Баасан гарагийн УИХ-ын чуулган 09:00 цагаас эхэлж Хяналтыг хэрэгжүүлэх журмын тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийдэх байлаа. Гэвч гишүүдийн бүрдээгүйгээс чуулганы нэгдсэн хуралдааныг 11:00 цаг хүртэл хойшлуулахаар болжээ гэсэн мэдээ гарлаа. Чуулган ирцийн асуудалтай байсаар байгаа болон бусад үйл явдлыг тоймлоё.
1
Амаржаргал тавьж явуулахгүй гэлээ
1
УИХ-ын чуулганы хуралдаанаар гишүүний бүрэн эрхээсээ чөлөөлөгдөх тухай Р.Амаржаргалын хүсэлтийг хэлэлцэж, санал хураахад 65 гишүүнээс 34 гишүүн чөлөөлөх шаардлагагүй гэж үзжээ. Ингэснээр УИХ-ын гишүүн Р.Амаржаргал танхимдаа үлдэх болж байна. Энэ нь бараг албан ёсоор шийдэгдэхээсээ өмнө ойлгомжтой байсан шийдвэр тул хүмүүс нэг их гайхсангүй.
Ямар ч байлаа гэсэн УИХ ард түмний өмнө хариуцлага хүлээж алдаагаа харж засч ажиллах ёстой гэсэн том санамж цочоог танхимынхаа гишүүдэд өгч чадсанаараа Р.Амаржаргал гишүүний энэ алхам улс төрд унацтай байлаа гэж дүгнэж болох юм.
1
Амь аврагдаж чадаагүй бүсгүй
1
Малайзад нэг монгол бүсгүй амиа алдсан хэрэг нийгэмд шуугиан тарилаа. Эх сурвалжууд болон гэр бүлийнхний нь ярьж мэдэгдэж байгаагаар бол бүсгүй бусдын шууд дарамт барьцаанд байж хүний наймааны золиос болсон гэж болохоор байна. Ийм төрлийн бусад хохирогчдыг бодвол энэ тохиолдолд хохирогч ар гэрийнхэнтэйгээ байнга холбоотой байж нөхцөл байдлаа хэлж тусламж гуйж байж. Ар гэрийнхэн нь ч зүгээр суугаагүй цагдаад хандан байдлыг танилцуулж зарим зүйлийг баримтжуулж байж. Гэлээ ч түүнийг аварч чадаагүй бололтой. Нас барсных нь дараа гэр бүлийнхнийх нь зөвшөөрөлгүйгээр задлан шинжилгээ хийсэн гэсэн шуугиан ч гараад байна. Хүний газар нэрээ гэж ярьдаг байсан бол одоо хүний газар биеэ, амь нас, аюулгүй байдлын баталгаагаа сайн тооцож явах цаг болсныг энэ харамсалтай хэрэг явдал дахин санууллаа.
1
Ерөнхий сайд гомдчихжээ... Шүүхдэнэ гэнэ
1
Ерөнхий сайдын 30 минутаа уламжлал ёсоор сэтгүүлчдэд зориуллаа. Ерөнхий сайд өнгөрсөн долоо хоногт Ховд-Манхан чиглэлийн 85 км, Увс аймгийн Наранбулагаас Хяргас нуур хүртлэх 100 км зам ашиглалтад орсон. “Шинэчилж шийдье-222” уулзалт хэлэлцүүлгээр “Шилэн тендер-2014” нэрийн дор зохион байгуулж, ирэх онд худалдан авах ажиллагаагаа ил тод, төсөл хөтөлбөрүүдийн хүрээнд хийгдэх тендерүүд нээлттэй зарлагддаг болно гэсэн товч мэдээллийг өгчээ.
