Агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрсэн тухай бид уламжлал ёсоор яг цагтаа ярьж шуугиж эхлээд байна. Салхин дээрээ эгнэх мянга мянган яндангийн утаан доор утаагүй болох тухай төлөвлөгөө ярьж хэдэн жил болж, хэдэн төрбум төгрөг үрсэн талаар бас энэ цаг үед шогширдог уламжлалтай. Утаагүй зуух ч юм уу, бага утаа гаргадаг гайхамшигт зуухны үлгэр үргэлжилсээр... Хойд толгой дээр хэдэн айл “папришкаа” түлсээр байна.
1
Хүн төрөлхтөн агаарын бохирдлыг арилгах ганц л арга зам байгаа дээр санал нэгдээд байна. Энэ бол хийн түлш буюу бидний хэлж заншснаар Газ-ын хэрэглээг амьдрал ахуй, үйлдвэрлэлд нэвтрүүлэх. Ямар ч утаа тортог гаргадаггүй түлш хийнэ гэдэг юу билээ. Үүн дээр хотжиж бөөгнөрөөд нэгэн зууныг бүтэн туулаагүй байгаа нүүдэлчин монголчууд бид, зуухны гал, халуун илч хоёроос салж халаалттай байранд бүгд ортол хэзээ ч билээ. Тийм цаг ирнэ байх. Гэхдээ үүний наана хол, хэтийн хөгжлөө харсан зүйлийг бодож төлөвлөх хэрэгтэй юм.
1
Нэг зүйлийг гайхлаа. Манай хийн түлшний салбарын замнал 15-хан жилд хамаарах боловч сүүлийн жилүүдэд хэрэглээ нь жил бүр 30 хувиар өсч байгаа гэнэ. Энэ 15 жил нь Д.Баатаржав /”Дашваанжил” ХХК ны захирал/ гэх эр Монголдоо анхны Газ хийн түлшний станцыг угсарч ажилд оруулж байсан тэр цаг үеэс тоологдож байгаа юм байна.
Дээр дурдсанаар жил бүр утаагүй агаар, орчны бохирдолгүй хэрэглээ төр засгийн ямарч том дэмжлэг, хэдэн тэрбумын төсөл, сүржин яриагүйгээр нэг компанийн зүтгэл санаачилгаар жил бүр 30 хувь өсч байна гэсэн үг. Гэхдээ энэ хэрэглээ утааны гол цөм асуудал болоод байгаа гэр хороолол руу тийм их орохгүй байгаа юм. Хэрвээ гэр хорооллын энэ утаат зуухнуудыг хийн түлшээр /газ/ ажилладаг зуух мөн тийм халаалтаар солиод эхэлбэл агаарын бохирдлоос салах бодит дүр зураг бий болж эхэлнэ. Одоо нүүрс худалдан авч түлэхэд гаргаж байгаа мөнгөө төр ч, иргэн ч хэмнээд шууд хамар хорсгох гашуун утаанаас салж эхлэх нь тодорхой. Гэхдээ энийг хийхэд хэчнээн санаачлагатай байлаа гээд ганц компани хүч хүрэхгүй юм.
1
Хийн түлш нийлүүлэгч хэдхэн компаниуддаа төр хойд эх шиг хандаад байх шиг. Хийн түлшний асуудал хариуцсан хүн бодлого боловсруулагч гэж хэн ямар алба, албан тушаалтан байдаг нь тодорхой биш. Төр хийн түлшний салбарт мэргэжилтэн бэлтгэж, судалгааны баг гаргаж тэр бүү хэл агентлагийн хэмжээний газар ажиллуулах ёстой байх. Одоо байгаа хийн түлшний хэдэн компани ч хоорондоо уялдаа багатай, тэнцвэргүй орчинд зөрчилтэй үйл ажиллагаа явуулдаг нь харагдана. Энэ салбарт үйл ажиллагаа явуулдаг голлох компаниуд нь Дашваанжал, ЮниГаз, Горгаз зэрэг компаниуд нэрлэгддэг байна.
