-Бодлогын бохирдол-4-
.
Бид улс төрийн тогоо гэж нэг зүйлийг ярьдаг болсоор уджээ. Улс төрийн гэх бүлгийн нэрийг авсан энэ тогооны хэм хэмжээ хэрээсээ хэтэрч “төр” гэх түмэн олны тогоотой хутгалдсан. Энэ тогоон дотор “элдэв зураг” гэдэг нь жинхэнэ утгаараа болсоор ирлээ. Амлалт хэрхэн нэрэх, улс төрийн эрх мэдлийг яаж олж авах, хэрхэн төрийн албанд орж татвар төлөгчдийн мөнгөөр түргэн баяжих, хэнийг намируулж хэнийг унагаах, төрийг төсөвтэй нь халаасандаа яаж хийх гээд түмэн зүйлийн хар жор энд бий.
.
Ерээд оны эхэнд бол энэ тогоо руу өнгийх байтугай яваад орчиход тийм их хэцүү байгаагүй. Их мөнгө хаях ч хэрэггүй байсан. Гэтэл ард түмнээс татвар авах замаар нийт нийгмийн хоолны жорыг гаргах учиртай энэ тогоог улс төрийн намууд өмчилж хувьчлах ажлаа эрт 2000 оноос эхлүүлсэн. Эндээс эхэлж нийтийн тогооны ам руу өнгийх авирах шатыг сунгаж тогооны амсарт хүрэх шатных нь гишгүүр бүр нь тэрбумаар үнэлэгдэж эхэлсэн. Авираад гараад ирсэн ч тогоо руу орох зай завсар улам багасаж, дандаа битүү нөхцөлд хэдхэн олигархид зориулсан төсвийн махаар чихэж чимхсэн бууз жигнэдэг болсоор удаж байгаа. Энэ халуун амттай буузыг намын угшилтай нөлөө бүхий хэдхэн улстөрч, түүний ах дүүс, найз нөхөд л хувааж цохих ба иргэд бол үнэрэнд нь цадаж байхад л болох юм.
_
Тогооны домог ингээд дуусахгүй. Улс төрийн амьдралын тогооны хажууд салбарласан бас дагуул нэг том тогоо бий болсон нь УИХ гэх 76 хольцтой парламентын тогоо. Хятад цахилгаан тогоо “тог” их идэж өрхийн эдийн засагт гарлагатай байх бол энэ 76 гишүүний тогоо эсрэгээрээ эх орондоо хэмнэлт, иргэддээ эрх зүйн баталгаа, амьдрах таатай орчинг өгдөг байх ёстой. Энэ тогоонд аль намын орц давамгайлсан байна түүнээс хамаарч гомдогсод ба баярлагсад нь тодорхой байдаг. Сүүлийн 10-аад жил МАХН ба МАН гэдгээс давамгайлсан хорчид энэ тогоонд эзэн сууж байсан бол хажууд нь хачир болж явсан АН одоо эзэн сууж ерөнхий жорыг гаргаж байна. Энэ тогоон дотор гаргасан шийдвэр бүрт шахуу гомдол нэхэлтэй явдаг болсон хольцууд ч бий. Тэд өөрсдийгөө сөрөг хүчин гэж нэрлэдэг.
_
Өөрийн оруулсан хувь нэмэр, өргөсөн татварын хэрээр төрийн том тогооноос хувь хүртэх ёстой иргэд дэндүү доор, бүр газарт үлдсэн байгаа юм. Анх энэ тогоо нь газар дээр байсан ба улстөрчид иргэдийнхээ дунд тулгын чулуугаа тавьж галаа өрдөн хар цайгаа даргиаж хувааж уусан байдаг. Тэр үед улстөрчид цаашдаа энэ тогоонд чанасан, болгосон бүхнээ ард олонтойгоо хувааж идэж ууна гэсэн. Цаг явах бүрт энэ амлалт цаашилж цөөн хэдэн мөнгөтэй нь суурь цутган тогоог дээш нь өргөж эхэлсэн. Ингээд тогоог их дээр хэдхэн хүнийх болгож зөвхөн улс төрийн намын гагнаж хадсан тусгай шатаар тогоо руу өгсөж идэж ууж болдог журам гаргасан юм.