1
Хэл амаа билүүдэх дуртай сэтгүүлчид маань замын цагдаагийн торгодог машины мөнгө тендер, эх үүсвэрийн тухай асуусан байна. Эдгээр тоног төхөөрөмж нийлүүлэх тендерийг хууль бусаар зохион байгуулсан уу гэсэн асуултад Худалдан авах ажиллагааны газрын дарга Д.Энхжаргал “УИХ-ын Төсвийн байнгын хорооноос улсын төсвийн хөрөнгөөр Шинэчлэлийн хөтөлбөр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын жагсаалтыг хавсралтаар гаргасан. Энэ хүрээнд Замын цагдаагийн торгуулийг бэлнээр төлдөггүй тасалбарын систем нэвтрүүлэх тендерийн эрхийг манай байгууллагад шилжүүлж бид зохион байгуулсан. 350 ширхэг гар компьютер, хэвлэгч машин, программ хангамж, сүлжээтэй нь хамт тэрбум 800 сая төгрөгөөр нийлүүлэх энэ тендерийг өнгөрсөн зургадугаар сарын 21-нд үндэсний өдөр тутмын сонинуудад ил тод нээлттэй зарлаж, 5 аж ахуйн нэгж оролцсоноос нэг нь шалгарсан. Тендерийн материал архивт үлдсэн байгаа, танилцаж болно. Тендерт ялагдсан нэг аж ахуйн нэгж Сангийн яаманд гомдол гаргаж, уг гомдлын дагуу шалгаж үзээд захиалагч энэ тендерийг зөв үнэлсэн гэдгийг баталгаажуулсан. Мөн энэ тендерт Ерөнхий сайд оролцоогүй, нөлөөлөөгүй” гэв. Энэ уулзалтаар Ерөнхий сайд маань шүүмжлэл хов живд их дургүй болсноо ил шулуун хэлж зарим нэг нөхдийг шүүхэд өгч шүүс хандыг нь дарах гэж байгаагаа ч мөн мэдэгдлээ. Юм хийх гэж явахад нь баалаад, маажаад байгаа зарим нэг ухамсаргүй нөхдүүдэд Ерөнхий сайд маань гомдсон бололтой байна.
1
Төмөр замын царигийн талаарх асуусан сэтгүүлчийн асуултад Ерөнхий сайд "Энэ сарын 18-нд ОХУ, БНХАУ, Монгол гурван улсын хамтарсан төмөр замын хөгжлийн асуудлаарх зөвлөлгөөн манай улсад болно. Монголын төмөр замын нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх, хэрхэн хамтарч ажиллах талаар ярилцана. Үүний дараагаар төмөр замын царигийн асуудлыг ярина” гэж хариулав.
Шинэчлэлийн Засгийн газар Гаалийн ерөнхий газар болон ГИХАЭГ-ын дарга нарт зургаан сар цалингийн 20 хувиар торгосон нь дахин хариуцлага алдвал албан тушаалаасаа огцорно шүү гэсэн дохио өгсөн явдал гэж онцоллоо.
1
Ноён доллар 50 төгрөгөөр буурсан гэв
1
Арванхоёрдугаар сар гарсаар ам.долларын ханш 50 төгрөгөөр буураад байгаа гэнэ. Өнгөрсөн арваннэгдүгээр сард ам.долларын ханш байнгын өсөлттэй гарсан бол баяр ойртох тусам долларын ханш буурч байгааг гадаадын хөрөнгө оруулалт бага зэрэг нэмэгдсэнтэй холбон тайлбарлаж байна. Гадаадын шууд хөрөнгө оруулалт арваннэгдүгээр сард өмнөх сараас 90 хувиар өссөн үзүүлэлттэй гарсан байна. Ам.долларын ханш он гарсаар нэлээд буурах болов уу гэсэн хүлээлт бий. Учир нь Японы тал Монголын Засгийн газарт “Самурай бонд” гаргах зөвшөөрөл олгосон. Самурай” бондын жилийн хүү “Чингис” бондынхоос хоёр дахин бага буюу 2-2.6 хувь байх бөгөөд удахгүй Японоос 600 сая ам.доллар орж ирвэл эдийн засгийн байдал сайжирч, долларын нийлүүлэлт нэмэгдэнэ гэж эдийн засагчид үзэж байгаа юм байна.
