Монголд ганц байдаг, урдаа барьдаг гээд цоллоод байвал уртаас урт гуншинтай болох ГССҮТ-ийн асуудал нам гүмхэн, хүлээлтийн байдалтай байна. Яамнаас томилсон даргаа хүлээн зөвшөөрөөгүй эмч нар ажил хаяна, халагдана, суулт зарлана гэх мэтээр элдэв тэмцэл хэрэглэсэн ч эцсийн зорилго нь шинэ даргын асуудал байсангүй. Харин эмч нарын амбиц байсан бололтой. Нэг газраа дөжиртлөө ажиллаж, элдэв но-той, ноцтой бүхэнтэй хамаатсан эмч нар шинэ зүйлээс цэрвэсэн ч байж болох. Хэсэг хугацаанд өвчтөн нь эмчээ хайж, эмч нар даргынхаа суудалтай зууралдсан ч одоо хэвийн ажиллаж байгаа бололтой. Бидэнд эмнэлгийн хэвийн ажиллагаа л чухал.
7
Харин одоо ГССҮТ-ийнхний элдэв аяглалын араас МУИС-ийнхан орж байна. Салбар сургуулиудыг татан буулгаж, дөрвөн том сургууль байгуулах удирдах зөвлөлийн шийдвэрийг эсэргүүцсэн багш нар маргааш МУИС-ийн нэгдүгээр байрны өмнө тайван цуглаан хийх гэнэ. ГССҮТ-ийн эмч нар тайван суусан бол МУИС-ийн багш нар тайван зогсох аж. МУИС-ийн шинэчлэл нэлээд дээрээс хийгдэж буйг БШУЯ-ны газрын дарга баталсан. Бүр МУИС-ийн өнөөгийн сургалтын систем, үйл ажиллагааг эмгэнэл хэмээн тодорхойлсон. БШУЯ-ны Стратеги бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Насанбаяр МУИС-ийг “аргацаасан, оюутны төлбөрийг аваад л байж байдаг хувийн сургууль шиг болчихсон” нь маш том эмгэнэл хэмээн ярьсан удаатай. Ор үндэсгүй үг биш. МУИС-ийн шинэчлэл багш нарт нэлээд хүчтэй цохилт болж болзошгүй. Учир нь нэг багшийг 30 оюутан сонгосон тохиолдолд хичээл заах эрх нь нээгдэнэ. Өнөөгийнх шиг оюутан хүссэн хүсээгүй нэг багшаар заавал заалгах албагүй. Багш нарын хувь заяа оюутнуудын гарт очих нь тэдний айдсыг төрүүлсэн байж ч болох. Харин шинэчлэл хийхийг эсэргүүцээгүй, арга нь буруу байна гэх мэтээр шалтаг тоочиж байгаа нь багш нарын хувьд өнгөлөн далдлалт байхыг ч үгүйсгэх аргагүй.
7
Ямартай ч ГССҮТ, МУИС хоёрт ижил төстэй зүйл олон байна. Тэд удирдлагаа төдийгүй салбарын яамныхаа бодлого чиглэлийг эсэргүүцэж байгаараа адил. Эмч нарын “но” илэрч, багш нарт өндөр шалгуур тавигдахаас айж байгаа нь ч төстэй. Бүр цаашилбал цалин хөлс нэмэгдэх бүрт хамгийн түрүүнд багш, эмч нар хамрагддаг ч тэд л цалингаа голдог, жагсдаг, лоозон барьж зогсдгоороо ч ижил.
7
Манайд хамгийн нэр хүнд муутай, сул дорой яамдаар эрүүл мэнд, боловсролын яамдыг нэрлэж болно. Шалтгааныг олон зүйлээр тайлбарлаж болох ч удирдлаганд нь байх ёстой байгууллагуудад илүү том толгойтой хүмүүс ажиллаж, гаргасан тушаал шийдвэрийг уландаа гишгэдэг учраас үнэ цэнэгүй, сул дорой мэт харагддаг. Нийтийн эрх ашиг гэсэн гоё үгээр халхавч хийж, хуучин, ужгарсан бүхэнтэй зууралдах сайныг авчрахгүй. Үнэн хэрэгтээ алхам хийж байж л алдаа оноог нь мэдэрнэ.
8
В.Хэрлэн