Үнсэж үдэхийн өмнө, үг дайя
2013-12-16

Ардчилал бол хуулиар засагладаг. Хүмүүсийн амьдралыг хууль хамгаалдаг, хүмүүс хуулинд найддаг. Хууль яг л алтан нар шиг биднийг баян ядуу, дарга цэрэг, хөлтэй хөлгүй хэмээн ялгаварлан гадуурхалгүй тэгш үйлчлэх хатуу зарчимтай. Төрийн алдаатай бодлого үйл ажлаас шалтгаалж  байгаль экологийн тэнцвэр алдагдаж хорт утаагаар амьсгалж буй зэргээс болж бидний амьд явах, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх маань зөрчигдсөөр байна. Дээр нь бид анхаарал болгоомжгүй сэтгэл хөдлөлтэй, гэнэн итгэмтгий байдлаасаа хүний газар сувьдаг шуналтны гарт нэгийгээ алдсаар байна.

:

Эрдэнэт хүний алтан амь хүний нутагт эндсээр байх тул дор бүрнээ эрхэм чухал амьд явах эрхээ өөрийн зүгээс хамгаалах талаар бодох болсон байна. Ардчилсан нийгмийн  жишгээр та бид хаа дуртай газар орондоо зорчиж, хилийн дээс  алхах нь энгийн үзэгдэл болсон. Хэн нэгнийгээ гадаад явлаа гэж  сүү барьж сүйд болдог цаг дурсамж яриа болж зургийн цомогт үлдсэн. Одоо бол товчхон “Сайн яваад, ирээрэй” гэсэн мессеж саваад үдчихлээ гэнэ. Хашир догь нэг нь хошуу нэмж “хүний газар нэрээ бодож, анхаарал болгоомжтой яваарай”  гэж ерөөлийн хамт, сэрэмжлүүлэг дайна. “Болгоомжтой яваарай” гэдэг энэ үг ерийн л үдэлтийн үг болж чихний хажуугаар өнгөрдөг цаг одоо биш болжээ.

 :

Хүний наймаа гэдгийг зөвхөн африк мексикт хилийн цаана болдог гэсэн явцуу ойлголт байгаад байх шиг. Төсөөлшгүй ашиг унац, амархан баяжих донд автсан эрлэгүүдийн “хүний наймаа” хил хязгааргүй болоод байна. Хэн нэгэн саятан л машин тэрэгнийхээ сэлбэгийг сольдог шиг бусдын эд эрхтэнийг худалдан авч дахин төрдөг гэж төсөөлөх нь одоо цагт гэнэн ухагдхуун болсон. Эрхтэн шилжүүлэх мэс засал энгийн зүйл болжээ. Үүний цаана Донор гэдэг хомсдол бий болж байна. Энэ хомсдлыг хангах үл үзэгдэх хар  зах, үнэ ашгийн мангас идэвхжиж байна. Нэгэнт эрхтэн авах хэрэгтэй байна гэдэг эрэлт бий болсон бол үүнийг дагасан нийлүүлэлтийг “зохицуулах” нууц сүлжээ бий болж байгаа. Үүгээр хүний наймаа өргөжин газар авч, эрээ цээргүй явагдаж байгаа талаар сэрэмжлүүлэг дэлхий даяар явагдаж байна. Төр энд урьдчилан сэргийлж ухуулга сурталчилгаа хийж, мэдээ сэрэмжлүүлэг өгч чадна. Гэхдээ таны халаасанд байгаа эрхэнд тань халдаж эрсдэлтэй аялал зугаалга хийн гадаадад зорчихыг тань хорьж чадахгүй. Их сайндаа л “анхаарал болгоомжтой яваарай л” гэж хэлж чадах эцэг эхтэй тань адил байдалд үлдэх юм.

 :

Хүн эх орондоо гэр бүлийнхнийхээ дунд байхад хуулийн хамгаалалт нь бодит үйлчлэлтэй байж чадна. Тийм болохоор хүний наймаачдын хамгийн түрүүнд хийх зүйл нь үнэтэй “бараагаа” эх орноос нь яаж ийгээд сугалж авах ажил. Энийгээ ч тэд олон талын нөхцөл байдлыг харж ямар улсад амар хялбар хийхээ боловсруулж үүнийгээ амжилттай хэрэгжүүлсээр байна. Үүний нэг боломжит масштаб-д манай улс багтчихаад байна.  Амьжиргааны түвшин бага, иргэдийн олонх нь дутуу дулимаг амьдралтай үүнээсээ үүдэн сэтгэл санаа нь гадаадад гараад явчихсан охид залуус их байдаг зэрэг хүчин зүйлүүдэд  дулдуйдан  манай иргэдээс сугалж авч наймаа үсэргэх харийнхны оролдлого тасрахгүй байна.

