Нисэхгүй гээд байхад нис нис гэсээр байгаад нэгнийгээ дээш нь гаргаад дараа нь доош нь аймаар хурдан хүчтэй унагаадаг “но” улс төрд бий. Энэ хэллэг одоогийн МАН-ын дарга, хэдэн жилийн өмнөх МАХН-ын дарга асан байсан М.Энхболдын үед авторлогдсон улс төрийн шог драм. Тэрнээс хойш нэгийгээ нисгэж байгаад харваж тоглох нь бас аятайхан зугаатай байдаг юм гэж улстөрчид өөр зуураа хошигнох болсон.
6
Харин одоо Р.Амаржаргал гэж нэг хүн 76 бүлтэйгээ нисэхгүй гээд байхад “нис нис” гэж шахах хэлэлцүүлэг Төрийн байгуулалтын байнгын байнгын хороон дээр болж байгаа сурагтай. Ноён Р.Амаржаргал нислэгийн явцад бөөлжис нь цутгаж “би бууяа” гээд байхад хувин тэврүүлээд ч болсон цаашаа авч нисэх гэж намынх нь нөхдүүд ятгах гуйхыг хослуулаад байх шиг.
6
Тэр үнэхээр хариуцлага тооцьё, үлгэр больё гэж шийдсэн ч байж болно, өөр давхар нүүдэл, хол хараатай алхам хийж хожоо харсан ч байж болно. Тэр улстөрч хүн болохоор юу сэдэж, ямар өрөг тавьсныг цуг нүүж явсан намын нөхөд нь сайн мэдэж байгаа байх. Мэдэж байгаа учраас л буулгахгүй нисгэх гээд байж ч магад. Ард нь сулрах тойрогт азтай одтой аавын хүү биш, эсрэг талын адтай тоглогч орж ирээд суучих эмзэглэл бодитой байгаа болохоор АН гишүүнээ зуураад байна гэсэн таамаг ч бий.
6
Намынхан нь түүнийг зуурч байгаа тайлбар үндэслэл нь албан хэлбэрээр бол ард түмний нэг хэсгийн төлөө буюу Сүхбаатар дүүргийн сонгогчдын төлөө гэсэн тайлбар. Энэ үндэслэл мөн боловч гишүүнээс татгалзахад тийм их том тээг биш гэдгийг хүн бүр мэдэж байгаа. Буугаагүй байхад нь гарах гээд нэр усаа хавчуулаад гоё харагдаад эхэлсэн зүтгэгчид энэ дүүргийг төлөөлөөд хөгжүүлээд аваад явчих л юм. Тэгээд ч Сүхбаатар дүүргийг л хөгжүүлнэ гэсэн жалга довны сэтгэлгээгээр Р.Амаржаргал гишүүн УИХ-д суугаагүй учраас гарах гээд байгаа гэж ойлгогдсон. УИХ улс орны өмнө хүлээсэн үүрэг амлалт, зорилтоо хангаж ажиллах чадвараа алдаж байгаа нь гишүүнээсээ татгалзах шийд гаргасан гэж тэрбээр мэдэгдсэн.
7
Хуучны олон дурсамжаараа чимээгүйхэн мартагдах шахам сууж байх шиг харагдсан Р.Амаржаргал гишүүний гаргасан энэ цочмог шийдвэр нь улс төрийн тайзнаа өөрийн үзэгчтэй, дэмжигчид болон шүүмжлэгчидтэй болоод байгаа. Өөр гишүүдэд бол нэлээн мангардуу, эрсдэлтэй санагдах алхам нь түүнийг одоо УИХ-д магнаг торго гэдэг шиг үнэ цэнэтэй хүн болгоод байна.
6
АН-ын найз гишүүд нь бүгд л ийм үнэт капитал, ухаант хүнээ тавиад явуулчихвий гэсэн чин сэтгэлийн зовнилоо илэрхийлсээр байна. Харин түүний хэлсэн “...2013 оны төсвийг 20-30 хувиар өсгөөд байхад эвлэрээд баталж байсан Ерөнхий сайд, Сангийн сайд нар хариуцлага хүлээхгүй юм уу. Мөн ийм хөөсрүүлсэн төсөв баталсан УИХ дахь олонхийн бүлэг, Төсвийн байнгын хорооны дарга хариуцлага хүлээхгүй юм уу. Сөрөг хүчнийхээ амыг нь таглачихаад, бүлэг байгуулахгүйгээр 2013 оны төсвийг баталж байсан УИХ-ын дарга хариуцлага хүлээх үү...” гэсэн асуултад дэмжиж байна, би түүнтэй хамт гарья гэж дуугарах гишүүн гараагүй л байна. Намаа сайн “матаж” суудаг Ж.Батзандан гишүүнийг хамт гарья гэж доргиж магадгүй гэж сэтгүүлч нар ээрсэн ч өнөөх нь гадаад нөхөртэй “эхнэр” гишүүдийг намнаад завгүй.
6
Хариуцлага хүлээх тухай асуултад нам чимээгүй өнгөрсөн гишүүдийн энэ байдал нь бас нэг хариулт болж олон нийтийн сэтгэлд хүрсэн байгаа. Үүгээрээ Р.Амаржаргал гишүүний нисэхгүй гэсэн мессеж нийгэмд аль хэдийнэ үүргээ биелүүлсэн ч байж магадгүй.
6
Нэг гишүүнийг чөлөөлөх асуудлын цаана нэг дүүргийн эрх ашиг байгаа нь үнэн. Бас засаг төрийн нийтийн өмнө хүлээх хариуцлагын нэг үлгэр дууриал ядаж нэг удаа хэлбэрийн хувьд ч гэсэн бий болох нь алсдаа бидэнд эерэг тусгалтай хэрэг болох юм.
6
Гишүүдийг эргүүлэн татах хууль батлагдахыг хүлээлгүй, өөрөө саналаараа гараад ирж болдог шинэ жишиг тогтох уу, олонхоороо хашиж авч үлдээд хүчээр нисгэж болдог улс төр давтагдах уу. Үүнийг ирэх чуулганы хуралдаанаар бид өргөн олноороо харна.
6
П.Баярхүү /тоймч/