Алтан медаль атгаж улсынхаа нэрийг тив дэлхийд гаргаж яваа гавьяатнууд байхад энд ажлаа таслаад нэрээ гаргаж яваа Их хурлын гишүүд байсан талаар гомдол дайж 7 хоногийг тоймлоё.
6
Байнгын хороодын хурал хойшилсоор байх уу
Төрийн түшээд хуралдаа хойргошин ажил таслалт ихтэй байсан нь өнгөрөгч 7 хоногт мөн л хэвээр. Ерөнхийлөгчтэйгээ барьцаад байгаарай гэж баалсан Ц.Нямдорж гишүүний үг хорон ч гэсэн үнэн байлаа.
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан нэг биш удаа гишүүдийн ирц бүрдээгүйгээс болж цуцлагдлаа. Төрөөс мөнгөний бодлогын талаар 2013 онд баримтлах Үндсэн чиглэл, Төв банкны тухай хууль болон Монголбанкнаас Засгийн газартай хамтран хэрэгжүүлж байгаа дэд хөтөлбөрүүдийн хэрэгжилтийн явц байдал гээд танилцаж, дүгнэлт гаргах, цаашид авах арга хэмжээний талаар шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлтийг сонсох байсан. Арай гэж ирцийн босго давуулж цуглан залхуутай хэлэлцүүлэг өрнүүлэх төрийн ордны дотоод дүр зураг олон нийтэд тийм таатай санагдахгүй байх шүү.
6
Баялаг бүтээх залуучуудын цалинг нэмлээ
Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд суралцагчдын суралцаж байх хугацаанд 35 мянган төгрөгийн тэтгэлгийг сар бүр олгодог байсан бол хоёр дахин нэмэгдүүлэн 70 мянга болгожээ. Монгол Улс үндэсний мэргэжилтэй ажилчин бэлтгэх хөтөлбөрийг 2011 оноос хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд 2011, 2012 онууд тус бүр 3300, 2013 онд 6600 хүнийг мэргэжил эзэмшүүлэн хөдөлмөрийн зах зээлд гаргажээ. 2014 оны хувьд ч мөн адил үндэсний мэргэжилтнээр 6600 хүнийг бэлтгэх бөгөөд эдгээр суралцагчид 70 мянган төгрөгийн тэтгэлэгт хамрагдах боломжтой болж буй юм.
Хөдөлмөрийн яамны мэдээлж буйгаар улсын хэмжээнд мэргэжлийн боловсрол, сургалтын нийт 78 байгууллага үйл ажиллагаагаа эрхэлж байгаагаас 66.7 хувь нь төрийн өмчийн, 33.3 хувь нь төрийн бус өмчийнх аж.
6
Мах нөөцлөгдөж байна
Нөөцийн мах бэлтгэх ажил 65 хувьтай боллоо гэж мэдээлэгдлээ. Урьд нь нэг удаа 70 хувь болсон гэж яригдсанаа засвар орж 65 хувь болсон байна. Бодвол чанаргүй мах байсныг хасч дахиж тоолж үзсэн юм байлгүй дээ. Энэ жилийн нөөцийн махны 87 тэрбум төгрөгийн 80 хувийг Монголбанк, 20 хувийг оролцож байгаа байгууллага санхүүжүүлэх гэнэ. Өнөөдрийн байдлаар нөөцийн махны санхүүжилтийн 70 хувь нь банкинд шилжсэн байна. Харин Улаанбаатар хотод 65 хувийн нөөцийн мах бэлтгэгдээд байгаа гэлээ.
6
Монгол гэр ЮНЕСКО-д бүртгэгдлээ
Азербайжан улсын нийслэл Баку хотноо болсон Соёлын биет бус өвийг хамгаалах ЮНЕСКО-гийн Засгийн газар хоорондын хуралдаанаас монголчууд дахин нэг сайхан мэдээ дууллаа. Энд Монголын уран бичлэг ЮНЕСКО-гийн өвд бүртгэгдсэн бол мөн Монгол гэрээ бүртгүүлсэн тухай албаныхан мэдээллээ. ЮНЕСКО-гийн Хүн төрөлхтөний соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалтад 31 орон өөрийн соёлын биет бус өвийг нэр дэвшүүлэн өрсөлдсөнөөс ийнхүү Монгол гэр бүртгүүлсэн байна. Ингэснээр монголын түүх, соёлыг илтгэх зургаан биет бус соёлын өв ЮНЕСКО-д амжилттай бүртгүүлж чадлаа.
