Өнгөрсөн долоо хоногт хэлэлцэх байсан асуудал энэ долоо хоногийн чуулган, байнгын хороодын хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд дахин зоогдов. Төрийн түшээд маань чуулган, байнгын хорооны хуралдаанаа хийхэд ирц бүрдээгүй тул хэлэлцэх асуудлууд ийн долоо хоногоор хойшилсон. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн долоо хоногт УИХ-ын гишүүдийн зарим нь ажлаа тасалснаас хууль боловсруулах дээд шатны ажил долоо хоногоор ухарч, цаг үеэсээ хоцорлоо. Хуучин он солигдож, шинэ оноо угтан авах гээд хүн бүр дор бүрнээ завгүй байгаа. Тэр дундаа энэ оны ажил хөдөлмөрөө дүгнүүлэх гээд төр, хувийн байгууллагын ажилтнууд дор бүр чармайж, мэрийж байх энэ үед гишүүд төрийн ажлыг цалгардуулан хурал хаяж байгаа нь даанч харамсалтай.
7
Парламентын ирц бүрдэхгүй байгаа нь төрийн түшээд сонгогч бидний “хаан” сонголтыг үл ойшоож, төр барилцан, саналын хуудас дээр үзэглэсэн баримтыг үл ойшоож байна гэсэн үг. Ер нь тэгээд сонгож чадсан хойно, буцаан татаж ч чадна шүү дээ. Хэрвээ сонгогч бид хүсвэл. Гэхдээ сонгогчид бид алсын хараа, мэргэн ухаан, улсаа боддог нийтлэг зантай улс. Тиймээс ирц бүрдээгүйн төлөө бүрдүүлсэн парламентын бүрэн эрхийн хугацаа дуусаагүй байхад яаравчлан татан буулгаад байхгүй нь тодорхой. Ирцээ бүрдүүлэхийн тулд Их Хурлын дарга хийгээд АН-ын дарга, Ерөнхий сайдад, эрх баригч хүчинд асуудлыг өөрөөр шийдэх арга заль байгаа хэдий ч эрх ашгийн зөрчил үүсээд байгаа биз. Ирцийг бүрдүүлэхгүй байгаа гишүүдийн дийлэнх нь эрх баригч хүчнийхэн. Яагаад гэвэл тэд энэ парламентад олон суудал авсан, төр, засгийн эрх барьж байгаа.
7
Эрх баригчид яагаад ажлаа хийхгүй байна вэ гэж гайхашраад байх зүйлгүй. УИХ дахь сөрөг хүчин, бие даагчдаас бусад нь бараг л Засгийн газарт. Засгийн газрын 19 сайдын хоёроос бусад нь /Эрүүл мэндийн болон Зам, тээврийн сайд/ УИХ-ын гишүүн. Үүн дотроо 14 сайд нь УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд. Яамд бүрт 1-2 дэд сайдын орон тоо байдаг. Анх танхимаа бүрдүүлэхдээ АН-ын дарга, Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Засгийн газрын бүтэц орон тоог нэмэхгүй” гэж мэдэгдэж байсан. Үүнээс гадна Монгол Улсын Ерөнхийлөгчөөс түүнд “Танхимаа бүрдүүлэхдээ УИХ-ын гишүүдээс олноор оруулахгүй байх”-ыг анхааруулж байлаа.
7
Харамсалтай нь өөрийнх нь ярьж байсан хийгээд өрөөлийн зөвлөгөө ч тусыг эс олж, ажил хэрэг болоогүй. Шинэчлэлийн Засгийн газрын танхим бүрдэхэд Ерөнхий сайдын үг, үйлдэл алд дэлэм зөрсөн байлаа. Бодвол сайдын албан тушаал горилсон эрхмүүд төрийн түшээгийн ажлаа ч давхар хийгээд явчихаж чадна гэсэн амлалт өгсөн л байлгүй. Ер нь манай төрд сонгогдсон түшээд сул гишүүн байхыг хүсээд байдаггүй. “Албан тушаал хүнийг чимдэг” гэдэг үгийг амьдралын мөрдлөгөө болгохыг хичээдэг. Тиймээс ч албан тушаалын гуншингаа үргэлжлүүлж “Монгол Улсын Их хурлын гишүүн, Монгол Улсын сайд” гээд л дуудуулах дуртай. Дур эзнээ голохгүй гэж энэ биз. Харин дурласан албаа нэр төртэйхэн шиг биш юмаа гэхэд намын дарга, Ерөнхий сайдынхаа чихийг халууцуулахгүйхэн шиг аваад явчихбал барав.