1
“ЮниГаз” нь Японы хөрөнгө оруулалттай, мөн тийм менежменттэй. “Дашваанжил” компани нь үндэсний компани. Түрүү засгийн үед сонин юм болж л байжээ. Хийн түлшний салбарт авто машин цэнэглэх монопол эрхийг ганцхан “ЮниГаз”-д өгч үндэсний компани болох “Дашваанжил”-ийг нь шахах бодлого ч явуулж байж. Үр дүнд нь өрсөлдөөн байхгүй болж чанарын нийлүүлэлтийн асуудал хяналтаас гарч хэрэглэгчид нь хийн түлш, галладаг зуух, бензин машины алийг сонгох уу гэдэг дээрээ сэтгэл хоёрдоод эхэлж. Нэг л өдөр Засгийн газрын шийдвэр гарч “Дашваанжил” компанийн түгээгүүрүүдийг мэргэжлийн хяналтаас лацдаад эхэлж байж. Гашуун бас хатуу дүр зураг. Бизнест улс төр, бүлэглэлийн нөлөө хутгалдсан ийм үе бидэнд байсаар л байна. Өнөөх ач хариулах намын нөлөө бизнест орсны харгай байсан байх. Гэтэл авто машинд газ шахах монопол эрх эдэлж байсан “ЮниГаз” монголын эдийн засагт юу үлдээж байсан бэ гэвэл бас хэцүү юм сонсогдоно. Гадаадын хөрөнгө оруулалттай юм болохоор оруулсан хөрөнгийнхөө хувийг авч байна гээд бүх ашгаа буцаагаад Япон руугаа татчихна, алдагдалтай баланстай яваад л байна. Одоо ч хийн түлшний салбараас үндэсний компанийг шахах, шударга бус өрсөлдөх, нэр хүндийг нь унагаах арга тактик ажлыг хийсээр байдаг гэсэн.
1
Нэгэн үе ад үзэгдэж гадаадын хөрөнгө оруулагчдын том нөлөөнд шахагдаж, түлхүүлж ирсэн “Дашваанжил” компани нь харин одоо хийн түлшний технологийн болоод хангалтын олон шинэчлэлийг бие даан хийж хийн түлшний салбарын нүүр царайг тодорхойлж явдаг болж. Тэд эх орондоо юм хийж байгаа болохоор хийж байгаа бүхэн нь энэ салбарын төлөө гэсэн сэтгэл зүтгэлийг тээсэн байж таарна. Үүн дээр захирал Д.Баатаржав амьдралынхаа 15 жилийг Монголд хийн түлшний салбарыг бий болгож хөгжүүлэхэд зориулж, энэ ажил, зорилгоор “өвчилж” ирсэн нэгэн байсан нь нөлөөлсөн ч байх.
1
Өнөөх утааны асуудлыг шийдэх тал дээр ч ажил эхлүүлжээ. 2004 онд Монгол улсад анх удаа автомашиныг хийн түлшээр цэнэглэх ажлыг эхлүүлж, 2008 онд анх удаа орон сууц барилга байгууламжийн халаалтад зориулж шингэрүүлсэн хийгээр ажилладаг DAEWOO фирмийн газ бойлерийг нийлүүлж эхэлжээ. Үүний дараа 2010 онд буюу бид өнөөх утаагүй зуухныхаа үлгэрийг ид ярьж тэрбум тэрбумаар нь мөнгө зоож байх үед “Дашваанжил” компанийнхан гэр ба жижиг байр сууцанд зориулсан хийн зуухыг захиалж хийлгэн нэвтрүүлж эхэлж. Төр үүнийг дэмжиж сүйд болсонгүй. Газ хэрэглээг нэг хэдэн хүний бизнес л гэж харсан уу, төрд гарсан өнөөх намын гишүүд олигархуудад үүнийг дэмжих нь ашиг унацгүй байсан уу, таг зөнд нь явуулаад байж. Тэр үед хөрөнгө хаяж байж хийсэн утаагүй түлшний билүү нэг үйлдвэр одоо ч босч эвлэж ажиллаагүй “ТЭЦ-2”-ийн хашаанд төмрийн цуглуулга болон хэвтсээр байна. Төсвийн хэдэн тэрбум төгрөгийг залгисан энэ мөнгөөр хийн түлш үйлдвэрлэгчдийг дэмжсэн бол, ядаж сурталчилгааг нь хийгээд өгсөн бол хэчнээн айл хийн түлшний халаалт хэрэглээг сонгон утаа, агаарын бохирдол хэдэн хувиар сийрсэн байх бол гэж бодоход харамсмаар.