6
“чин” дагаврыг “архи”-наас салгаж баялаг бүтээгчдэд өмчлүүлнэ
Архинд хэт хамааралтай болсон харанхуйгаас яаж гарах тухай “Архины хор хөнөөлийг буууулахад бүх нийтийн оролцоо” сэдэвт үндэсний чуулган Төрийн ордонд боллоо. Чуулганы төлөөлөгчөөр сонгогдсон 100 төлөөлөгч цөм эрчүүд байсан ба архийг хаяж ялж чадсан залуус байжээ. Харин урилгаар хэдэн бүсгүй ирсэн байсан нь хүний төлөө тэр дундаа эрчүүдийн эрүүл мэнд, сайн сайхны төлөө сэтгэл гарган ажилладаг бүсгүйчүүдийн төлөөлөл байж. Чуулганд Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Сосормаа, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга, Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа, Боловсрол шинжлэх ухааны дэд сайд Б.Ургамалцэцэг нар биечлэн оролцож, архины хамаарлаас ангижирч чадсан эрчүүдэд баяр хүргэхийн зэрэгцээ хойшид тэдний үлгэр дуурайллыг хэрхэн нийгэмд дэлгэрүүлэх талаар ярилцаж, салбар бүртээ архидалтыг бууруулах чиглэлээр хийх ажлаа танилцуулсан юм.
Энд архичин, архинаас гарах гэдэг хоёр үг утгаараа буруу гэдгийг залуус онцлов. Учир нь монгол хэлний “чин” дагавар баялаг бүтээгчдэд хамааралтай байдаг бөгөөд барилгачин, малчин, үсчин дунд архичин, тамхичин гэсэн буруу хэллэг байдгийг халах ёстой гэв. Харин ч архи үйлдвэрлэгчдийг л архичин гэж нэрлээд архи ууж, алдаж буруудаж яваа тэднийг архины хамааралд орсон гэж тодотгоод тэрхүү хамаарлаас гарахад нь нийгмээрээ туслах учиртайг сануулав.
7
Налайхад осол гарч сануулга өглөө
Налайх дүүрэгт байрлах уурхайд осол гарч, хүний амь эрсэдлээ. Тус дүүрэгт байрлах Баялгийн хонхор нэртэй газар ашиглаад орхисон уурхайн аманд хувиараа нүүрс гаргаж байсан 31 настай эрэгтэй шороонд даруулан нас барсан байна. Хүн шороонд дарууллаа гэсэн дуудлагын дагуу Уул уурхайн яамны харьяа Уул уурхайн аврах албаныхан ажиллаж, нас барсан эрэгтэйн цогцсыг гаргасан байна.
Налайхын уурхайд энэ сарын 1-ний 23.00 цагийн орчим мөн хувиараа нүүрс олборлож байсан таван хүн дарагдсан дуудлага иржээ. Азаар хүний амь эрсдээгүй бүгд эсэн мэнд гарчээ.
6
Ерөнхий сайд буруугүй гэв
Ерөнхий сайд сэтгүүлчидтэй уулзалт хийж Засаг дарга нарыг тойрсон хямралд өөрийгөө буруугүй гэлээ. Дорнод аймгийн Засаг даргад нэр дэвшигч М.Бадамсүрэнгийн гомдлыг Захиргааны хэргийн шүүх авч хэлэлцээд 2013 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр гаргасан 139 дүгээр тогтоолоор М.Бадамсүрэнг Дорнод аймгийн Засаг даргад нэр дэвших хуулийн шаардлага хангаагүй гэж үзсэн. Хөвсгөл аймгийн Засаг даргад нэр дэвшигч Л.Ганболд гомдлоор Нийслэлийн захиргааны хэргийн шүүх 2013 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хуралдаж, Л.Ганболд нь нэр дэвшигчийн шаардлага хангаагүй болохыг тогтоож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон. Эдгээр аймгууд Иргэдийн төлөөлөгчдийн хурлаараа Засаг даргад нэр дэвшигчээ тодруулаад ирүүлбэл, нэр дэвшигч нь хуулийн шаардлага хангаж байвал батламжлахад бэлэн гэдгээ хэлээд дээрх аймгийн Засаг дарга нар томилогдохгүй удаж байгаа нь Ерөнхий сайдаас шалтгаалсан зүйлгүй гэлээ.