1
Нүүрснээс мөнгө олж эхэлжээ
1
Энэ жилийн хувьд манай улс 30 сая тонн нүүрс олборлож, үүнийхээ 25 сая тонныг экспортлохоор төлөвлөж байсан. Тэгвэл одоогийн гүйцэтгэлээр 16 сая тонн нүүрс экспортолж, нэг тэрбум ам.долларын орлого олсон байна. Энэ онд дэлхийн нүүрсний зах зээл хүндхэн, дотоодын зах зээлд хөрөнгө оруулалт эрс муудсанаас нүүрс борлуулалт мөн унасан гэж холбон тайлбарлаж байгаа. Энэ жил манай нүүрсний салбар хүндхэн сорилтыг давжээ. 2013 оны эхээр “Чалко”-гийн гэрээ манай нүүрсний үнийг улам доош нь татах болсоноор дөрөвдүгээр сар хүртэл нүүрсний экспортоо зогсоож, сул зогсолт хийсэн. Хятадад нийлүүлэх нүүрсний хэмжээ төдийлөн нэмэгдээгүй юм. Эцсийн бүлэгтээ дэлхийн нүүрсний үнэ ханшийг харж суух, Хятадтай зөвшилцөх биш, өөрсдөө алдагдал хүлээхгүйн тулд зардлаа багасгах арга хэмжээ авсан. Тодруулбал, бид нүүрсээ авто машинаар тээвэрлэхдээ Цагаан хадан дээр аваачин гаалийн бүрдүүлэлт хийн, шилжүүлэн ачиж хилээр гаргаж байсан юм. Тэгвэл энэ жилээс нүүрсний экспортын гаалийн бүрдүүлэлтийг Цагаан хадан дээр хийхээ больж, шууд уурхайн аман дээр гаалийн бүрдүүлэлт хийн ачих болсноор үйл ажиллагааны зардлаас хэмнэх болсныг салбарынхан хэлж байна.
1
Мал тооллого явагдаж байна
1
Жил бүрийн эцэст хийгддэг малын тооллого орон даяар явагдаж байна. ҮСХ-ноос сүүлийн 2 жилийн мал тооллогын мэдээлэл боловсруулалтад онлайн систем нэвтрүүлэн ашиглаж байгаа юм байна. Энэхүү систем нь өрхөөс сум, багийн тооллогын ажилтнууд цаасан маягтаар тухайн өрхийн малыг тоолж, тэмдэглээд сум, багийн компьютерээс ҮСХ-ны төв серверт холбогдсон програмаар шивж оруулан, нэгдсэн тайлан, үр дүнг боловсруулах юм байна. Манай улсын орон нутгийн интернет, сүлжээний боломжоос хамаарч интернетэд холбогдсон компьютерээс шууд холбогдохоос гадна, төрийн сангийн сүлжээг ашиглан холбогдож байна. Мөн ҮСХ, аймгийн статистикийн хэлтэс, сумаас тухай бүр явцын мэдээг шууд хянах боломжтой. Онлайн систем ашигласнаар боловсруулалтын чанар сайжирч, тооллогын үр дүнг богино хугацаанд гаргаж, нэгдсэн мэдээллийн сан үүсгэх зэрэг олон давуу талбий болж байгаа юм байна. Хүнээ мартаад малаа тоолоод байдаг гэж шүүмжлүүлдэг төр энэ жил мал тоолллогыг цахимжуулж нэг дэвшил хийж байгаа бололтой байна.
1
Ухаалаг төрийн чигт урагшилж байна
1
Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Том төрөөс ухаалаг төр лүү” санаачилгыг УИХ-д суудалтай нам, бүлгийн дарга нар болон УИХ-ын гишүүд дэмжиж, Тунхаг бичигт өчигдөр гарын үсэг зурлаа.
Тунхагт УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, УИХ дахь МАХН-МҮАН “Шударга ёс” эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг, УИХ дахь Иргэний зориг-ногоон намын дарга С.Оюун, УИХ дахь бие даагчдын зөвлөлийн дарга С.Ганбаатар болон УИХ-ын бусад гишүүн гарын үсэг зурлаа.