7
Сайд гишүүд харамсалтай нь гүйцэтгэх засгийн ажилдаа түлхүү анхаараад хууль боловсруулах төрийн албыг удаад нь тавиад байгааг хэрхэх вэ. Үүнээс болоод хууль тогтоох байгууллагын ажил долоо хоногоор тасрав. Тодорхой шалтгаангүйгээр хуралдаан тасалсан гишүүдэд авах арга хэмжээ спикерт алга. Ер нь УИХ-ын даргыг “ангийн дарга”-тай л зүйрлэдэг. Тиймээс ч ангийн даргад хэн нэгийг улираах эрх байдаггүй шүү дээ. Засгийн газарт бол энэ байдал өөрөөр үйлчилнэ. Хэрвээ сайд нар ажилдаа хариуцлагагүй хандвал эхний ээлжинд анхааруулга өгнө, дараа нь шууд огцруулж ч болно. Тиймээс л хууль тогтоогчид сайдын ажилдаа анхаараад байгаа даг.
7
Эдүгээ УИХ-ын гишүүн сайд нарыг татаж, гаднаас томилоё гэсэн мэссеж Ерөнхий сайд руу чиглэх болсон. Үүнтэй зэрэгцээд сайд нарыг дахиж томиловол тэд салбартайгаа танилцах, энэ тэр гээд ажлыг хойш чангаана гэх “хамгаалалт” ч давхар яригдаж байна. Ирэх оны төсвийг батлахдаа “төсвөө таная, бүсээ чангалъя” гэж Ерөнхий сайд ярьж, бичиг цаас, гадаад томилолт, тавилга сав зэрэг хангамжийн хэсгээс багахан танасан. Ерөнхий сайд улсын төсвийг танаж байна гэж нүглийн нүдийг гурилаар хуурахаар төрийн ажлыг тасалдуулаад байгаа сайд нартаа хариуцлага тооцон, танасан шиг танаж, хямгадсан шиг хямгадмаар юм.
7
УИХ-ын гишүүн сайд нарыг татан буулгаад, дэд сайд нарыг нь дээш татвал ямар вэ. Яамдууд дэд сайдгүй л болно биз. Дэд сайдын ажлыг Төрийн нарийн бичгийн дарга нар нь гүйцэтгээд явчихна. Хэрвээ сайд гишүүдийг Засгийн газраас чөлөөлчихвөл наанадаж, чуулган, байнгын хорооны хуралдааны ирц бүрдэнэ. Цаашлаад улсын төсөвт хичнээн хэмнэлттэй байх билээ. Зөвхөн хангамжнаас хэдэн тэрбумаараа хэмнэгдэж байгаа юм чинь нэг сайдыг орон тоог хасаад цалин хангамж, туслах, унаа тэрэгний зардал гээд ёстой нэлээд хэдэн тэрбум хэмнэгдэх биз. Одоо сайд бүр л тал бүрийн хангамжтай байгаа. Хэрвээ энэ асуудал хэлэлцэгдвэл сайд гишүүд бусаддаа тендэр энэ тэр амлаад, сул гишүүд нь лоббид автаад хэлэлцэхгүй байх ч магадлалтай. Ямартай ч төсвөө хэмнэе, төрийн ажлыг хэвийн явуулъя гэвэл “хос морьтой” гишүүдээс эхэлж хариуцлага тооцчихвол зүгээрсэн. “УИХ-ын ажлыг тодорхойгүй тасалсан гишүүн сайд нарт хариуцлага тооцно” гээд Дэгийн хуульд онцгойлоод заачихсан ч болохгүй зүйлгүй дээ.
7
Н.Энхлэн