Хувь заяаны эрхээр бид Орос, Хятад гэсэн хоёр хөрштэй. Нийгэм эдийн засгийн байдал, газар нутгийн бүрэн бүтэн байх эсэх гээд бүхий л салбар энэ хөршүүдтэй шууд холбоотой. Дэлхийн геополитикийн хоёр том хүчин умард, өмнөдөд байна. Тэр тусмаа энэ зууныг Хятадын тэрбум гаруй иргэн тодорхойлно гээд бодохоор бидэнд нэг талаар асар их боломж, нөгөө талаар асар хэврэг нийгэм эдийн засаг байна гэсэн үг. Хойд хөрш бензин шатахуун, эрчим хүч тэргүүтнээр л манайхыг баахан дарамтална. Эдийн засгийн хэтийн хөгжлийн бодлого хэрэгжвэл шүү дээ. Жагсаалаас гарах гээд байна. Монголчууд өөрснөө эрчим хүч үйлдвэрлэж /ийм боломж баялаг дээрээ суурилсан цахилгаан станц барих боломж/, бензин шатахуунаа өөрснөө зохицуулчих /ийм боломж нүүрс, шатдаг занар/ хангалттай боломж бий. Энэ бүх зам өмнөд рүү чиглэж байгаа. Өөрөөр хэлбэл, Хятадаас хамааралтай эдийн засаг гэсэн үг. Харин хойд хөрш тийм ч амархан Монголыг алдахыг хүсэхгүй байна. Нэг сэрсэн чинь Монголчууд бүс нутагтаа тэргүүлэх хэмжээний ардчилалтай, эдийн засгийн хүчирхэг байр сууриа эрэлхийлсэн, өөрийг нь давсан гадаад харилцаатай болчихоод байхад анхаарлдаа хандуулах нь зүйн хэрэг. Сүүлийн жилүүдийн Орос Монголын Засгийн газар хоорондын харилцаа эевэргүү болсныг үүгээр тайлбарлана. Монголын баялаг нь нь сонин түүнээс илүү сонин нь газарзүйн байршил геополитик болчихоод байна. Хүсвэл монголчууд өөрсдийнхөө хамгийн их нөлөөтэй цор ганц дэд бүтэц болох төмөр замаа худалдан авч чадах юм байна гэсэн мессеж оросын хэвлэлүүдээр гарч байна.
6
Оросын баавгай өөр төрлийн сонирхолтой. Жаахан түүх сөхье. Догшин Ермакийн нээсэн Сибирь тэдэнд баялгийн эх үүсвэр болсон. Орос өөрөө өчүүхэн байлаа. Европын бөөрөнд дорны бүдүүлгүүд гэж хараагдсан улс байлаа шүү дээ. Монголын эзэнт гүрний Зүчийн эзэмшил тэдэнд атгагдсанаар баялгийн эх үүсвэр нь чухамхүү Сибирь болсон. Их Петрээс хойш тасралтгүй дорно зүгт тэмүүлэх болсон. Эхэн үедээ газар нутгийн багтаамж нь геополитикийн илүү сонирхол төрүүлж байсан болохоос баялаг нэг их сонин байсангүй. Дараа нь энэ л хязгаараас асар их баялаг цутгагдаад эхэлсэн. Аж үйлдвэржүүлэлтийн зуун эхэлсэн XIX зуунаас хойшхи бүхий л Оросын ололт амжилт энэ л хязгаартай холбоотой. Оросууд Альяскийг хүртэл өөртөө авчихсан байлаа шүү дээ. Дараа нь зарчихсан л даа АНУ-д. Оросууд дорно хязгаараа цаг ямагт үйлдвэрлэлийн түүхий эд гаргах дараа нь боловсруулах уурхай гэж харж байснаас тэнд амьдарч ажиллаж байгаа ард түмнээ бодож байгаагүй. Болохгүй нэгнээ Сибирьт цөлдөг, Ленин Сталины үед бол үнэгүй хүч/хоригдлууд/-ээр бүхэл бүтэн ГУЛАГ-ууд байгуулж социалист бүтээн байгуулалтын “тоосгыг” бэлдүүлдэг байлаа. Хэдэн сая хүний амиар хэдэн сая “тоосго” үйлдвэрлэж байлаа. Систем задарсан өнөөг хүртэлх 20-иод жилийн жилийн турш Алс дорнод ийм хязгаар байсан.