6
Агаарын бохирдолд 67 тэрбум төгрөг зарцуулаад байна
Сар бүхний эхний долоо хоногийн пүрэв гаригт Ардчилсан намаас сэтгүүлчидтэй хийдэг 4:11 уулзалтаа ТЭЦ-II цахилгаан станцад хийжээ. Энэ удаагийн уулзалтын сэдэв нийслэлийн утаа байсан юм. Уулзалтад Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун, Уул уурхайн яамны Түлшний бодлогын хэлтсийн дарга А.Эрдэнэпүрэв, АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь болон ТЭЦ-II дулааны цахилгаан станцын удирдлагууд оролцлоо.
2010 оноос нийслэлийн утааг багасгах зорилгоор Агаарын чанарын алба, Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хороо зэрэг олон байгууллага утааны эсрэг тэмцэж эхэлсэн. Монгол Улсын Засгийн газрын тусгай сан буюу Цэвэр агаарын санд 2011, 2012, 2013 онд улсын төсвөөс нийт 92.5 тэрбум төгрөг төсөвлөж байснаас 2013 оны аравдугаар сарын 1-ний байдлаар нийт 67 тэрбум төгрөгийг зарцуулсан байна. Үр дүн нь юу байв. Товхондоо, утаа 20 хувь буурсан гэж байгаа.
7
Намууд өмчгүй байхыг хуульд тусгах ёстой гэв
Төсвийн хөрөнгийг намын хувийн өмч шиг завшиж завхруулдаг болсон намуудыг /үнэндээ хоёр л нам байгаа гэдэг/ цэгцэлж тэдний бохир гарыг төрөөс салгах амин чухал хуулийн төсөл дээр бие даагчид саналаа хэллээ.
Бие даагч гишүүд болох С.Ганбаатар, Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун нар улс төрийн намуудын тухай хуулийн төсөлтэй холбоотойгоор байр сууриа илэрхийлэв. УИХ-ын гишүүн С.Ганбаатар “Намын хатуу гишүүнчлэлээс болж монголын ард түмэн хоёр хуваагдаж талцаж байна. Энэ бол хүсдэг зүйл биш. Үүнээс татгалзах хэрэгтэй. Хоёрт, намуудын санхүүжилтийг эргэж харах цаг болсон. Сонгуулийн үеэр улс төрийн намууд компаниудаас маш их мөнгийг хандив нэрээр авч, ялсныхаа дараа юм уу, төсвийн мөнгөөр ач буяныг нь эргүүлж хариу барьдгийг зогсоох ёстой. Гуравт, намууд өмчгүй байх, түрээсийн байранд үйл ажиллагаа явуулах, намууд ард түмний төлөө үйлчилгээ үзүүлэх гэж байгаа бол төсвөөс санхүүждэг байх, улмаар ард түмний талд сайн шийдвэр гаргадаг болох зэрэг зохицуулалтыг тус хуульд тусгаж өгөх шаардлага байна. Энэ бүхэн бол бусад оронд байдаг жишиг. Үүнийг бие даагч гишүүдийн зүгээс санал болгож байна” гэсэн юм. Мөн намууд компаниудаас дэвшүүлсэн бодлогын хүрээнд дэмжлэгийг авч ажилладаг бодлогын байгууллага болох асуудал ч чухал гэлээ.
6
Тэд амжилтаа дархалсаар байна
БНСУ-ын Чежү аралд болж буй жүдо бөхийн “Гранпри” тэмцээний эмэгтэйчүүдийн 52 кг-ийн жинд өрсөлдсөн Гавьяат тамирчин Мөнхбаатарын Бундмаа алтан медаль хүртлээ. Гавьяат маань алтан медалийн төлөө БНСУ-ын тамирчин Юн Ен Жунтай барилдаж, 4.42 минутад цэвэр ялсан юм. Энэхүү уухайг өргөж маргааш нь -100 кг-ийн жинд Монгол Улсын гавьяат тамирчин, Хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаяр алтан медаль хүртлээ.
Олимпийн алт, мөнгөн медальт Н.Түвшинбаяр эхний тойрогтоо хийлж, дараагийн барилдаанд БНСУ-ын Ким Жинунийг цэвэр ялсан. Улмаар медалийн төлөөх барилдаанд Канадын Кайл Райсийг мөн цэвэр ялснаар алтан медалийн төлөө Украйны тамирчинтай шалгараад байсан юм.
БНСУ-ын Чежү аралд болж буй 2013 оны жүдо бөхийн отгон “Гран при” тэмцээнд манай улс 19 тамирчин илгээснээс хоёр алтыг хослууллаа.
Тэд гавьяат тамирчин гэдэг алдар хүндийг дахин дархалж, ард түмнийхээ хайр хүндлэлийг дааж чадлаа.
6
П.Баярхүү /тоймч/