхид “цаг авах” боломж байхгүй гэсэн үг. Харин УИХ дахь олонхи Засгийн газрын сайд нарыг огцруулах асуудалд “Yes” кноп дарах эсэх нь эргэлзээ дагуулж байгаа ч, тохироо хийсэн байх магадлалтай гэсэн таамаг зарим нь дэвшүүлж байна.
7
Сөрөг хүчин өмнө нь Засгийн газрыг танхимаар нь огцруулах асуудал өргөн барьсан ч үр дүнд хүрээгүй. Тиймээс энэ удаад ганц ганцаар нь онилохоор аргаа өөрчилсөн бололтой. Хуулиар Засгийн газрыг болон аль нэг сайдыг нь огцруулах асуудлыг хагас жилд буюу зургаан сард нэг удаа тавих эрхтэй юм билээ. Сөрөг хүчин өнгөрсөн дөрөвдүгээр сард Н.Алтанхуягийг буюу Засгийн газрыг танхимаар нь огцруулах асуудлыг тавьж байсан ч үр дүнд хүрээгүй. Иймээс дараагийн алхмаа хийхдээ улс оны эдийн засгийг хүнд байдалд оруулснаар нь Эдийн засгийн хөгжлийн, Сангийн сайд нарт эхний ээлжинд хариуцлага тооцохоор шийджээ.
7
Мэдээж сайд нарыг огцруулах асуудлыг хэлэлцэхэд сөрөг хүчин парламент дахь бусад намтай хүч хавсрахгүй бол уг шаардлага талаар болно. Учир нь МАН-ын бүлгийн 26 гишүүн дээр бие даагч гурван гишүүнийг өөрийн талдаа элсүүлээд ч тусыг эс олно. Тиймээс Засгийн газартай хамтарч байгаа “Шударга ёс” эвслийн бүлэг хийгээд олонхийг ч лоббидох, улс төрийн тохироо хийх шаардлагатай. Гэхдээ энэ удаад МАН-ын нэр бүхий гишүүд бусадтайгаа улс төрийн тохироог аль хэдийнэ хийчихсэн гэж ажиглагчид үзэж байна.
7
Өнөөдөр эдийн засаг хүндэрч, өргөн хэрэглээний барааны үнэ өндөгнөөс эхлээд нэмэгдэж, валютын ханш 30 хүртэл хувиар өссөн гээд нийгэм, эдийн засгийн байдал хүндэрч, иргэдийн худалдан авах чадвар эрс муудсан. Үүнийг иргэд төдийгүй УИХ-ын гишүүд, тэр дундаа Ерөнхий сайд Н.Алтанхуяг ч мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Ерөнхий сайд бүтэн жилийн турш “өргөн хэрэглээний барааны үнэ бага зэрэг нэмэгдсэн, гэхдээ сагсан дахь үнийн дүнг харьцуулахад харин ч буурсан үзүүлэлттэй байгаа” гэж хэлээд ч нэмэргүй болсон. Тиймээс эдийн засгийн хөгжлийг зөв залж, өсгөөд байдаггүй юмаа гэхэд инфляцийг нэг оронтой тоонд барьж, өргөн хэрэглээний үнийг өсгөхгүйгээр ажлаа хийгээд явчих эдийн засагч сайд түүнд хэрэгтэй. Одоо эдийн засаг хүндрээгүй гэж хэлэх эрхгүй болчихоод байгаа Засгийн газрын тэргүүний хувьд сөрөг хүчнийхээ үгийг сонсч, шаардлагыг нь хүлээн авч, сайд нартаа хариуцлага тооцож байгаа “дүр”-ийг эсгэж нийгэмд өөрийгөө харуулахгүй бол асуудал улам хүндэрнэ. Сөрөг хүчинд төдийгүй эрх баригчдад ч, Засгийн газарт ч эдийн засгийг барьдаг сайд хэрэгтэй болохоос худал ярьж, багийн амжилтыг уруу татдаг хүн хэрэггүй. Тиймээс Эдийн засгийн хөгжлийн сайдаас Засгийн газрын танхим хүртэл нүүр бууруулсан гэх яриа ч гарч байна.
7
Ер нь Засгийн газар хоёр сайдаараа “туг тахих” нь танхимаа авч үлдэх алхам гэж үзэх хүмүүс олон байна. Засгийн газар, эрх баригчид хариуцлагагүй ажиллаж байна хэмээн УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн Р.Амаржаргал гишүүнийг олонхи “Шударга ёс” эвслийн бүлэгтэй нийлж авч үлдсэн. АН-д нэг суудал үнэхээр үнэ цэнэтэй. Хэрвээ Р.Амаржаргал гишүүний хүсэлтийг хүлээгээд авчихсан бол тэд УИХ-ын 23 дугаар тойргийн суудлаа бусдад алдах байлаа. Үүнийг эрх баригчид ч зөв тооцоолж, “АН-д Р.Амаржаргал үнэ цэнэтэй капитал” хэмээн наана инээж, цаана уйлан байж олны өмнө хэлж, олонхиороо авч үлдсэн. Харин Засгийн газрын сайдын тухайд дотроосоо дахиад хэн нэгнийг томилоход алдах зүйлгүй. Уг нь Эдийн засгийн хөгжлийн сайдыг дангаар нь огцруулах хүсэлтийг эхний ээлжинд гаргах шаардлагатай байсан хэдий ч Засгийн газарт хамтарсан улс төрийн хүчний сайд нараас хавчуулахаас өөр арга байгаагүй биз. Эрх баригчид өөрийн хүнээ ганцааранг нь унагалтай биш. Тиймээс “Шударга ёс” эвслээс улсын төсвийг атгаж байгаа эрхмийг буюу сайд Ч.Улааныг хавсаргасан гэх таамаглал байна.
7
Ер нь тэгээд энэ завсар намтрын хуудсаа баяжуулах гэсэн эрхмүүд эрх баригч хийгээд “Шударга ёс” эвслийн бүлэгт ч байгаа. Тиймээс л Н.Батбаяр, Ч.Улаан хоёрыг огцруулах асуудалд аль аль талуудын эрх ашиг хийгээд санал нэгдэж, нийцсэн биз гэх бор шувуу ордноор нисч байна.
7
Н.Энхлэн