.

Гадаад улс оронд аялна, суралцана гэдэг зарим нэг орны хувьд сайхан зүйл гэхээсээ илүүтэй  анхаарал болгоомжтой яваад амьд мэнд эргэж ирэх үүрэг гэдгээр нь харах цаг үе иржээ. Малайз Сингапур, Хятад зэрэг гадаадын иргэдийг визгүй найрсгаар оруулдаг орнуудад манай улсын иргэд гэмт хэргийн золиос болсоор байна. Энд жишээ татаад ч хэрэггүй юм. Хэвлэлээр энэ төрлийн хар мэдээ хуваарийн дагуу тавигдсан мэт цувран гарч байгаа.

.

Атга гурил, зайрмагийн мөнгөө жоохон хэмнэхэд явчихаж болдог хямд зардалтай, хаалт хориггүй байдаг дээрх орнуудын хилийн дээсийг алхахын өмнө хаашаа, ямар эрсдэл рүү  орж байгаагаа залуус, иргэн бүр хатуу ойлгодог байх хэрэгтэй болжээ. Хүний газар иргэд нь цаг бусаар, гадны нөлөөтэйгээр амь насаа алдсаар байна.

.

Төр одоо юу хийж чадах уу. Хамгийн бодитой нь сэрэмжлүүлж сануулж, анхааруулж чадна.  Өөрийн албан ёсны төлөөлөгч, консулын газартай байлаа ч өөр улс оронд тушаал гаргаад цэрэг цагдааг нь хөдөлгөөд байж чадахгүй л болохоор хүний газар иргэнийхээ нэг адил хүчгүйднэ. Үүнийг саяны болоод урьдын Малайзид болсон манай иргэний амь настай холбогдох үйл явдлын дарааллаас харж болно.

.

Дуулиан дээр нь дуугараад авья гэсэн шиг ГХЯ-наас Малайзид консулын орон тоо гаргаж авахаар  хурал зарлан ухасхийх зэрэг бол төрийнхний ухаан толгой хоёр юун дээр, ямар ашиг сонирхол дээр хурдан нэгдэж ажиллаж чаддагийг харуулж байгаа хэрэг. Хүний амь нас эндэх тоо тохиолдол дээр тоглон консулын газар нээнэ гэх мэт яамныхны иймэрхүү оройтсон шуурхай ажиллагаанд иргэдийн хувьд баярлан алга таших, гомдон шүүмжлэх нь нэг их чухал биш. Тухайн оронд төр элчинтэй консултай байлаа ч хүний газар явахад тань гаргаж өгөхгүй, бас дагаж очиж таныг хамгаалахгүй. Амьд сэрүүн байж асуудалд орвол хууль өмгөөлөгч төлөөлөгчөө илгээж, хууль зүйн туслалцаа үзүүлж нот бичиг шидэж чадна, азгүйтэж амь насаа алдвал нэхэмжлэгч болж шүүх хуралд орж, эцсийн шатанд мөнгө гаргаж шарилыг тань авчирч чадна. Хатуу ч гэсэн энэ үнэнийг бид цөөнгүй тохиолдолд нүдээрээ харсан болохоор хүний газар явахдаа төрд биш өөрийнхөө нүд ухаандаа найдаж явах ёстой юм.

 .

Хүмүүсийн амьдралыг, бүр амь насыг ч хууль хамгаалдаг гэж ярьдаг. Энэ нь та амь насандаа санаа бүү зов, би арыг нь даана гэж төр амласан хэрэг биш. Таны амь нас эрүүл мэнд халдашгүй байдлыг хуулиар хамгаалсан. Энэхүү хамгаалагдсан эрх тань зөрчигдвөл төрийн төмөр нүүр урдуур чинь орох учиртай. Гэхдээ энэ үйлчлэл эндээ, эх орондоо байхад тань бодит зүйл, харин хилийн цаана бол үгүй.

.

Төр олон талаар шууд бусаар бидний амьдралд оролцох ч хүзүүн дэх сахиус шиг хаа явсан газар амь насыг минь дааж, дагаж явахгүй юм. Хуулиар хамгаалагдсан амьд явах эрхийн нөгөө талд амь нас, аюулгүй байдлаа хангаж явах үүрэг бидэнд бас байдаг.