1
Дэлхий нийт утаагүй болох, агаарын бохирдлоос хотоо, хүнээ аврах хамгийн зөв ганц зам бол хийн түлшийг нийтийн хэрэглээ болгох гэдэг дээр санал нэгдээд үүнийгээ өөрсдийн жишээгээр харуулсаар байна. Харин манай төр үүнийг хувийн бизнес гэж үзэн хүнийрхүү хандлага үзүүлж, хавчиж сүйд болоогүй ч дэмжиж гийгүүлсэнгүй явж иржээ. Тэгээд ингээд дэмжсэн гэж ярьж болох авч энэ нь утаагүй болно гэж үргүй ашиггүй цацсан мөнгөтэй харьцуулахад дэндүү жижигдэнэ.
Одоо ч хийн түлшний салбарын эргэн тойронд эрх зүйн олон зохицуулалт хийгдээгүй байсаар байгааг салбарынхан хэлсээр байна. Газ түлшний машин гээд хил гаалиар онцгой албан татваргүй орж ирсэн автомашин банкаа солиод бензин болчихоод агаар бохирдуулаад эхэлж байгаад ямар байгууллага, хэн гэдэг албан тушаалтан хяналт тавьж хариуцлага тооцох, айл гэр албан байгууллага, аж ахуйн нэгжүүдээр тарж байгаа хийн баллонуудын аюулгүй байдал, хадгалалт хугацааг тогтоож шалгалт тест явуулж байх ажлыг зөвхөн нэг компанийн нуруун дээр үүрүүлээд яваад байх уу, төр мөнгө гаргаж энэ хяналт тавих турших лабораторийг бий болгох уу зэрэг төрийн дэмжлэг оролцоотойгоор шийдэх олон асуудал бөөгнөрөөд байгаа талаар “Дашваанжил” компанийн дэд захирал Б.Сарангэрэл учирлан хэлж байлаа. Хийн түлшний салбарт төр оролцсон шиг оролцож дэмжсэн шиг дэмжих цаг болсныг энэ бүх яриа харуулж байгаа юм. Одоо хийн баллоныхоо ашиглалт аюулгүй байдал, хугацаанд хяналт тавьж баталгаа гаргаж байгаа ганцхан компани байгаа нь өнөөх анхдагч гэх “Дашваанжил” компани юм байна.
1
Гэр хорооллыг 8 бүсэд дахин төлөвлөж, Чингис бондын асар их мөнгө ийш урсч эхэлсэн. Тэрхүү дахин төлөвлөлт дотор нь хийн түлшийг айлуудад оруулах талаар бол нэг зураас ч алга байгаа юм. Энэ нь дахиад л өртөг өндөртэй хуучин дулааны халаалтын системтэйгээ зууралдан утаа бохирдол хоёроо авч үлдэх л ажлын тойрог болоод байна. Гэтэл энэ төсөлд Японы Азийн хөгжлийн сангаас том мөнгөний /1.5 их наяд ам.доллар/ дэмжлэг үзүүлэхээр болсон талаар яг одоо мэдээлж сурталчилж байна.
1
Гэхдээ энд утааг арилгах гол шийдэл байна уу. Дахин төлөвлөлтийг “дахин харж” утааг нэг мөр халах, эрчим хүчний хэрэглээний хомсдлоос гарах арга замыг харж тооцсон байдлаар хийх ёстой санагдана. Тэгвэл бид утааг ууршуулна. Зүгээр л байхгүй болгочихож чадах цаг ч ойрхон байна. Зуухгүй утаа гэж байхгүй, тэгвэл утаагүй зуух гэж ер нь байх уу. Харин утаагүй, агаарын бохирдолгүй хийн түлш гэж байна.
1
П.Баярхүү /тоймч/