1
Төсвийн мөнгөөр “Ёолк” хийхгүй шүү
1
Засгийн газрын ээлжит хуралдаан бямба гарагт болж, хэд хэдэн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэжээ. Интернет кафе буюу цахим тоглоомын газруудыг байрны орц хонгилоос гаргах ажлыг эхлүүлэхээр болж. Энэ талын үйлчилгээ явуулдаг 5000 орчим газар байдаг ба эдгээрийн ажиллах цагийн хуваарь ажиллах журам горимд өөрчлөлт оруулах болсон байна.
1
Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийг хэрэгжүүлэх, төсвийн үргүй зардлыг хэмнэх зорилгоор Засгийн газрын хуралдаанаас яам, Засгийн газрын агентлаг, бүх шатны Засаг дарга нар, төсөвт байгууллага, төрийн өмчит болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгжийн удирдлагуудад шинэ жилийн баярыг тэмдэглэн өнгөрүүлэх талаар дараах даалгаврыг гаргалаа. Шинэ жилийн баярыг тэмдэглэн өнгөрүүлэхдээ төсвийн мөнгөөр архи, согтууруулах ундаа худалдан авах болон өндөр үнэтэй эд зүйлсээр сугалаат тоглоом явуулах, өндөр үнээр урлагийн тоглолт авахыг хориглов. Мөн хамтран ажилладаг байгууллагуудад төсвийн хөрөнгө, байгууллагын мөнгөөр шинэ жилийн мэндчилгээ хэвлүүлэн солилцох, бэлэг дурсгалын зүйл бэлэглэдэг явдлаас татгалзаж цахим хэлбэрээр мэндчилгээ явуулах нь зүйтэй гэж үзлээ.
1
2014-2015 оны хичээлийн жилээс Монголын багш нарын өдрийг жилийн бүрийн 10 дугаар сарын 5-нд тэмдэглэж байхаар “Түүхэн үйл явдлын ой, тэмдэглэлт өдрийг тэмдэглэх, гавьяат үйлстнийг алдаршуулах, дурсгалыг нь мөнхжүүлэх” журамд өөрчлөлт орууллаа. Монголын багш нарын өдрийг 1967 оноос эхлэн жил бүрийн хоёрдугаар сарын эхний ням гаригт тэмдэглэж ирсэн бөгөөд энэ үе нь хичээлийн жилийн дундуур тохиодог учраас багш нарын ажлын үр дүнг тооцоход хангалтгүй, зарим жилд цагаан сарын баяртай давхцдаг. Тиймээс Монголын багш нарын өдрийг дэлхийн багш нарын өдөр болох 10 дугаар сарын 5-нд тэмдэглэх саналыг Монголын багш нарын холбоо, Монголын ахмад багш нарын холбоо гаргасны дагуу нийт багш нарын дунд судалгаа явуулахад оролцогчдын 74 хувь нь дэмжсэн гэнэ.
1
Мэдээллийн ил тод байдлыг хангах нийтлэг журмыг мөн баталсан байна. Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль болон энэхүү тогтоолыг хэрэгжүүлэх ажлыг шуурхай зохион байгуулж, мэдээллийн ил тод байдлыг хангаж ажиллахыг Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нар, бүх шатны төсөвт байгууллага, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжийн удирдлагуудад үүрэг болголоо. Журмын төсөлд Засгийн газрын гишүүд, Авлигатай тэмцэх газар, Тагнуулын ерөнхий газар, Мэдээллийн технологийн үндэсний парк, Үндэсний дата төв болон Ерөнхий сайдын зөвлөхөөр ахлуулсан ажлын хэсгийн саналуудыг тусгажээ.
1
Ирж буй долоо хоног баярын бас амжилт бүтээл алдаа оноогоо бөөгнүүлэн харсан дүгнэлтийн гэж болох 7 хоног болох биз ээ. Албан байгууллагууд жилийн ажлаа дүгнэж, храмт олноороо шинэ жилээ тэмдэглэх дараалал хөтөлбөрөө бүгд гаргаж хийх газар, уух дарсаа сонгосон байгаа байх. Үүнтэй зэрэгцээд төрийн алба ажил ч мөн жигд тасралтгүй үргэлжлэнэ гэж найдья.
1
П.Баярхүү /тоймч/