.

Хэн нэг тань цүнх саваа баглаад гадаад руу аялах гэж байгаа байх. Паспорт, билетээ авсан уу гэж сануулахын хажуугаар “амь нас, эрх, эрх чөлөө гээд бүх үнэт зүйлсээ халааслаад гэрээсээ  гарч байгаа шүү” гэдгийг нь сайн ойлгуулах хэрэгтэй. Мөн учир битүүлэг зүйл рүү, хэн нэгнийг дагаж явах шийдвэрээ эргэн харж, эргэлзээтэй бол болих боломж хилээр гаран гартал нь нээлттэй байгааг ч дахин нэг сануулахад гэмгүй.

.

Гадаадад зорчих гэж байгаа хэн ч гэлээ “Анхаарал, болгоомжтой яваарай”. Энэ бол үдэлтийн үг биш.

.

П.Баярхүү /тоймч/

Shuud.mn
Сонин хачин
hmmm:
bayarhuu guai diplomatch hun bj yaaj hyatadiig gadaadiin irgediig visagui nairsgaar oruulj irdeg gj helj chadaj bn a, hyatad mglchuudiig l tegej visagui oruulaad bdag bolhoos barag buh ulsiin irgeded visatai hatuu oron shuu dee, odoo buur hatuu bolson
2013-12-17
консул:
мянган консул байгаад монголчуудынхаа төлөө явж санаа тавьдаг гэж үү ёстой эндүүрэл
2013-12-16
zochin:
malaise tii*e vizgui zorchih talaar hentei hezee tohirson be gedgee medej baigaa baimaar gadaad yavdliin yaam? yamar negen um bolhoor tend konsulgui esvel 2 ornii hoorond barag hariltsaa holboogui um yarih um . uls ornuudtai vizgui zorchih boloh geree heleltseer hiine gedeg chin uchirtai baimaar??? um l bol buh orontoi vizgui bolgoh gej yariad hend heregtei um be ter chin heden diplomatchuuddaa naimaa hiihed ne heregtei bailguigehees ulsad bol hereg baihgui, muusain umnuudiig uls oron ruugaa cholootei oruulah bolno gesen 2 taltai zuil . humuus iish tiish yavah gazar ruugaa medeelel medlegtei baij yavj baih ne chuhal, ochih gazart baigaa konsul elchingiin gazriin hayag utsiig ch davhar avch yavah heregtei baidag hedii mongol ulsiin elchingiin gazruud ihenh ne mongol hundee tus boloh bitgii hel hardah sejigleh ne iluu bolhoos.
2013-12-16
dorjoo:
sain bna, xelex l yostoi yg bna.
2013-12-16
ovoo shte:
bayar hurgie.uuniig nuguu teneh durtai khumuus unshih boltugai
2013-12-16
сайн байна...:
энэ их дажгүй нийтлэл болсон байна таньд баярлалаа. сүүлийн үед дандаа л хар муу энергэтэй мэдээлэл гараад байх боллоо. хүн үхсэн чиг л тэрний ч буруу, энүүний ч буруу гээд юм л бол шүүмжлэх талруугаа хэвгийчихээд байна. нэргэсэн хойно нь хашгирах биш нэргэхээс нь өмнө урьдчилан сэргийлмээр байна аа монголчууд минь. ер нь хаа хаанаа анхаарцгаая.
2013-12-16
tiin:
gadaadiin orond ochinguutaa elchin deeree yadaj burtguulcheed yavj bg bol arai gaigui bh baihdaa. daanch manai elchingiikhen hoirgo yum chin yu ch hiihgui biz. uur onrii irge dlav tegdeg gesen shuu.
2013-12-16
hulguu.:
hvzvvn deh sahius shig gej goe bichij ee.
2013-12-16
монголын хөх тэнгэрийг ширтэгч:
баярхүү тоймч эх орон ба гадаад оронд зорчиж, амьдрахын ялгааг сайн бичжээ. хүний газар болгоомж, анхаарал маш чухал. монголчуудын маань нэг хэсэг монгол орон, монгол хүнээ муулсан, голсон яриа, үзэгдэл хэт хавтгайраад байсан юм. жаал хашрах боловуу. эх орон хэзээд нандин, эрхэм байдаг юм даа.
2013-12-16