УИХ төмөр замын салбарт төрөөс баримтлах бодлогыг баталсан. Байгалийн асар их баялгаа яаж хөгжлийн түлхүүр болгох вэ гэдэгт толгойгоо шаналгаж байгаа Монгол юун түрүүн дэд бүтцээ хэрхэн шийдэх вэ гэдэг эгзэгтэй цаг мөчтэй учраад байна. Засгийн газар ч “Шинэ төмөр зам” хөтөлбөр боловсруулаад хэрэгжүүлж эхлээд байна. Эхний ээлжид Тавантолгой-Гашуунсухайт чиглэлд 1800 километр төмөр зам тавьж байгаа бөгөөд бонд болон бусад эх үүсвэрээс энэхүү төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байгаа ч ажил төрөл нь нэг л бүтэл муутай байх юм. Нарийн өргөн гэсэн царигийн асуудлаас болоод улстөрчид хоорондоо багагүй талцаж байна. Удахгүй Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын холбогдох албан тушаалтнууд төмөр замын асуудлаар уулзаж ярилцахаар шийдээд байна. Уулзалтын тов ч хэдийн гарчихаж. Ирэх долоо хоногт гэнэ. “Өргөн царигтай байна” гээд Төмөр замын талаар төрөөс баримтлах бодлогын баримт бичигт заачихсан. Эргээд харсан бодлогогүй зүйл хийсэн байна гэж харагдахаар байна. Төмөр замчид ч хэлж байгаа. Хамгийн тэнэг шийдвэр гэж. Ингэсээр өнөөг хүртэл нарийн өргөн царигийн асуудал хайнаа хагалалгүй хэрүүлийн алим болон өнхөрсөөр байгааг Монголын төрийн бодлого хэр тогтвортой, ончтой вэ гэдэгт эргэлзэхэд хүргэж байгаа юм.
7
Нэг нэгнийгээ халз тулаанд дууддаг болсон гол сэдэв нь энэ л царигийн асуудал. Далайд гарцгүй Монголын тухайд гадагш баялгаа зарж борлуулахад дэд бүтцийн хамгийн чухал стратегийн боломж нь төмөр замын тээвэр. Хэн хүнгүй бүгд л мэдэж байгаа. Урд хөрш маань төмөр замын нарийн царигтай, хойд маань өргөн царигтай. Баялаг хаашаа цутгаж байна вэ. Урагшаа шүү дээ. Стратегийн тээвэр мөн л юм бол урагшаа нарийн цариг тавих нь өнөөхөндөө хамгийн ололттой нь. Эхний ээлжийн Тавантолгой, Гашуунсухайт чиглэлийн 1800 гаруй км төмөр замаа нарийнаараа тавь л даа. Зүүн хойд Азийн эдийн засаг хүчирхэгжээд Монголоос түүхий эдээ татах гэж байгаа юм бол тэр зүг рүү /Транс Сибирийн төмөр зам/ өргөн царигаа тавь. Маргалдаад байх асуудал баймгүй санагдах юм. Япончууд төмөр замын өргөн нарийныг хэдхэн км-т нь шийдэх сүүлийн үеийн технологийн магистралыг хийгээд өгье гэж хэлж байна. Энүүхэн зуурт хэрүүлийн алим өнхрүүлж эдийн засгаа сүйрүүлж байх ямар хэрэг байна вэ.
6
Хэрвээ урагшаа бодлогын хүрээнд өргөн царигтай тавьчих юм бол зардал хэдэн хувиар өснө. Бараг үнэгүй шахам Хятадуудад түүхий эдээ өгчихнө. Мэдээж Хятадад ашигтай. Газар нутаг дээр нь зөөж буулгаж байгаа болохоор шүү дээ. Шилжүүлэн ачилтын нэмэлт зардал гэж биднээс чамгүйг саана. Өргөн цариг сурталчлаад байгаа хүмүүс хойд хөршид талтай нөхдүүд гэж бодож байна уу. Үгүй. Хятадууд цаанаас нь шөвөгдөөд байгаа хэрэг. Монголын баялаг шилжүүлэн ачилтын хөлснөөсөө шалтгаалаад үнэгүйдэж өөрсдөд нь асар их ашиг авчирч байгаа болохоор тэр. Үнэндээ 1435 мм-ийн нарийн цариг бол Хятад, Япон, Солонгос, барууны орнууд, АНУ гээд олон улсад өргөн хэрэглэдэг дэлхийн стандарт. 1520 мм-ийн өргөн цариг ОХУ, түүний бүрэлдэхүүнд байсан улс орнуудад ашигладаг нэг улсын л стандарт.
7
Нарийн, өргөн царигийн ашиг тэс өөр. Төмөр замынхан, өргөн царигийн хөдлөх бүрэлдэхүүн ашиглалтын зардал өндөртэй. ОХУ-д 60 хувь, манайд үүнээс ч өндөр байхад нарийн царигийн хөдлөх бүрэлдэхүүний ашиглалтын зардал хамаагүй бага. Зарим улсад наймхан хувь байх жишээтэй. Өргөн царигийн зүтгүүр тээвэрлэсэн ачааныхаа ашгийн 60-аас дээш хувийг өөрөө “иддэг” байхад, нарийн царигийнх 10 хүрэхгүй хувийг зардал болгодог гэдэг юм билээ. Тавантолгойн нүүрс, Оюутолгойн зэсийн баяжмал, бусад стратегийн байгалийн баялаг ойрын 10 жилд урагшаа хөврөх төлөвтэй байгаа. Бүтээгдэхүүнээ эдийн засгийн хөдөлгөгч хүчин болгохын тулд төмөр замын тухай нухацтай ярилцаж шийдэх учиртай. Төмөр замын асуудлаар гурван улс ширээний ард суух нь зөв. Гэхдээ бид дотооддоо нэгдмэн дүгнэлт, гарцанд хүрээгүй байж ярилцаад сууж байна гэдэг бусдын олз идэш л болох болов уу.
7
Шаазгай зүү олоод хийх газраа эс олов гэдэг шиг баялаг нь байгаад байхад хэрхэн яаж хөгжлийн түүчээ болгохоо шийдэж ядаж байгаа энэ төрийг хэн сайн төр гэхэв дээ. Ухаалаг төр байхын тулд энэ мэтхэн дээр ашиг сонирхлоороо талцамгүйсэн. Асуудал хурцдаад байдаг, эдийн засаг дэнжигнээд байдаг, иргэд бухимдуухан байхад энэ учиргүй талцаан яавч сайн зүйлд хүргэхгүй.
7
Н.Бадамжав