6
Задарлаа, захирагдахаа болилоо... Кремлийн хатдын ширээн дээрх хоол хүнсний жагсаалт эрс ховордсон. Авгайчуулын хүзүүндээ үнэгүй өлгөдөг байсан хэрэм суусрын арьс, УТТ-ынхны халбагаддаг Сибирийн хилэмийн түрс байхгүй болсон. Бүгд өндөр үнэтэй. Цахилгаан станц, төмөр боловсруулах үйлдвэр түүхий эдээр гачигдаж, байгалийн хий, мод үйлдвэрлэл мафийн гараар орж цэгцрэв. Улсын доторх өөртөө тусгаар тогтносон улсууд Их баавгайгаас харьяалал хагас болсноо ээлж дараалан зарлаж эхэлсэн.
6
Баавгай өлсөнө биз дээ. Дэлхийн хамгийн том болох 17.075.400 хавтгай дөрвөлжин километр газар нутагтай, 8 дахь хүн ихээр суурьшсан, нийт 143 сая хүнтэй том улсын хүн ам шүү дээ. Хойд Азийг, Европын 40 хувийг бүрхдэг, хөндлөнгөөрөө 9 цагийн бүст, олон янз байгаль, газрын тогтоц бүхий уудам нутаг гэж нэрлэгддэг ч өөртөө засах олон улс нь Кремлийн үгэнд тэр бүрий ороод байдаггүй нь төрийн толгойны өвчин нь болдог юм. Дорно зүгт тэд хүржигнэж байна. Хүржигнэлээ гээд алсын дорнод хязгаараа хятадуудад байнга алдсаар байгаад тэд эмзэглэж байгаа. Энэ хязгаарын тосгон бүрт хятадууд орос эхнэрийн тариан талбайд ажиллаж, үйлдвэр заводынх нь ажлын тэн хагасыг нугалж байна.
6
Могой гурав хуваагдсан ч гүрвэлийн дайтай гэдэгчлэн. Тэгээд толгой нь үлддэг юм шүү гэж монгол хэлцийг Оросын өнөөгийн байдалтай жишиж болно. Тэд хүржигнэж эхлээд байна. Алдсан эрх мэдлээ Кремль авах нь ч тодорхой. Дорно зүг дэх хяналтаа яаж сэргээх вэ гэдэг тооцоотой бодлого хэрэгжээд эхэлчихсэн. Афган, Гүрж, Казахстан зэрэг төв азийн бүрэлдэхүүнээ хяналтаас алдаад байгаа нөхдүүд алс дорнодоо алдахыг хүсэхгүй. Эдийн засаг гэхээсээ илүүтэй геополитикийн хувьд эндүү ташаа үйл явдал болно. Тиймээс ч хойд Солонгостой төмөр замаар шууд холбогдлоо. Чөлөөт худалдааны бүс нэртэй энэ боомтуудаар Сибирийн баялаг урсана. Монголчуудад ч баялгаа урсгах боломжийг олгоно гэдгээ амласан. Амласан гэдэг нь тэд хүсч байгаа. Хариуд нь дамжин өнгөрөх өртөгөө бууруулья гэж байна. Мартагдсан “Монгол” арлаа сэргээхийг тэд хүсч байгаа нь илт. Бүс нутаг дахь Оросын нөлөөг нэмэгдүүлэхийг хүсч байгаа юм. 20 жилийн өмнө Улаанбаатараас хэдэн арав дахин илүү хөгжилтэй байсан Эрхүү болон бусад хотуудынхаа /одоо бол Улаанбаатар Эрхүүгээс хэдэн хувь илүү хөгжил дэвшлийн нүүр царайг илэрхийлэх болсныг зорчин өнгөрсөн хүн болгон шахуу мэдэж байгаа/ хөгжлийг түргэсгэхийг чармайж байна.
6
Энэ бидэнд боломж. Хоёр гарцаар дэлхийтэй холбогдох. Улс төрийн хүрээнийхэн бизнесийнхний мөнгөөр, эсвэл тус тусын амбицаар хөдлөдөг болохоор Баавгай ахад нэг их таатай хандахгүй байгаа. Төмөр замын нарийн, өргөн цариг үүн дээрээс л болж мандсан. Өмнөд хөршийн тогтоосон үнээр түүхий эд, бүтээгдэхүүнээ нийлүүлэх нь ашигтай бус. Гэхдээ Зүүн хойд Ази руу гарах түлхүүр маань Оросуудын хэлээд байгаа энэ боломж шүү дээ. Хоёр талын эрх ашиг нийлж гэмээн ашиг тусаа өгнө. Хятад Орос хоёр бидний мөнхийн хөрш. Газар нутгаа үүрээд явчихгүйгээс хойш өрх бүлд маань хэн нь хэтийн болон ойрын ашигтай “наймаа” санал болгож байна. Тэрнийг нь ухаан бодолдоо ургуулан бодож байж ашигтай хувилбарыг сонгон хэрэгжүүлэх нь үр хүүхдийн ирээдүйд тустай байх ойлгомжтой.
7
Н.Бадамжав