Нэгэн танил маань фэйсвүүк хуудсандаа “Өнөөдөр 9911... дугаартай төрийн лут даргатай ярилаа. "Таны овгийн үсэг юу билээ?" гэсний хариуд "Би цаадуулд чинь хэлээд өгчихсөн байгаа" гэдэг бүтэн өгүүлбэрээр хариулав. Тэрбээр төсвийн мөнгөнд яг ингэж үрэлгэн ханддаг байх тээ” гэсэн пост үлдээсэн нь нүдэнд тусав. Ганцхан үсэг хэлэхэд л хариулт хангалттай байв. Төрийн алба хүнд сурталтнаар дүүрсний энгийн жишээ энэ. Саяхан нэгэн агентлагийн даргаас яриа авах санаатай залгаж “Сайн байна уу” гэтэл өмнөөс “аанхаан” гэсэн хариултыг өгсөн. Ядаж л хүнтэй мэндэлж сураагүй хүмүүс төрийн албанд ажилладаг нь өрөвдөлтэй. Төрийн алба гэдэг “Тэнгэрийн амьтан” болохын нэр биш. Харин ард түмэнд үйлчлэх үүрэгтэй үйлчлэгч.
7
Дарга нь мэргэжилтнээ зодов, ажлын байрандаа архидан танхайрчээ, ажилтнаа үндэслэлгүй халсан, ажил үүргээ гүйцэтгэж явсан нэгнийг албан тушаалаар далайлгасан гэх мэтээр төрийн албаны хүнд сурталтнуудын балаг дуусахгүй. Өөрийн гар хөл, хэл амаа захирч чаддаггүй хүмүүс бүхэл бүтэн газар, агентлаг, яам, хэлтэс удирдана гэдэг ой ухаанд багтамгүй санаа. Хамгийн сүүлд Гадаадын иргэн харьяатын асуудал эрхлэх газрын дарга Б.Пүрэвдорж төрийн албаныхны тэнэглэлийн жишээ болов. Тэрбээр “1990 оноос хойш Монголын эдийн засаг хүнд байхад гадаадыг зорьчихоод, одоо иргэншлээ сэргээж байгаа иргэдэд, монгол хүүхдүүдийг үрчилж авсан харийнханд хүнд сурталтай хандана” гэж эрээ цээргүй үнэн төрхөө илчлэв. Хүний амьдралын асуудал цаашлаад Монгол төрийн өмнөөс Монголын иргэнд хүнд суртал гаргадаг Б.Пүрэвдорж гэгч хэн бэ. Хийсэн ажил, байгуулсан гавьяа байхгүй учраас хэн ч түүнийг мэдэхгүй. Харин авашгүй үйлдлээс нь андахгүй мэднэ. “Aero Mongolia” компанийн ажилтанд зүй бус авир гаргаж, ажлаас нь ч халуулж байсан. Энэ үйлдлээ “Дарга байлаа гээд үндсэн характераа нуултай биш дээ” гэж тайлбарласан нь хаана ч уурлаж, хэнийг ч зодож нүдээд явна гэсэн үгтэй агаар нэг. Ингэж удаа дараа зүй бус үйлдэл гаргасан албан хаагчдаа Монголын төр сахилгын арга хэмжээ авчээ. Ингэхдээ зургаан сарын турш цалинг нь 20 хувиар бууруулах гэнэ. Жирийн бид үг үсгийн алдаа гаргасныхаа төлөө ингэж шийтгүүлдэг байсан сан. Гэтэл төрийн албан хаагчийн зүй бус үйлдэл, хэнэггүй хэл ам зузаан хэтэвчний өчүүхэн хэсгээр хэмжигдээд өнгөрөх нь. “Хүн биш цагдаа” гэж хэлэх гээгүй ч төрийн албыг хариуцлага, ёсзүй дагаж явах нь зүйн хэрэг.
7
Хаалганаас эхлэн ханхлах хүнд суртал, ёс зүйгүй авирыг 160 гаруй мянган төрийн албан хаагчдад нялзаахыг хүсээгүй ч нийтлэг дүр төрх гэдгийг хэн хүнгүй мэднэ. Танил тал, ар өврийн хаалга, томоохон ажил алба бичээгүй үнэмлэхгүй л бол төрийн албан хаагчаас мэндийн зөрүү ч авч чадахгүй нийгэмд амьдарч байгаа нь бодит үнэн. Төрөхдөө л төрийн албан хаагч байсан мэт аашлах тэр хүмүүсийн балгаар өчнөөн олон хүн төрийн үйлчилгээ авч чадахгүй халширч суугааг тэд мэдэхгүй. Хүйтэн хөндий хүнд суртлын хана мөргөхөөс зайлсхийдэг байсан бол одоо нударган дарга нарын гудамжны зангаас эмээж явах шаардлага гарах нь. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд Төрийн ордонд гоё сайхан зүйл яриад ч нэмэргүй. Учир нь ярьсан зүйлийг нь хөрсөнд буулгах төрийн албан хаагчид гоё сайхныг нь хараар будчихдаг юм. Б.Пүрэвдоржийн хэлдгээр хүн учраас төрөлх зангаа нууж дарж чаддаггүй юм байж. Тэгвэл Монголын төр хариуцлагаа чангалж бас болно. Анхны гээд сахилгын арга хэмжээ авч болох ч удаа дараагийн үйлдэлд толгойг илэх нь төрийн албаны нэр хүнд доош унахаас өөрийг авчрахгүй.
7
В.Хэрлэн