_
Одоо тогоо нь хэтэрхий их дээр байрлах болсон тул иргэдэд өгөх юмыг нь шууд гараараа өгөхөд хэцүү болсон. Тийм учир иргэдийн дээрээс төрийн хишгийг бага багаар зүгээр л хаяж өгч эхэлсэн. Гэтэл өнөөх төрийн жоохон хишиг дээрээс хаясанаар бүтнээрээ иргэдийн гар дээр бууж ирэх нь үгүй боллоо. Дээрээс төрийнхөн “шидлээ шүү, иргэдээ аваарай” л гэдэг. Иргэд алгаа тосоод хүлээгээд байдаг, таг байдаггүй хэдхэн юм унаж ирнэ. Тал нь байхгүй. Тэгсэн агаарт бас хорогдох ёстой журам гарсан байж. Дээрээс хаясан өнөөх хишгийг нь төрийн тогооны амыг тойрон суух түшмэдүүд гэх овжин нөхдүүд замаас нь шүүрч авч залгидаг болж. Үүнийгээ бараг албажуулж “агаарын хорогдол” гэдгийг бий болгожээ. Жирийн иргэд, бизнесүүд хуваарилсан төрийн хишиг боломжийг шүүрэгч энэ бүлгийнхэн маш сурцтай болсон бөгөөд төсвийн хөрөнгийг замаас нь тонших энэ хулгайдаа сэтгэл ханаж, гэдэс цадсан тул дахиад дээшээ авирах гэж зүтгэхээ ч больсон. Жин нэмсэн тул амьсгаа дээрдэж замдаа шатан дээрээ эвшээж сууцгаах болсон. Тэднийг АТГ гэх харцага шувуу шүүрэхээр үе үе шүнгэнэн дайрах боловч дээр тогооны тагны завсраар сийгэх халуун ууранд цохиулж дальдран буцна.
_
Шүүрэгчид цаашид энэ мэт зүгээр суугаад байвал АТГ, цагдаа, прокурор зэрэг харцага бүргэдийн хоол зууш болох эрсдэлтэй тул хөрөнгө зоорио нэмж байгаад бүгдээрээ нийлж нисдэг тэрэг захиалаад түүгээрээ дээрээс татуулж өнөөх 76 хольцын буцлаад байгаа тогоо руу шууд дээрээс нь яваад орчих нарийн зөв арга бодчихсон гэж байгаа. Ийм нисдэг тэргийн анхны загварыг 2012 онд бий болгож туршсан ба үүнийг жагсаалтаар гэж эрэмбэлсэн. Төлбөр тооцоон дээр бол асуудалгүй тэдний шүүрсэн хураасан жоохон юм дэлхийн баячуудыг ч атаархуулж байгаа. Дараагийн ийм татаж авдаг нисдэг тэргийг нь гадаад дотоодын хөрөнгөтнүүд угсарч эхэлсэн бөгөөд 2016 оны хавар агаарт шинэ загвар нь хөөрөх юм. Яг энэ үед л тогоо руу багтаж орохгүй бол дахиад 4 жил таг нь хөндийрөхгүй болж өнөө хэд хэдүүлэхнээ битүү буузаа жигнэж эхлэх юм.
_
20-оод жилд улстөрчдийн энэ тогоонд хутгасан хуурсан юм нь амт илчлэгтэй хоол байсан гэхээсээ харшил өгөх сөрөг мэдрэмжийг нийгэмд даанч их төрүүлсэн байдаг. Жилд 17 мянга нь ажлын байртай хэрнээ 35 мянган дээд боловсролтон бэлтгэдэг сургуультай, баялгаа өгсөн хэрнээ өрөнд, барьцаанд орчихсон байдаг уул уурхайтай, гадаад зах зээл болон валютын хамааралд орчихсон, улс нь үндэстний эдийн засаггүй, зөвхөн гадны барааг авчирч хэрэглэдэг зах зээл болсон. Энэ зах зээлд импортын бараа иргэддээ “шахагч” нар бол өнөөх тогоон дотор буцалдаг тэрбумтнууд л байгаа юм. Тэд улс төрийн тогоогоо төрийн тогоон дотор хагалж хачин сонин жор хутгасан ба энэ цагаас ТӨР бодлогын бохирдолд орж тэр нь олон салбарт цаашлаад бүр агаарт хүртэл тархаж, одоо амьсгалаар минь дамжин биднийг хордуулж байна.
_
Төр гэх том тогоог минь дундаа хийсэн улс төрийн намынханд гэдэргээ гэж хэлье.
.
Иргэд бид төрийн тогооноос үнэр орсон хор, хольц бүрийг сугалж гаргах ёстой. Тогоон дотроо зодоонгүйгээр үүнийг бид хийж чадна. Үүнд удахгүй хэлэлцэгдэх Улс төрийн намын тухай хуулийн төсөлд хүн бүр анхааран үг саналаа дайх ёстой. Тамын тогоо бол улстөрчдийнх байж болно. Харин төрийн минь тостой тогоо түмэн олны амыг тосолж байх учиртай.
.
П.Баярхүү /тоймч/
Уншиж байна |